|
Видео

Шинэ мэдээ

Алгын чинээ маханд шунаж албаныхаа нэр хүндийг гутаав

Алгын чинээ маханд шунаж албаныхаа нэр хүндийг гутаавЭнэ сарын 02-ны өдөр цагдаагийн алба хаагчид болон мэргэжлийн хя­нал­тын байцаагч нар 110 ширхэг тарваганы тулмыг илрүүлж үүнийгээ улсын орлого болголгүй өөрсдөө тохиролцон хуваан авсан хэрэгт холбогджээ.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиг­лэлд, Сонгинохайрхан дүүр­гийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр "Эмээлт” захын орчимд "Истима”, "Фургон” маркийн авто­машинд их хэмжээний тарваганы тулмыг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Уг хэрэгт Сонгино­хайр­хан дүүргийн Замын цаг­даагийн тасгийн цагдаа­гийн ахмад З, цагдаагийн ахлах ахлагч Б, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлт­сийн Хэв журам хам­гаалах тасгийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х, цагдаагийн ахлах ахлагч Б нар нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хя­налтын хэлтсийн улсын байцаагч Т, Э, Хан-Уул дүүр­гийн мэргэжлийн хя­налтын хэлтсийн улсын байцаагч Э нартай үгсэн хуйвалдаж хууль бус эд зүйлийг хувь­даа авч явсан хэрэгт холбогдсон гэсэн үг.

Тэдний энэхүү хууль бус үйлдлийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтаар илрүүлж баримтжуулан дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өнгөрсөн баасан гарагт харьяаллын дагуу АТГ-т хэргийг нь шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар дээрх хүмүүс тарваганы 110 ширхэг тулмыг хууль бусаар аваагүй гэж мэдүүлж байгаа аж. Бид энэ талаарх мэдээллийг холбогдох хү­мүүсээс нь асууж тод­руулахад "Энэ талаар то­дор­хой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Ер нь сүүлийн үед цаг­даагийн байгууллагын ажилтнууд төдийгүй мэр­гэжлийн хяналтын бай­цаагч нар бусдаас авлига авсан гэх хэрэгт олноор холбогдох болсон.

Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагынхнаас гэмт хэрэгт өртөмтгий нь цагдаа нар, мэргэжлийн хяналтынхнаас улсын байцаагч нар гэхэд хилс­дэхгүй болоод байна. Тэдний энэхүү үйлдлээс болж байгууллагынх нь нэр хүнд олны дунд унаад байгаа.

Тодруулбал, өнгөрсөн оны ес, аравдугаар сард цаг­даагийн байгууллагын ажилтнууд хээл хахууль авсан, иргэдтэй зүй бусаар харьцсан буу барьж, баг өмсөж дэлгүүр дээрэмдэхийг завдсан гэх хэрэгт маш олноор холбогдож байсан удаатай.

Баримт дурьдахад, өн­гөрсөн оны аравдугаар сарын 24-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал гэгч хийн буугаар зэвсэглэн баг өмсөн Чингэлтэй дүүргийн нутаг дахь "Толла” гэх дэлгүүрт орж тус дэлгүүрээс дээрэм хийж байгаад баригдсан.

Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд цагдаагийн албан хаагч У.Раднаабазар, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар, Б.Батбаяр нар самар ачиж явсан хятад иргэдтэй үгсэн хуйвалдаж тэднээс 40 сая төгрөгийн авлигал авсан зэрэг хэргүүдийг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал хяналтын хэлтэсийнхэн илрүүлсэн байдаг юм.

Тухайлбал, зарим нэгэн тоо баримтыг дурьдахад, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өнгөрсөн 10 жилийн хугацаанд мөрдөн байцаагчид холбогдох 1108, хэрэг бүртгэгчид холбогдох 641, цагдаагийн ажилтанд холбогдох 3672 гомдол, мэдээлэл иржээ.

Үүнээс шүүх 378 хэрэг бүртгэгч, 261 мөрдөн бай­цаагч, цагдаагийн 2426 ажилтанд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.

Тэд хүний амь, эрүүл мэнд, өмчлөх эрх, нийгмийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааны эсрэг, тээврийн хэрэгслийн хөдөл­гөөний аюулгүй байдал, албан тушаалын гэх мэт гэмт хэрэгт холбогдсон байдаг байна.

Юутай ч нийгэмд хэв журам сахиулж, иргэддээ үйлчилж, тэднийг хамгаалах үүрэгтэй цагдаагийн алба хаагчдын өнөөгийн өнгө төрх нэг иймэрхүү байгаа нь харамсалтай. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр хэдхэн албан хаагчийн ёс зүйгүй, хууль бус үйлдлээс болж цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтынхны нэр хүнд олны дунд навс уналаа. Өглөөний сонин
Р.Саруул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler