|
Видео

Шинэ мэдээ

Ш.Батхүү банк, махны үйлдвэрээ төрд, 'Олон-Овоот'-оо Г.Алтанд, ШТС-аа 'Магнай трейд'-д шилжүүлжээ

Ш.Батхүү банк, махны үйлдвэрээ төрд, 'Олон-Овоот'-оо Г.Алтанд, ШТС-аа 'Магнай трейд'-д шилжүүлжээ

"Жаст”-ын Ш.Батхүү хуурамч бичиг баримт үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих 461-р ангид хоригдож байна.

Тэрээр өмнө нь Монголд ашиг орлого олж болох бүхий л салбарт өөрийн гэсэн бизнестэй байсан билээ. Уул уурхай, нефть, барилга, банк санхүү тэр ч байтугай махны салбарт мандаж явсан үе нь 1999-2009 он. Тухайн үед хэний ч хамтарч наймаа хийхийг хүсдэггүй "Монголын газар” компанийн захирал Ц.Мянганбаяртай хүртэл ганзага нийлж, дампуурсан компаниудыг худалдаж авч, өргөжүүлж байв. Тухайлбал, их хэмжээний муу зээл олгосон, эргэлтийн хөрөнгөгүй болсон "Хадгаламж”, "Монгол шуудан” банк, "Олон-Овоот” зэрэг том төслүүдийг зоригтойгоор хөдөлгөн ид мандаж явсан оргил үе түүнд бий.  
Ш.Батхүү 2009 онд "Хадгаламж” банкийг 33 сая ам.доллараар, "Монгол шуудан” банкийг 26 сая ам.долларын үнэтэйгээр худалдан авсан байдаг. Тухайн үед 40 салбартай, 200 орчим ажилтантай, нийт 80 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан банкийг нийтдээ 200 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 500 гаруй салбартай, 3300 ажилтантай болгон өргөжүүлж байжээ.
Мөн түүний "Жаст ойл” компаниас "Монгол газар” компани шатахуун зээлсээр 20 орчим тэрбум төгрөгийн өр үүсч, түүний оронд захирал Ц.Мянганбаяраас 25 тонн алтны нөөцтэй гэх "Олон-Овоот"-ын ордыг худалдаж авч, 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
Гэвч Ш.Батхүү бизнесийн салбарт илүү ихийг хүсэж, илүү том "тул” барих хүсэлдээ хөтлөгдөн энэ тэндээс зээл авч, өрийг өрөөр дарж, сэргэлэн заль хэрэглэж явснаа өөрөө ч ярьдаг. "Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалан зээл авсан нь өнөөдөр Монгол Улсыг 100 сая хол давсан ам.долларын өрөнд орж, олон улсын арбитр шийдвэрээ гаргаад байна. Гэсэн хэдий ч түүний бизнесийн өрөг нурж, 2013 онд нэгэн өглөө гэнэт "би бизнесмэн биш, жирийн иргэн боллоо” хэмээн олон нийтэд зарласан юм. Тэгвэл түүний эзэмшиж байсан дээрх хөрөнгө  өнөөдөр хэн эзэмшиж байна вэ. Үүний хариултыг нэхэн хайлаа.
200 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болгосон "Хадгаламж” банкаа салбар нэгж, хөрөнгийн хамтаар 100 хувь Төрийн банкны мэдэлд шилжүүлжээ. Мөн 100 тэрбумын хөрөнгө оруулсан "Олон Овоот"-ын ордоо бүгдийг нь "Алтжин” группийн ерөнхийлөгч Г.Алтанд өгсөн юм байна. Үүнийгээ Г.Алтан захирал "Олон Овоот” төсөлд их хэмжээний хөрөнгө оруулснаас гадна намайг дөнгөж бизнес хийж эхэлж байхад тусалж байсан. Миний маш сайн хамтарч учраас өгсөн” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байсан.
Харин "Жаст ойл” шатахуун импортлогч компаниа зээлээ төлүүлэх нөхцөлтэйгөөр "Магнай трейд” группт өгчээ. Үүнтэй нь холбогдуулан одоо "Магнай трейд”-ийн захирал Ч.Ганзоригийг хуулийн байгууллага шалгаж байна.
Мөн тэрээр "Меркентал хаус” компани нь зэсийн баяжмал үйлдвэрлэхээ больж, барилгын салбарт худалдаа эрхэлж байсан "Барилга трейд” компани нь аяндаа татан буугдсан.
"Жаст Агро” компаниа татан буулгаад 12 махны үйлдвэрийн хамт "Хадгаламж” банкны гүйцэтгэл хангуулахаар мөн л төрийн мэдэлд өгсөн болохоо хэлж байсан. Харин "Мах маркет” махны үйлдвэрийг төр өөрийн эрх мэдэлдээ авсан гэх боловч Монголын нэр нөлөө бүхий улстөрчид хуваан авсан гэх мэдээлэл байгаа юм.
Дашрамд дурдахад, гаднын хөрөнгө оруулагчид Ш.Батхүүгийн банкийг 100-300 сая ам.доллар, нефтийн компанийг нь 60 сая ам.доллараар үнэлж байсан гэдэг. Харин өнөөдөр Ш.Батхүүгийн тэр их хөрөнгө хаачсан бэ, хэн авсан бэ гэдэг нь хуулийн байгууллагынхны эргэлзээ болоод байгаа юм. 
 
С.Энх-Үжин
sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler