| |
Б.Баатарсайхан: Ш.Батхүү шоронд үхвэл хэсэг бүлэг хүнд ашигтай байхыг үгүйсгэхгүй
"Жаст”-ын Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцлаа.
-"Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн бие муу байгаа гэж дуулдаж байсан. Одоо биеийн байдал нь ямархуу байгаа вэ?
-Ш.Батхүүгийн бие нэлээн хүнд байгаа. Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тархины цусан хангамж алдагдсан, мөн бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний архаг хүндрэл байгаа учраас яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн. Тиймээс яаралтай гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, үүсээд байгаа хүндрэлийг оношлох зайлшгүй шаардлагатай. Ялангуяа чихрийн шижин өвчний хүндрлээс урьдчилан сэргийлэх, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар түүний бие дэх сахарын хэмжээ жирийн хүнийхээс дөрвөөс тав дахин илүү үзүүлэлттэй байна.
-Батлан даалтад гарсан юм уу. Ер нь хаана байгаа вэ?
-Хууль хяналтын байгууллагын зүгээс Ш.Батхүүг өнөөдрийн байдлаар цагдан хорьсон хэвээр байгаа. Энэ хүний эрүүл мэнд, амь насанд нь хохирол учирвал шалгаж, хяналт тавьж байгаа байгууллага нь хариуцлагаа хүлээх ёстой. Түүнийг анх цагдан хорихдоо эмнэлгээс авч явсан, мөн зургаан сарын 27-ны өдөр цагдан хорих шаардлагагүй гэж шүүхээс үзэж гаргасан боловч дөрөв хоногийн дараа мөн л эмнэлгээс нь дахин барьж цагдан хорьсон.
-Хоригдоод хэр удаж байна вэ?
-Хоригдоод нийт 15 сар орчим болж байна.
-Та өмнө нь ярилцлага өгөхдөө "Хадгаламж” банкийг хууль бусаар төрийн мэдэлд авсан. Энэ үйл явц эртнээс төлөвлөсөн зохион байгуулалттай ажиллагаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр "Хадгаламж” банкны актив хөрөнгийг Төрийн банк хууль бусаар авсан гэж ойлгож болох уу?
-Хууль бусаар авсан, аваагүй асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Энэ асуудлаар би хуулийн байгууллагад өмнө нь гомдол гаргасан байгаа. Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд тухайн үед Хадгаламж банкны өөрийнх нь хөрөнгийн хүрэлцээ дутагдсан гэдэг шалтгаанаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр авсан. Ингэхдээ Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ гэдэг нэрийн дор банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч томилогдож байна гэдгийг энгийнээр хэлбэл тэрхүү эрх хүлээн авагч нь тухайн банкийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, ямар нэгэн байдлаар тухайн банкийг босгож ирэх үүрэгтэй очдог. Гэтэл Хадгаламж банкны эрх хүлээн авагч нь 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр томилогдож очоод үдээс хойш нь тамга тэмдгээ хийлгээд, энэ банк цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй юм байна гэдэг саналаа тухайн өдөртөө гаргаж Монголбанкинд хүргүүлсэн байдаг. Ингэж саналаа өгөхдөө "Хадгаламж банкны өнөөгийн зах зээлд эзлэх байр суурь нь сайн. Олон ажилтан, салбартай. Энэ банкийг аваач гэж Монголын хоёр, гурван том банкинд санал тавьсан ч авах боломжгүй гэж үзсэн. Тиймээс Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлье" гэсэн санал хүргүүлсэн байдаг.
-Банкны эрх хүлээн авагч очоод тэр өдөртөө л тийм санал гаргаж байгаа хэрэг үү?
-Тэгсэн. Ирсэн өдөртөө, бүр тодруулбал нэг, хоёр цагийн дотор л санал гаргасан гэж үзэхээр байгаа юм. Банкны тухай хуульд зааснаар бол Хадгаламж банкинд үүссэн нөхцөлийг тогтворжуулах, цааш нь өсгөж дэвжүүлээд явах уу, татан буулгах уу гэдгийг тэмтэрч үзэж, ажиллаж байж гурван сарын дотор Монголбанкинд танилцуулах ёстой. Гэтэл Төрийн банкинд тэр өдөртөө Хадгаламж банкны актив хөрөнгийг шилжүүлсэн. Нэг өдрийн дотор саналаа ч гаргаж, хөрөнгийг нь шилжүүлээд шуурхай ажилласан байна лээ. Ер нь Төрийн банкинд шилжүүлэх асуудал анх удаа гарч ирсэн юм биш. "Стандарт” банкнаас "Жаст” групп зээл авсан асуудал 2013 оны зургаан сарын үед босож ирсэн. Үүнтэй холбогдуулан ТӨХ-ны шийдвэр гарч "Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөлийг судлах, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хурлын баримтуудаас үзэхэд Засгийн газрын түвшинд энэ асуудал яригдсан. Хоёрт, Хадгаламж гэдэг тэр том банкийг Төрийн банк авч байгаа асуудал хөндөгдсөн байдаг.
Тэгэхээр Хадгаламж банкны эрх хүлээн авагч 2013 оны долдугаар сарын 22-нд гэнэт гарч ирээд, Монголбанкинд санал тавиад байгаа зүйл биш ээ. Өмнө нь ярьж тохирсон зүйл гэж харагдаж байгаа. Хадгаламж банкийг Стандарт банкинд өрөө төлөхөөс өмнө төрд шилжүүлээд асуудлыг эцэслэнэ гэдэг байдлаар явсан нь тухайн үеийн баримт материалаас ажиглагддаг. Тийм ч учраас долдугаар 22-ны өдөр 12 цаг хүртэл Монголбанк эрх хүлээн авагч томилохоор хуралдсан байдаг. Үдээс хойш нь Хадгаламж банкинд ирсэн эрх хүлээн авагч тамга тэмдгээ авч, татан буулгах санал гаргасан, Төрийн банкинд мөн активыг шилжүүлсэн байдаг. Хууль зүйн хувьд болон практик дээр нэг өдрийн дотор Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилоод, ажиллаад, гуравдагч этгээд рүү санал явуулаад,саналыг нь аваад, татан буулгах санал хүргүүлээд,татан буулгаад байгаа нь хуульчдын болон банкны мэргэжилтнүүдийн сонирхлыг ихээхэн татдаг. Хууль бусаар энэ ажлыг хийсэн үү гэдгийг хууль, хяналтын байгууллага нь шалгаад тогтоох байх. Тухайн үед Хадгаламж банкны активын хэмжээ нь 1.1 их наяд,хадгаламжийн хэмжээ нь 550 тэрбум, харилцагчдын тоо 2,7 сая, салбарын тоо нь 502, ажилчдын тоо 3300 байсан. Тэгвэл 2013 оны эхний байдлаарТөрийн банкны активын хэмжээ нь 319 тэрбум, хадгаламжийн хэмжээ нь 86,6 тэрбум, харилцагчдын тоо 970, салбарын тоо нь 35, ажилчдын тоо нь 330 байсан. Үүнээс харахад ямар банкийг ямар банк руу шилжүүлсэн нь хэнд ч ойлгомжтой.
Хадгаламж банкны хувьцаа эзэмшигчийг "таны оруулсан хөрөнгө зээлийн эрсдэлээ даах чадваргүй болсон байна. Тиймээс та өөрийн хөрөнгийн хэмжээг 10 төгрөг байсан бол 50 төгрөг болго” гэж Монголбанкнаас шаардлага тавьсан. Үүнийг хангаагүй гэж Хадгаламж банкийг татан буулгах ажиллагаа явуулсан. Тэгвэл нөгөө талаас нь харъя. Хадгаламж банкны актив хөрөнгийг Төрийн банк дааж чадах байсан уу гэдэг том асуулт гарч ирж байгаа юм. Хоёрт, яагаад заавал Төрийн банкинд шилжүүлэв гэдэг асуулт гарч ирнэ. Хадгаламж банкийг 10 төгрөгөө 50 төгрөг болгоогүй гэж татан буулгасан хэрнээ яагаад 5 төгрөгийн хөрөнгөтэй Төрийн банкинд аваачаад нийлүүлчихэв. Энгийнээр бол тэр том саванд байсан хөрөнгийг жижигхэн сав руу хийхээр хальж асгана биз дээ. Би ойлгомжтой болгох үүднээс энгийн жишээгээр тайлбарлаж байгаа юм шүү. Ингэж хальж гарах нь хэнд ч ойлгомжтой. Хальж гаргахгүй гэж том савыг төр хууль зөрчин гаргаад өгчихсөнд л хамаг учир байгаа юм.
-Хадгаламж банкинд очсон Эрх хүлээн авагч тухайн үед банкны үйл ажиллагааг хэвийн болгох ямар нэгэн ажил хийгээгүй шууд л Төрийн банкны активыг өсгөх, том банк болгох даалгавраа яаравчлан биелүүлжээ гэж ойлгогдож байна…
-Баримтаас харахад Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн хийсэн энэхүү ажил нь нэг банкийг унагаж, нөгөө банкийг томруулах ажиллагааны нэг хэсэг болж харагдаад байгаа юм. Хадгаламж банкны эрх хүлээн авагч үйл ажиллагааны зардал гэж тухайн үед долоон тэрбум төгрөг бэлэн авч үлдсэн байдаг. Энэ бол санхүүгийн баримттай. Дээр нь эрх хүлээн авагч нь Ш.Батхүү гэдэг хүний 84 тэрбум төгрөгийн хөрөнгийг авч, ямар зээлийг хаасан, юунд зарцуулсан нь өнөөдрийг хүртэл мэдэгддэггүй. Хамгийн гол нь Төрийн банк нь Хадгаламж банкны тэр том активыг дийлэх санхүүгийн болон боловсон хүчний чадвар чадамж байсан уу гэдэг нь маш том асуудал.
-Тийм боломж байгаагүй юу?
-Төрийн банк бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа жирийн л нэг банк, хуулийн этгээд. Ялгаа нь Хадгаламж банкинд Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгө оруулсан, Төрийн банкинд төр хөрөнгө оруулсан. Гэхдээ тэр том актив хөрөнгийг авах гэж байгаа 5 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй банк хуульд заасны дагуу өөрийн хөрөнгөө 50 төгрөг болгож нэмэх ёстой. Төр хувьцаа эзэмшигч байлаа гээд хуулиас дээгүүр давуу эрх эдлэх ёсгүй. Энэ 50 төгрөгийг хаанаас Төрийн банк олсон байх вэ? Би энгийн жишээгээр л тайлбарлаж байгаа юм шүү. Үүнийг яаж нэмэгдүүлсэн хэрэг вэ. Мэдээж, тухайн үед Төрийн банк Хадгаламж банкийг авах санхүүгийн болон эрхзүйн боломж байгаагүй. Төрийн банкинд хэн нэгэн чадалтай этгээд хөрөнгө оруулж тусалж байж л өөрийн хөрөнгө нь нэмэгдэж, Хадгаламж банкны активыг авах боломж бүрдэнэ. Батхүүд тавьсан өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагаТөрийн банкинд ч мөн адилхан тавигдах ёстой. Төрийн банк өөрийн хөрөнгөө тэр шаардлагын хэмжээгээр нэмэгдүүлсэн байж таарна. Хэн санхүүгийн дэмжлэг үзүүлэв гэдэг нь сонирхол татаж байгаа юм.
-Хэн өгсөн гэж…
-2013 оны нэгдүгээр сард Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсан. Хуулийн зорилт нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкин дахь албан журмын даатгалыг үйл ажиллагааг эрхлэн явуулахад оршиж байсан. Энэхүү даатгалын үйл ажиллагааг төрийн өмчит, тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд Хадгаламжийн даатгалын корпораци эрхлэхээр хуульчлагдсан. Энэ байгууллага 2013 оны зургаан сард Улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авсан байдаг. Даатгалын үйл ажиллагаанд зориулж Монголбанкнаас 50 тэрбум төгрөг, Засгийн газраас 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх УИХ-ын тогтоол мөн нэг сард гарсан. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл Хадгаламжийн даатгалын корпораци өөрийн чиг үүрэгт хамааралгүй, даатгалд зарцуулах хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж,Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. 2013 оны хуулиар Хадгаламжийн даатгалын корпорцид бусад банкуудад хөрөнгийг нь нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх байгаагүй. Тийм учраас Хадгаламж банкны актив хөрөнгийг хууль бусаар Төрийн банкинд шилжүүлэх ажиллагаанд Хадгаламжийн даатгалын корпораци оролцсон гэж үзэхээр байна.
-Та тэгэхээр татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзэж байна уу?
-Хуулиар бол даатгалын нөхөн төлбөр, үйл ажиллагааны зардал, зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөхөд л Хадгаламжийн даатгалын корпораци зарцуулах ёстой. Бусад байдлаар зарцуулахыг тухайн үед хуулиар хориглосон. Хэрэв "Хадгаламж” банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд орсон тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн төлбөр өгөх ёстой. Тэрнээс биш хууль зөрчин Төрийн банкинд хөрөнгө оруулах ёсгүй. Энэ үйлдлийг шалгаж тогтоох ёстой. Төрийн эрх бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн Хадгаламж банкны актив хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн, шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг нь энэ юм.
-Хадгаламжийн даатгалын корпорцийн хууль зөрчсөн үйлдлийг хуулинд өөрчлөлт оруулж баталгаажуулсан гэж сонсож байсан…
-Хууль бус үйл ажиллагаагаа хуулинд өөрчлөлт оруулах нэрээр халхавчилдаг байдал сүүлийн үед ажиглагдаж байгаа. Үүний бодит жишээ бол 2018 оны хоёрдугаар сарын 10-нд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуулинд нэмэлт оруулснаар илэрсэн гэж би үздэг. Ингэхдээ миний тав зургаан жил хууль зөрчсөн гэж яриад байгаа асуудлыг хуульчлаад өгсөн байна лээ. УИХ-ын гишүүд ийм агуулга бүхий нэмэлт, өөрчлөлт орсныг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Хуулинд зөвхөн Хадгаламжийн даатгалын корпорци бусад банкинд өөрийн хөрөнгө нь дутагдвал санхүүгийн дэмжлэг үзүүлэх агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Хуульчийн хувьд шууд хэлэхэд хууль бус ажиллагаагаа халхавчлах гэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж би үзэж байгаа гэдгээ дахин хэлье. Гэтэл 2013-2018 оны хооронд Хадгаламжийн даатгалын корпорци нь Төрийн банкнаас өөр ямар хувийн болон төрийн хөрөнгө оруулалттай банкинд өөрийн хөрөнгө нь дутагдсан гэдэг үндэслэлээр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм бол. Үүнийг бас тайлагнах байх гэж би бодож байна. Төрийн оролцоотой хуулийн этгээд төрөөс хууль бус дэмжлэг авчихаад, хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн өмч хөрөнгийг хууль бусаар авдаг нь ардчиллын зарчим уу. Энэ ялгааг л би яриад байгаа юм.
-Хадгаламж банкны үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь Ш.Батхүү өөр банкинд нэгтгэх зэрэг бусад арга хэмжээг яагаад аваагүй юм бол…
-Төр хамгийн муу менежер гэсэн хэлц үг байдаг. 2013 оны долдугаар сарын үед Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгийн хувьд санхүүгийн хүндрэлээс гарах, Стандарт банкны өрийг төлөх хуульзүйн оролдлого хийсэн. Энэ юу вэ гэхээр Хадгаламж банкийг олон улсын санхүүгийн үнэлгээний аудитын компаниар үнэлүүлэхэд 300 сая долларын үнэлгээтэй гэж тогтоосон. Мөн дотоодын хэд хэдэн аудитын компаниуд ч ийм үнэлгээ хийсэн байдаг юм байна лээ. Үүний дагуу Хадгаламж банкны 65 хувийг 200 сая ам.доллараар зарж дүрмийн сангаа нэмэх зорилго байсан. Үүний дагуу Стандарт банкнаас авсан зээлээ бүрэн төлөх зорилгоор хувьцаа эзэмшигчийн асуудлаар Монголбанкинд хандсан байдаг. Монголбанк зөвшөөрөл өгөөгүй. Түүгээр ч зогсохгүй тэр том банкинд тэг үнэлгээ өгч, албадан татан буулгачихсан. Өнөөдөр хөдөлмөрлөж, өөрийн өмч хөрөнгөтэй болж, Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалт гаднаас татаж, томоохон бизнес эрхэлж байсан хүнд яагаад луйварчин, залилагч гэдэг нэр зүүгээд байна вэ.
Тухайн үед эрүүлээр сэтгэж, төрд ч, Стандарт банкинд ч хохирол учруулахааргүй асуудлыг зохицуулж яагаад болоогүй юм бол гэдэгт би маш их гайхдаг. Асуудал түвэгтэй байсан, гэхдээ аливаа зүйлийг бүх талаас нь бодож, зөв шийдвэр гаргах нь маш чухал. Гэтэл төрийн үйл ажиллагаа нь банкны зээлийг барагдуулахад төрийн дэмжлэг үзүүлэх бус банкийг шуурхай татан буулгахад, хөрөнгийг нь шилжүүлж Төрийн банкийг томруулахад чиглэгдсэн нь цаанаа ямар зорилго агуулж байсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой гэж би үзэж байна. Мөн нэг зүйлийг онцлоход тухайн үед Хадгаламж банкны нэг ч харилцагчийн хадгаламж эрсдэлд ороогүй байсан. Зарим этгээд олон мянган харилцагчийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалсан гэж хэлэх байх. Ш.Батхүүгийн хувьд тухайн үед 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг Монголын топ 10 татвар төлөгчийн нэг байсан. Энэ хүний хийж бүтээн бий болгосон үнэт зүйлийг төр яагаад хууль бусаар нурааж байгаа юм бэ.
-Хадгаламж банкийг татан буулгаж Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагаа маш бага хугацаанд буюу нэг өдрийн дотор болсон гэлээ. Ингэж хурдавчлахын цаад шалтгаан нь юу вэ?
-Аливаа зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Хадгаламж банкийг татан буулгаж төрд авсан энэ ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн үү, хууль бус байсан уу гэдгийг өнөөдөр тогтоох ёстой. Өнөөдөр хэн хохирсон бэ гэдгийг ч тогтоох ёстой. Хадгаламж банкийг татан буулгах ажиллагаа нэгхэн өдрийн хагаст болсон үйл явдал. Бэлтгэл нууц ажил нь хэр удаан үргэлжилснийг би мэдэхгүй. Гэхдээ энэ бол хууль бус ажиллагаа гэдгийг би тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгөөд шалгуулж байгаа. Ард түмэн Ш.Батхүүг үнэхээр бүтээлч, бүтээгч, хөдөлмөрч хүн үү, залилан мэхлэгч байсан уу гэдгийг үнэн зөвөөр нь мэдэх ёстой. Үүнийг л би өмгөөлөгчийн хувьд хүсч байгаа юм.
-"Жаст” групп топ-10 татвар төлөгчийн нэг байсан гэлээ. Тэгвэл Хадгаламж банкийг татан буулгаснаар Ш.Батхүү гэдэг хүн хохирсон уу. Эсвэл төрд банкаа өгөөд өр ширнээсээ салж байна уу?
-Өнөөдөр Ш.Батхүү гэдэг хүн банк ч үгүй, бизнес ч үгүй, бизнес хийх боломж ч үгүй, хууль хяналтын байгууллагад зургаа дахь жилдээ шалгагдаж байна. Нөгөө талаас Ш.Батхүүг төр хохироож, ийм нөхцөл байдалд хүргэсэн гэдэг асуудлыг шалгаж л байх шиг байна.
Монгол Улсад хувийн өмчийг шахаанд оруулж авдаг, хүнийг юу ч үгүй хэн ч биш болгодог, нэр төрийг нь гутаадаг, гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд зарладаг, сүүлдээ хууль бус ял тулгадаг хэмжээнд очжээ. Бид Ш.Батхүүд нэг их наяд төгрөгийн хохирол учирсан гэдэг тооцоог АТГ-т гаргаж өгсөн. Өнөөдөр хүмүүс зарим зүйлийг их энгийнээр бодож байж болно. Зүгээр нэг хөрөнгийг аваад Төрийн банкинд өгчихсөн юм шиг ойлгож байж болно. Банкны актив бол байнга үржиж, өсч байдаг хөрөнгө. Төрийн банкны санхүүгийн тайлангаас харахад 2012 оны жилийн эцсээр 1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2013 онд Хадгаламж банкийг нэгтгэсэн таван сарын хугацааг оруулаад 6,6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Энэ юуг харуулж байна гэхээр Ш.Батхүүгийн босгосон Хадгаламж банкийг Төрийн банк аваад үр шимийг нь хүртэж байна гэсэн үг. Нөгөө талаас 1,1 их наяд төгрөгийн активтай банк жилдээ 40-50 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоо байдаг.
Ш.Батхүүг өнөөдөр залилан мэхлэгч мэтээр дуудаж байна. Тэгвэл энэ хүний Хадгаламж банкинд бэлнээр оруулсан 84 тэрбум төгрөг хаана байна вэ? Үүнийг Хадгаламж банкны эрх хүлээн авагч юунд зарцуулсныг АТГ шалгаж тогтоох байх. Өнөөдөр Стандарт банкнаас авсан зээл, Арбитрийн шүүхэд ялагдсан тухай л ярьж байна. 100 гаруй сая доллар төлөх боллоо гээд л. Энэ бол 250 орчим тэрбум төгрөг. Тэгвэл Ш.Батхүүд учирсан хохирлыг тооцохоор нэг их наяд төгрөг. Даруй дөрөв дахин их байгаа. Энэ хүн төрөөс нэг ч компани хувьчилж аваагүй.Өөрөө компани байгуулж, гаднаас хөрөнгө оруулалт татаж, төдий зэрэгтэй том групп болгож Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж байсан хүн. Өнөөдөр зээлгүй компани гэж байхгүй. Зээл авч түүгээрээ ажиллаж, зээлээ төлж л явдаг зарчимтай.
-Ингэж хохирсон асуудлаа Ш.Батхүү гомдол гаргаад шалгуулж байгаа юу?
-Хадгаламж банкийг хууль бусаар татан буулгасан асуудлыг цогцоор нь, Эрдэнэт үйлдвэрийг Арбитрийн шүүхэд ялагдуулсан асуудал, мөн "Олон-Овоот”-ын асуудал зэргийг гомдол гаргаж шалгуулж байгаа. "Олон-Овоот”-ын хувьд тухайн үед 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гадны банкинд барьцаалагдсан байсан лицензүүдийг Монголбанкинд авчирч төвлөрүүлсэн. Гэвч 18 тонн алттай гэж Эрдэс баялгийн зөвлөлөөс тогтоосон нөөц худлаа болох нь олборлолтын явцад батлагдсан. "Олон-Овоот”-д асар их хөрөнгө оруулж олборлолт хийхэд ердөө зургаа, долоон зуун кг алт л гарсан. Тэгэхээр төр нөөцийг худлаа тогтоож Ш.Батхүүг хохироосон гэж би үзэж байгаа.
-Та хууль хяналтын байгууллагад үнэн зөвийг тогтоолгохоор хандсан гэж ярилаа. Үнэхээр таны хүсэлтийн дагуу энэ бүхнийг шалгаж байгаа юу. Харин ч Ш.Батхүү гэдэг хүнийг л шалгаад байгаа юм биш үү?
-Яг үнэндээ бол одоо гадуур Стандарт банкнаас авсан зээлийн тухай л ярьж байна. Ш.Батхүү гэдэг хүн амьдралынхаа турш залилан хийж, хөрөнгөжсөн мэтээр үзэж, хорьж шалгаж байна. Гол нь энэ бүх бизнесийг босгож ирсэн нь хэн нэг хүнд саад болсон юм шиг байна. Стандарт банкнаас би зээл аваагүй гэж Ш.Батхүү хэлээгүй. Харин ч авсан зээлээ төлнө л гэж хэлдэг. Үүний тулд Хадгаламж банк, "Олон-Овоот”, Эрдэнэт үйлдвэрийг ялагдуулсан асуудлыг зөвөөр шалгаж, миний оруулсан 84 тэрбум төгрөг хаана байна гэдгийг нь тогтоогоод өгөөч л гэж хүсч байна. Тэд Ш.Батхүүг шоронд хорьчихоод "Энэ хүнээс болж 109 сая ам.доллар алдлаа. Луйварчин” гэх мэтээр цоллож, хорьж байна. Ш.Батхүү тэнд үхвэл хэсэг бүлэг хүмүүст ашигтай байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хорьж байх хооронд Төрийн банкны хувьчлалын талаар ярьж байна. Төрийн банк Хадгаламж банкны тэр их актив хөрөнгийг хууль бусаар авсан уу гэдгийг тогтоох цаг нь болсон. Хамгийн ноцтой нь, Хадгаламжийн даатгалын корпораци гэдэг ашгийн бус төрийн байгууллага ашгийн төлөө Төрийн банкны хувьцааг 2013 оны есдүгээр сарын 27-нд шилжүүлээд авчихсан байдаг. Өнөөдөр хүмүүс үүнийг мэдэхгүй л явж байна. Яагаад төр хөшигний цаана хуйвалдаж болдог, энгийн иргэн шударгаар явж болдоггүй хэрэг вэ. Үүнийг л прокурор, АТГ-ынхан шалган тогтоож өгнө үү гэж бид хүсч, АТГ-т бүх баримтыг гаргаж өгсөн.
Ш.Батхүү өнөөдөр хураасан хөрөнгөө оффшор дансанд хийж гадагш нь зөөгөөгүй, нуугаагүй. Авсан зээлээ цаг хугацаанд нь төлөөд бизнесээ хийгээд явж байсан. Тодорхой хэмжээнд эрсдэлд орсон нь үнэн. Гэхдээ энэ эрсдэлийг төр үүсгэсэн гэж би үзэж байна. Түүнийг хууль бусаар хорьсоор байгаа ч үнэн мөн нь олдох цаг ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
Б.АМАРТҮВШИН
эх сурвалж:unen.mn