| |
Их аварга Хакүхо Осака Наоми, Стивен сигал нарт бэлэг өглөө
Японы нийслэл Токио хотноо болж байгаа мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний 7 дахь өдөр их аварга Хакүхо 7 дахь ялалтаа авч, ёкозүна Какүрюү, озэки Такаясү, маэгашира Хокүтофүжи нарын хамт башёг тэргүүлж байна. Энэ ялалт түүний ёкозүна цолтой авсан 799 дэх даваа байлаа. Одоо ганц давахад л ёкозүна цолтой 800 ялалт гэсэн урьд өмнө ямар ч их аварга хүрч байгаагүй агуу амжилтыг тогтоох болно.
Энэ өдөр Бөхийн өргөөнд газрын теннисний Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж, Япон орныг аз жаргалд умбуулсан Осака Наоми ирж, барилдаан үзлээ. Одоо Японд хамгийн алдартай хүн бол Наоми болоод байгаа. Түүнийг тайван амгалан сүмо үзүүлэлгүй, зураг аван саад болоод байсан тул Сүмогийн холбооноос үзэгчдэд анхааруулга өгч байж, намжаасан гэж байгаа.
Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэхээс нь өмнө тоглолтыг нь үздэг байсан гэх их аварга Хакүхо барилдааны дараа түүнтэй уулзаж, том тэмцээнд түрүүлсэнд нь баяр хүргэлээ. Мөн тэр өдрийн шагналын мөнгөнөөсөө бэлэглэж, цаашдын замналд нь амжилт хүссэн байна. Осака Наоми "Сүмо анх удаа үзэж байна. Гоё байлаа. Хакүхо их күүл залуу юм” гэж инстаграм дээрээ бичжээ.
Осакагийн дараа бас нэгэн зочин ирсэн нь Холливудын жүжигчин Стивен Сигал. Дурсгалын зураг авахуулсан Сигалд ч мөн шагналын мөнгөнөөсөө хүртээж, сэтгүүлчдэд "Гэргий нь монгол хүн тул их ойр санагддаг” гэж ярьсан байна.
Их аварга өнөөдөр давахад ёкозүна цолтой 800 даваа авахаас гадна Намрын тэмцээнд 14 давахад дээд зиндааны 1000 дахь ялалтаа авах юм. Мэдээж 41 дэх түрүү гээд сүмогийн түүхэн дэх дээд олон амжилт түүний өмнө байна.