![]() |
Дуудагдсан эрүүл мэнд
Өдөр өдрөөр даяарчлагдан буй энэ нийгэмд хөгжлийн түлхүүр болсон сэтгэц оюун ухаанаа анхаарах цаг нэгэнт иржээ.
Хүн эрүүл байна гэдэг нь зөвхөн бие махбодийн хувьд эрүүл байхаасаа гадна, сэтгэцийн хувьд эрүүл байж, нийгэм хамт олонтойгоо дасан зохицох чадвартай, өөрийн гэсэн байр суурьтай бөгөөд өөрийн чадвартаа тохирсон ажлын үр бүтээмжтэй байхыг хэлнэ. Иймд бие махбодийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэц, нийгмийн хувьд эрүүл байх шаардлагатай. Бие сэтгэц хоёрыг хэзээч тусад нь авч үзэж болохгүй. Сэтгэц өвдвөл бие өвдөнө, бие өвдвөл сэтгэц өвдөнө.
Ихэнх хүмүүс сэтгэцийн өвчин гэхлээр л шар хадны эмнэлэгийг төсөөлж, шар хадны эмнэлэг гэхээр л галзуурч солиорсон, дэмийрсэн, хашгирч орилсон, унаж татсан хүмүүсээр төсөөлдөг. Гэтэл энэ нь зөвхөн сэтгэцийн эмгэгийн хүнд хэлбэрийн үед илэрдэг шинж тэмдэг юм.
Тэгэхлээр сэтгэцийн эмгэгт галзуурч солиордоггүй мөртлөө хүний айхааргүй зүйлээс айдаг. Тухайлбал олны өмнө үг хэлэхээс айж, хүмүүстэй хамт хоол идэх, эсрэг хүйсний хүнтэй уулзах үед айж, эмээх, ичих мэдрэмжүүд хийгээд "нүүр улайх вий”, "огиудас хүрэх вий”, "хөлрөх вий” хэмээх яльгүй зовлонт айдсууд өөрийн эрхгүй төрж, зүрх дэлсэх, нүүр улайх, бие салганан чичрэх амьсгаадах зэрэг шинжүүд илэрч бие, сэтгэл шаналдаг. Мөн таних танихгүй хүнтэй уулзах болгонд намайг шоолох вий, хүний элэг доог болох вий гэхээс айж аль болох хүмүүстэй уулзахаас зайлсхийдэг. Ингэхээр айдас гэдэг олон янз байдаг бөгөөд ганцаараа байхаас айх, харанхуйгаас айх, шинэ юмнаас айх, цахилгаан цахихаас айх, могойноос айх, өндрөөс айх гэх мэт.
Үүнээс гадна сэтгэцийн эмгэгт хүн түгшихээргүй зүйлээс түгшиж, байнга хар дарж зүүдлэх, нойргүйтэх, юманд санаа зовох, сэтгэлээр унаж гутрах, архаг ядаргаанд орох, архи болон бусад мансууруулах бодист донтох, бэлгийн гаж өөрчлөлтүүд хүртэл багтдаг байна.
Сүүлийн үед хүүхэд залуучуудын дунд их тохиолдож байгаа эмгэгүүдэд дэлгэцийн донтолт, PC тоглох, гадуур тэнэх, өөрийнхөө бие эрхтнийг голох, түүнээсээ ичиж зовох зэрэг сэтгэцийн завсрын эмгэгүүд илэрч байна. Хүүхэд өсвөр үеийнхэнд сэтгэцийн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэг нь 5 хүүхэд тутмын 1-т тохиолддог бөгөөд бага сургуулийн насанд хөвгүүдэд, өсвөр насанд охидод сэтгэцийн эмгэг илүү тохиолдож байна гэсэн судалгаа байдаг. энэ нь бага ангид байхдаа хөвгүүд хэт хөдөлгөөнтөх эмгэг, анхаарал дутмагшлын эмгэг, харин охид өсвөр насандаа өөрийн бие эрхтнээ голох, өөртөө итгэлгүй болох, хоолноос татгалзах эмгэг зэрэгт өртөх нь илүүтэй байдаг байна.
Энэ бүхэн нь өөрөө сэтгэцийн эрүүл мэнд юм.
Сэтгэцийн эрүүл мэнд гэсэн ойлголтод маш өргөн хүрээний асуудлууд багтдаг бөгөөд хүнийг сэтгэцийнх нь хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж 3 ангилж авч үздэг.
Гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, архидалт, хардалт, хүүхдийн буруу хүмүүжил зэрэг олон хүчин зүйлсээс болж хүн хоорондын болон хүний дотоод будлиан, бухимдал, стресс, тайван биш байдал, сэтгэл зовох зэрэг сэтгэл зүйн өөрчлөлтүүд үүсэх нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал юм. Ийм сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст сэтгэцийн эмчийн ба сэтгэл зүйчийн тусламж зайлшгүй шаардлагатай байдаг байна.
Эрүүл хүмүүс сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд бэрхшээлийг даван туулах чадвар, стресст орохгүй байх болон стресс бухимдлаа зөвөөр тайлах чадвар, нийгэм хамт олонтойгоо зохицож амьдрах чадвар, сэтгэл хөдлөлөө барьж удирдах гэх мэтчилэн чадваруудад суралцаж байж хүн зөвөөр сэтгэж, амьдралд учирч буй бэрхшээлийг шийдэх чадвартай, гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа эвсэг харилцаатай, нийгэмдээ өөрийн гэсэн байр суурьтай, бүтээлчээр хандах чадвартай, оюун санааны хувьд амар тайван байж бусдад инээд хөөр, аз жаргалыг өгч чадна гэдгийг хүн бүр дор бүрнээ ухамсарлан ойлгох нь чухал болоод байна.
Эцэст нь хэлэхэд сэтгэцийн эрүүл мэнд гэсэн орхигдсон эрүүл мэндийг одоо бид өөрийн эрхгүй хар аяаандаа нийгмээ дагаад урган гарч байгаа учраас энэ талаар ярихгүй, хэлэхгүй, сануулахгүй байхын аргагүйн эрхээр ДУУДАГДСАН ЭРҮҮЛ МЭНД гэж хэлье.
Хэрэв танд сэтгэл зүйн болон сэтгэцийн эмчийн тусламж хэрэгтэй байгаа бол Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн сэтгэцийн кабинет болон "БЗД ЭМТ сэтгэц-наркологийн баг” гэсэн Facebook групп-ийн хаягаар хандана уу!!!
Бид таны нууцыг чандлан хадгална.
