| |
Видео
Шинэ мэдээ
Дэлхийн дэвжээнд С.Батцэцэг хүч үзэхээр болов
Чөлөөт бөхийн 2018 оны ДАШТ-д оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд сэргээшийн асуудлаас болж өөрчлөлт орж, эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч үзэх П.Орхоны оронд "Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг барилуулах шийдвэр гарсан байна.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 20-28-нд Унгар улсын нийслэл Будапешт хотноо болно. П.Орхон 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна ДАШТ-д явах сонгон шалгаруулалтад С.Батцэцэгийг ялж эрхээ баталгаажуулсан байв. Харин хориотой бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гавъяат тамирчин П.Орхон энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөр болж байна. Түүнд оногдох шийтгэлийн хугацаа одоогоор тодорхой бус байгааг албаны хүн хэлж байгаа юм.
П.Орхон өнгөрөгч наймдугаар сард Индонезийн Жакарта-д болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдөж аваргын алтан медалийг хүртсэн бөгөөд тэмцээний дараа авсан допингийн шинжилгээнд бүдэрч Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос МҮОХ-нд ирүүлсэн бичигт түүний амжилтыг хүчингүй болгосон. Одоогоор Монгол Улсын Азийн наадамд авсан алтан медалийн тоо тав байсан бол дөрөв болж, 16-гаас 17 дугаар байр руу ухарлаа.
Азийн наадмын үеэр П.Орхоноос авсан шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрсэн мэдэгдэл МҮОХ, Монголын допингийн эсрэг үндэсний төв, АОЗ-ийн ерөнхийлөгч, Дэлхийн бөхийн холбоо (UWW), Азийн бөхийн холбоо (AAWC), Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) зэрэг байгууллагад иржээ. Нэг хэсэг спорт сонирхчдыг шуугиалсан энэ асуудал Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гарах шийдвэрийг хүлээж байгаа юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг