| |
Нэгэн авъяаслаг сийлбэрчний тухай
Сийлбэр урлана гэдэг хүн болгоны гарын үзүүрээр хийх ажил биш. Тиймдээ ч хүн төрөлхтөнд авьяаслаг сийлбэрчин цөөхөн. Иймдээ ч асар их ур ухаан, чадвар шаарддаг, нарийн мэргэшил болдог. Ялангуяа бодгаль хүн амьтны анатоми бүтэц, хөдөлгөөн дунд нь модоор сийлж гаргана гэдэг үнэхээр нарийн чимхлүүр ажил.
Лондон хотноо 10-р сарын 21-нд Европын хамгийн нэртэй үзэсгэлэн Parallax Art &Design болсон. Энд 38 орны 150 уран бүтээлчийн бүх чиглэл, урсгалын зураг, дизайны зохиомж, уран баримал зэрэг 200 уран бүтээл тавьж, 44000 үзэгч сонирхжээ.
Эндээс Монголоос оролцсон сийлбэрч М.Ариунбаярын модон сийлбэр уран бүтээл нь үзэгчдийн сайшаал сонирхлыг хамгийн ихээр татжээ.
Иймээс М.Ариунбаярт үзэсгэлэн зохион байгуулагчдаас дараагийн олон улсын үзэсгэлэнд оролцох захиалга болон London International & Awards буюу Лондонгийн 2018 оны олон улсын үзэсгэлэнгийн шалгарсан бүтээлд олгох шагналын комисст шүүгчээр болон өөрийн уран бүтээлээр давхар оролцох урилга гардуулсан болно.
М.Ариунбаяр нь энэ олон улсын үзэсгэлэнд анх удаа оролцон өндөр амжилт гаргалаа. Үүний өмнө 10-р сарын 05-нд Англи дахь МУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ.
Түүний сийлбэрийн уран бүтээлээс товч танилцуулья.
М.Ариунбаярын анхны бие даасан сийлбэрийн уран бүтээлийг дэмжиж, олон нийтийн хүртээл болгосон Англи дахь МУ-ын ЭСЯ-ны хамт олонд баярлалаа. Зүүн гар талаас ИБУИНВУ-д суугаа МУ-ын бүрэн эрхт элчин сайд Н.Тулга, сийлбэрч М.Ариунбаяр.
Гэрэгэ сийлбэр. Гэрээ гэсэн худам монгол бичгийн үг. Дэлхийн анхны гадаад паспорт буюу иргэний үнэмлэх Монголчуудаас гаралтай гэдгийг нэвтрэх пайз барин, хилийн шугмыг нэвтэрч байгаа хатнаа хамгаалан, ирвэсээ дагуулан яваа Монгол морьтон баатруудаар дүрсэлсэн.
Нүүдэл сийлбэр. Говийн ганц бие бүсгүй өөрийн бяцхан үрээ ботготой ингэндээ тэгнэн, ганц морио унан, хэдэн ямаа хонио тууж яваа сийлбэр.18-19 зууны Монгол ахуй, соёлыг харуулсан энэ бүтээлийн монгол морь гадныхны сонирхлыг их татаж байв. Европын сандал тавьж морддог өндөр дэнхэр морь биш, Арабын тачигнаж, дүүхэлзсэн аргамаг хөлөг ч биш бүдүүн барга,эзэндээ ээлтэй харагдах намхан бас номхон морь.
Толь сийлбэр. Хүний амьдралын нэгэн учралыг дүрсэлсэн нь эмэгтэйчүүдийн нүүрийг улайлгаж, ичингүйрэл өгч байсан бол эрчүүдийн инээдийг барж, сонирхлыг нь өдөөж байв. Бүтээлийн содон нь толины тусгалаар хүний далд ертөнцийн нууцлаг үйл болон залуухан эмэгтэйн үзэсгэлэнт гуалиг биеийг нь харуулах болно.
Хөгжимчин сийлбэр. Тарган бондгор хатны өөртөө итгэлтэй ихэмсэг донжтой төрх нь инээд эгдүү хүргэнэ.
Зугаалга сийлбэр. Хананы том энэ сийлбэрт 13-14 зууны Хубилай хааны үеийн монгол язгууртнууд усан онгоцоор хэрхэн наргиж цэнгэж байсныг дүрсэлсэн нь марзан Шаравын "Монголын нэг өдөр” зураг шиг зарим монголчуудын дургуйцлийг харин заримынх нь инээд сониуч занг нь асааж байв.
Усчин хүү сийлбэр. Сарлаг унан, банхарын гөлгөө дагуулан усаа татаж, гол гаталж байгаа хүү өхөөрдөм.
Гэртээ иргэж ирсэн нь сийлбэр. Европын sculpture буюу чулуун сийлбэрийн style хэв маягаар бүтээсэн.
Олз сийлбэр. Анчин хүний эрс ширүүн төрх, ангаа агнасны дараах хөөр бахдалыг асар том хандгайн эвэр олоод үүрч яваа анчингаар нисэх мэт омогшлыг нь дүрсэлсэн.
Голио сийлбэр. Холоос харахад бүдүүн өвс дамжин яваа голио харагдах боловч ойртоод ирвэл сэлмээ чанга атгасан самуурай ямар нэгэн юм руу гэтэн мярайж байгаа дүрслэл.
Анчин сийлбэр. Авангард чиглэлээр хийсэн энэ бүтээл нь анчин хүнд байх чадвар мэдрэмжийг ёгтлол, бэлгэдлээр хийсэн нь сонирхолтой. Анчин хүнд байх хурц харааг шувуун толгойгоор эсвэл хурд шаламгайг тэрэгний дугуйгаар гэх мэтээр дүрсэлжээ.
З.Ганболд