|
Видео

Шинэ мэдээ

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын төсвийн орлого анх удаа 11.1 их наяд төгрөгт хүрнэ

 

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын төсвийн орлого анх удаа 11.1 их наяд төгрөгт хүрнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
 
Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцсоныг Сангийн сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, "Төсвийн орлогод Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сангийн орлогыг тооцоогүй. Энэ хоёр сангийн орлогыг оруулж тооцвол Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 11.1 их наяд төгрөгт хүрнэ. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашдаа үргэлжилнэ гэдгийг харуулж байгаа юм. Ирэх оны төсвийг хийхдээ ДНБ-ий өсөлтийг 8 хувьтай байхаар тооцлоо. УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сард Татварын багц хуулийн төслийг баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх эдгээр хууль эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Тухайлбал, жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгж 1 хувийн татвар төлөх юм. Засгийн газраас Тавантолгойн нүүрс гаргаж буй боомтуудад шалгалт хийсэн. Энэ үед Тавантолгойгоос олборлосон болон хилээр гаргасан нүүрсний хэмжээ зөрөх асуудал илэрсэн тул хяналтыг сайжруулж, боомтуудад ачааны болон суудлын автомашин шалгах рентген суурилуулах болсон. Ингэснээр Монгол Улсын баялаг хяналттай болж, татварыг бүрэн авах боломж бүрдэнэ. Мөн импортолж буй шатахууны чанарыг хэмжих тоног төхөөрөмж авах хөрөнгийг төсөвт суулгасан. Энэ нь Монгол Улсад чанаргүй шатахуун борлуулах, үүнээс үүдэн иргэдийн автомашин эвдрэх хохирлыг таслан зогсоох чухал алхам болно. Түүнчлэн татвар болон гаалийн мэдээллийн санг нэгтгэнэ. Манай Засгийн газар байгуулагдсанаас хойш арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Мөн арилжааны банкууд дээр байсан Засгийн газрын хөрөнгийг татан авч байгаа. Энэ бүх ажлын үр дүнд 2016 онд ДНБ-ий 85 хувьтай тэнцэж байсан Засгийн газрын өрийн хэмжээг 55 хувь болгож бууруулах юм. Тухайлбал, Ирээдүйн өв сан анх байгуулахдаа Монгол Улсын хөгжлийн сангаас 1 их наяд 71.9 тэрбум төгрөгийн өрийг хүлээж авсан. Ирэх онд уг өрийг бүрэн төлөөд зогсохгүй 553.1 тэрбум төгрөгийн хуримтлал бий болно. Нөгөөтэйгүүр зарлагын реформыг хийхдээ төсвийн хуваарилалтыг тэгш, хүртээмжтэй байхад анхаарна. Өмнө нь нэг аймагт ижил багтаамжтай хоёр сургууль барихад өөр, өөр төсөв суулгадаг байсан. Энэ тогтолцоог хална. Мөн зарим нэг төсвийн урсгал зардлыг 2018 оны түвшинд барина. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлд 720 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг цахимжуулах, санхүүжилтийг зөв зарцуулах чиглэлд анхаарна. Төрийн өмчийн зарим эмнэлгийг бие даан үйл ажиллагаа явуулдаг болох ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжинд Улсын II эмнэлэг, ХСҮТ-ийг туршилтаар бие даан ажиллахаар төлөвлөж байна. Үүнээс гадна орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмж байгаа. Тухайлбал, хайгуулын лицензийн 50 хувь, агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь, газрын тосны лицензийн төсвийн 30 хувийг тухайн аймаг өөрсдөө бие даан зарцуулах юм. Түүнчлэн, "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн нийт хөрөнгө 144 тэрбум байсныг 189 тэрбум болгож нэмлээ. Ингэснээр нэг аймагт 8-14 тэрбум төгрөг нэмж хуваарилах боломж бүрдэнэ. Аймгууд уг хөрөнгийг дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх, сургууль цэцэрлэгээ тохижуулах зэрэгт зарцуулах юм. Ирэх онд гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг эрчимжүүлнэ. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх, саарал усыг дахин ашиглах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс гадна Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Нефт боловсруулах үйлдвэр, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам, Налайх-Чойрын чиглэлийн автозамыг шинэчлэх зэрэг олон ажлыг өрнүүлнэ. 2019 онд Улсын төсвөөс 1.3 их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулна. 2018-2020 онд барих сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын дийлэнх хэсгийг ирэх жил эхлүүлнэ. Тухайлбал, 2019 онд 49 сургууль, 60 цэцэрлэг, 22 дотуур байр, 32 эмнэлэг, 27 спорт зал барихаар төлөвлөж байна" гэлээ. Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
-Ирэх онд олон улсын зах зээл дээр түүхий эдийн ханш унах хандлагатай байгааг эдийн засагчид хэлж байна. 2019 оны улсын төсвийг хэр бодитой төсөөлсөн бэ?
 
-ОУВС анх 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувиар өснө хэмээн тооцоолж байсан ч саяхан уг төсөөллөө 0.2 хувиар бууруулсан. АНУ, БНХАУ-ын худалдааны дайнаас үүдэлтэй санхүүгийн салбарт тодорхой эрсдэл бий болно хэмээн үзэж байгаа. Энэ хүрээнд бид төсвөө тооцоолж боловсруулсан. 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд зэсийн үнийг 7200 төгрөгөөр тооцож байсан бол энэ удаад 6250 төгрөг болж буурууллаа. Мэдээж төсвийн орлогыг бүрдүүлэхэд хэцүү. Гэхдээ Засгийн газар энэ орлогыг бүрдүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
 
-Төсвийн алдагдлыг хэдэн хувиар бууруулсан бэ?
 
-Төсвийн алдагдал 2018 онд 2.4 их наяд байсан. Харин ирэх онд 1.9 их наяд болж буурсан. Үүнээс 1.3 тэрбум төгрөг нь гадаадын зээл тусламж байх юм. Энэ хөрөнгийг дээр дурьдсан Төв цэвэрлэх байгууламж, Нефт боловсруулах үйлдвэр барих, Улаанбаатар-Дархан чиглэлийн, Налайх-Чойрын чиглэлийн автозамыг шинэчлэхэд зарцуулна. Үлдсэн 500 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох замаар зохицуулна гэж үзэж байгаа.
 
-Хүүхдийн мөнгөнд өөрчлөлт орох уу?
 
-Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохоор тооцсон. Харин ХНХЯ-наас Хүүхдийн мөнгийг авах хүсэлт ирүүлсэн бүх өрхөд олгох санал ирүүллээ. Энэхүү саналын дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой.
 
-Цалин хөлсийг хэдэн сард нэмэх вэ?
 
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан ирэх оны 1 дүгээр сараас нэмнэ. Энэ хүрээнд цалингийн нэгдсэн систем бий болно. Уг системд төрийн бүх албан хаагчдын ажиллаж буй газар, албан тушаал, цалин, урамшууллын хэмжээ зэрэг бүхий л мэдээллийг багтаах юм.
 
-МСҮТ-ийн оюутнуудад тэтгэмж олгох уу?
 
-Ирэх оноос МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Үүнд зориулж 41 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эдийн засаг өсч, үйлдвэрлэл хөгжих үед мэргэжилтэй ажилтны эрэлт нэмэгддэг. Гэтэл МСҮТ-д суралцагсдын тоо ажлын байрандаа хүрэлцэхгүй байх тохиолдол гардаг. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэх бодлого барьж байна. 
 
-Ирэх онд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газарт шилжүүлэх үү?
 
-Монголбанкинд хэвээр үргэлжилнэ.
 
-Агаарын бохирдлыг бууруулахад хэдэн төгрөг зарцуулах вэ?
 
-Нийт 200 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Үүнээс 45 тэрбумыг гэр хорооллын цахилгаан, дулаан хангамжийг сайжруулахад зарцуулна. Үлдсэн хөрөнгийг бусад арга хэмжээнд зарцуулах юм. Тухайлбал, ирэх оны 5 дугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон. Энэ хүрээнд сайжруулсан түлш үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд тодорхой хөрөнгө зарцуулна.
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler