| |
Томуу, томуу төст өвчний үед Виферон лаанаас татгалзахыг зөвлөлөө
Вирусын эсрэг Вифeрон лааны талаар өнөөдөр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. "Энто” компанийн оруулж ирдэг Вифeрон лааг олон улсад бүрэн судлагдаагүй, эмчилгээний үр дүн нь батлагдаагүй хэмээн тодорхойллоо. Мөн энэ лаанд зориулан Эрүүл мэндийн даатгалын сангаас багагүй хэмжээний хөрөнгийг гаргаж байсан нь өнөөдрийн мэдээлэл хийх сэдэв болжээ.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр Вифeрон лааг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулжээ. Тухайн онд 1.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум төгрөгийг хөнгөлөлтөд зарцуулж, 91 мянган иргэн лааг авчээ. Тэдний 50 гаруй хувь нь хүүхэд байжээ. 2018 оны долоодугаар сарын 15-наас эхлэн Вифeрон лааны хөнгөлөлтийг бууруулж, хүүхдийн эмийн жагсаалтаас хассан байна. Харин насанд хүрэгчдийн эмийн жагсаалтад 20 хувийн хөнгөлөлттэй байгаа бөгөөд 2018 оны долоодугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас гаргажээ.
Томуу, томуу төст өвчний тархалтын үед ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-өөс зөвлөмж заавар авч ажилладаг аж. Тархвар судлалын үндэсний зөвлөл болон ХӨСҮТ-өөс томуу өвчний үед Вифeрон лааг хэрэглэх заавар өгөөгүй гэдгийг Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин хэллээ. Мөн ЭХЭМҮТ-өөс гаргасан эмчилгээний удирдамжид Вифeрон лааг замбараагүй хэрэглэж болохгүй гэсэн зөвлөмжийг өгсөн байна. Тодорхой өвчний үед зөвхөн эмчийн заавраар хэрэглэж болох аж.
Эрүүл мэндийн яамнаас Вифeрон лааны эмчилгээ, чанар, аюулгүй байдлыг судлах ажлын хэсэг ажиллаж буй аж. Тус ажлын хэсгээс томуу, томуу төст өвчний үед Вифeрон лааг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.