| |
АТГ: Хэд хэдэн тендерийг гүнзгийрүүлэн шалгаж эхэлжээ
АТГ-ын ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллаж буй. Энэ үеэрээ олон ноцтой зөрчил илрүүлсээр байна. Жишээ нь Өвөрхангай аймагт ажиллах үеэр тус аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамж болон гэрчилгээний үнийг бэлнээр хураан авч хадгалдаг байсныг таслан зогсоов.
Тэрээр тусгай зөвшөөрөл авсан 23 байгууллагаас нийт 4.1 сая төгрөг бэлнээр хүлээн авснаас эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох аймгийн Засаг даргын дэргэдэх комиссын гишүүдийн урамшуулал, хоолонд 554 мянган төгрөг зарцуулсан гэх ба 1.1 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байлаа.
Тус аймгийн Засаг даргаас эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2017 онд 5, 2018 онд 8 шинээр олгож, нийт 74 байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Холбогдох албан тушаалтны тайлбарласнаар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тэмдэгтийн хураамжийг өмнө нь авч байгаагүй, 2017 оны сүүлээс хурааж эхэлсэн ажээ.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дээрх зөрчлийг таслан зогсоосон бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг зохих дансанд төвлөрүүлж, энэ тухай мэдэгдэхийг шаардаж, цаашид бэлнээр хурааж авахгүй байхыг анхааруулав.
Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга нь 2017-2018 онд эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 11 байгууллагад шинээр олгож, 36 байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан ба зөвшөөрлийн хугацааг сунгахдаа улсын тэмдэгтийн хураамжийг огт авч байгаагүй байна. Цогтцэций сумын Засаг даргын захирамжаар 2017 онд 6, 2018 онд 4 аж ахуйн нэгжид тамхи худалдах тусгай зөвшөөрлийг тус тус олгосон ч улсын тэмдэгтийн хураамжийг мөн л төсөвт төвлөрүүлээгүй. Тус сум нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу 1.7 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ. Түүнчлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо хэн, хэзээ тогтоосон нь тодорхойгүй гэрчилгээний үнэ гэж 5000 төгрөгийг 2009 оноос эхлэн хурааж ирсэн байна.
Түүнчлэн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдын сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай танилцах явцад төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд болох Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч буюу төслийн эргэн төлөлтөд хяналт тавих зөвлөлийн гишүүн Г, Ханбогд сумын ерөнхий санхүүч буюу төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн Б нарын хамаарал бүхий этгээдүүд зээл авсан байна. Түүнчлэн зарим сумд төсөл сонгон шалгаруулахтай холбоотой зарыг сумын иргэдэд нээлттэй хүргэдэг эсэх нь тодорхойгүй, ирүүлсэн төслийг албан хэрэг хөтлөлтийн журмаар бүртгэн хүлээж авдаггүй нийтлэг зөрчил гаргажээ.
Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр орон сууцны хорооллыг барих, Ёлын амны менежментийг сайжруулах зэрэг төсөвт өртгийг хэтрүүлсэн байж болзошгүй, үнийн дүн өндөр анхаарал татсан хэд хэдэн тендерийг татан авч тусгайлан шалгах ажлыг эхлүүллээ.
Б.Анир