| |
265 саяын тендерт татан буугдсан компанийг шалгаруулжээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог ахлагчтай ажлын хэсэг Архангай аймгийн Хашаат, Хотонт сум болон тус аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн явц, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлтэй танилцаж, зарчим зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулжээ.
Тус аймагт 2017-2018 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тендер сонгон шалгаруулалт, гүйцэтгэл явц байдлыг шалгажээ. 2018 онд улсын болон орон нутгийн хөрөнгөөр 72 төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулалт явуулсныг хянан үзэхэд тендерийн баримт бичгээ дутуу ирүүлсэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, аж ахуйн нэгжийг тендерт сонгон шалгаруулсны дараа гэрээний гүйцэтгэлээ түншлэлээр хийж гүйцэтгэдэг, тоног төхөөрөмж, барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд ажиллах хүч дутмаг болон инженер техникийн ажилтангүй компанийг сонгон шалгаруулсан, мөн тендерийн баталгааны шаардлага хангаагүй, татварын өртэй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, үнэлгээний хорооны гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл, тайлбар гаргаагүй зэрэг зөрчил дутагдал гаргажээ.
Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд Цахир, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад багийн төв барих 265 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлын тендерт 2015 онд татан буугдсан "Легион” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан байна. Энэ асуудлыг АТГ нягтлан шалгаж байна.
Эх сурвалж: www.polit.mn