![]() |
Монгол Улсын соёлын элч Каваүчи Широг хүлээн авч уулзав
Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан Япон Улсын иргэн Каваүчи Широгийн хувь нэмрийг нь үнэлж 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасан. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын иргэн Каваүчи Широд Монгол, Японы ард түмний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулсан юм.
Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар тус улсад айлчилсан талаараа дурдав. Мөн Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар 2017 оны долдугаар сард Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима манай улсад айлчилсан болохыг хэлэв. Хоёр орны парламент хоорондын харилцаа өргөжиж байгааг тэрбээр онцлоод, Монгол-Японы харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хоёр улсын парламент анхаарч, бүх түвшний харилцаа хамтын ажиллагааг хялбаршуулан өргөжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр идэвхтэй ажилладаг болохыг дурдав.
Бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий "гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэрбээр тэмдэглэв. Монгол Улс гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцоллоо.
Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ цаг зав гарган хүлээн авч уулзаж буй УИХ-ын дарга М.Энхболдод гүн талархал илэрхийлээд "Анх 2010 онд Хакухо М.Даваажаргалын танилцуулснаар Монгол Улсыг мэдэж, сайн дурын ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг явуулж ирсэн" хэмээн танилцуулав. Тэрбээр соёл, спортын зарим төрлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр улсын иргэд хоорондын харилцааг дэмжих сэдвээр тодорхой саналыг танилцуулав.
Ирэх онд хоёр улсын хооронд "Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд соёл, урлаг, иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хоёр талдаа зохион байгуулна. Үүнд ноён Каваүчи Широ идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлээд, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүслээ.
Каваүчи Широ нь Японы Токушима мужийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бөгөөд "Кансай Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулан ажиллуулж байна. Тэрээр 2012 оноос Монголын язгуур урлагийг сурталчлан таниулах ажилд хүчин зүтгэсэн бөгөөд Японы баруун бүс нутгийн хотуудад монголын ардын урлагийн томоохон хэмжээний тоглолтуудыг өөрийн санхүүжилтээр зохион байгуулж, сүм хийд сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, түргэн тусламж, гал комманд, хогны машин зэргийг бэлэглэж, Улаанбаатар хотод бэйсболын талбай байгуулах зэргээр Монголын хүүхэд залуучуудын хөгжил, боловсролыг дэмжиж иржээ.
