| |
Видео
Шинэ мэдээ
Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.
Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ:
"2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, 2018 он гарсаар /2018 оны зургадугаар сарын байдлаар/ гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барж, 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн” талаар тоо баримт дурдаж, нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл болгосон байдаг.
Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа талаар тайлан, мэдээлэл сонсож, дахин үүрэг, чиглэл өгөх уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. 2017 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтад "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг” байгуулагдсан байна.
2018 оны дөрөвдүгээр сард "Хүүхэд хамгаалал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Та бүхэн санаж байгаа байх. Энэ мэт олон хэлэлцүүлэг, хурал зохион байгуулж байгаа ч томчуудын хайхрамж, болгоомжгүйгээс хүүхэд эндэх, хүчирхийлэлд өртсөн гэх статистик, тоон мэдээллүүд буурахгүй байна.
Үүнтэй холбоотойгоор 2018 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар үг хэлэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр үйл, ажиллагаа явуулдаг бүхий л төрийн байгууллагуудад хандан зургаан зүйлтэй үүрэг, даалгавар, ажлын чиглэлүүд өгсөн. Тухайн чиглэлд Хүүхэд хамгааллын хууль, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх журмыг мөрдүүлэх, сургууль цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг, шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах зэрэг зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.
Энэ дагуу нийт 11 төрийн байгууллага үүрэг, чиглэл авснаас өнөөдрийн байдлаар найман байгууллага тайлангаа ирүүлсэн байна. Тайлангуудыг нэг бүрчлэн уншихад санаанд нийцсэн, үнэхээр арга хэмжээ авч гээд тайвшрах хэмжээний тайлангууд ирсэнгүй.
Мэргэжлийн байгууллагууд улсын хэмжээнд ажиллаж байгаа 798 ЕБС-иас 44 сургууль буюу 18 хувьд нь, 1416 цэцэрлэгээс 60 цэцэрлэг буюу 23.6 хувьд нь шалгалт хийсэн байна. Хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн байгууллагуудыг шалгасан дүн мэдээ тайланд дурдагдаагүй байна. Энэ мэт тайлангуудаас харахад шалгалтаар илрүүлсэн зөрчлөө л бичиж. Харин зөрчлийг арилгуулж, түүнийгээ биечлэн шалгасан тухай тайланд дурдагдаагүй байна. Тоо баримт нэгтгэх, бичиг шаардлага өгөх, торгох нь бидний хүсээд байгаа үр дүн биш гэдгийг ойлгож байгаа байх” гээд тайлангаас тодруулах зүйлсээ холбогдох төрийн байгууллагын удирдлагуудаас асуув.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
–Ил задгай, аюултай цахилгааны утас хэдийг илрүүлж, хэдийг аюулгүй болгосон бэ. Жишээ нь, тайланд дурдсан Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 11 гудамжны айлууд борооны усны хамгаалалтгүй гэж бичжээ. Тэнд байгаа цахилгааны утаснуудыг хэрхэн аюулгүй болгосон бэ?
2018 оны наймдугаар сард буюу энэ сард улсын комисс хүлээж авсан Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн цахилгааны удирдлагын өрөөнд ус нэвчиж, хоёр цаг тутам шахуурга ашиглан усыг гаргаж байгаа нь цэцэрлэг тэр чигтээ галын аюултай байна гэж тайланд дурдсан байна. Ингээд ямар арга хэмжээ авсан юм бэ? Яагаад ийм цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авсан байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газрын холбогдох хүмүүс хариулна уу?
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:
-Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн цахилгааны удирдлагын өрөөнд гүний ус нэвчсэн асуудал гарсан. Бид мэргэжлийн байгууллагуудтай нь хамтарч цахилгааны шитийг шилжүүлсэн. Цаашдаа цахилгааны аюулгүй байдал хангагдаж, эрсдэл үүсэхгүй байх.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
–Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчид захидал бичээрэй аяны хүрээнд 12 мянга гаруй хүүхэд надад захидал илгээсэн. Үүнээс 31 хувь нь орчны аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүссэн захидал байсан. Ингээд бид сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай гээд хүүхдэд хамаатай орчинд аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн. Гэтэл ердөө 79 тоглоомын талбайд үзлэг хийсэн байна. Тэдгээрээс сүүдрэвч хөдөлсөн 15, суурь нь хөдөлсөн 17, аюулгүй байдал хангаагүй тоглоомын талбай 6 байсан байна. Ядаж энэ зөрчлүүдийг арилгасан уу, тайланд дурдаагүй байна.
Мөн хүүхэд сургууль, цэцэрлэгтээ идэж буй хоол, хүнснээсээ хордохгүй байх баталгаа энэ хичээлийн жилд хангагдсан уу. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэгийн хэмжээ батлагдсан хэмжээнээс 310 ккалаар бага, хүнсний ногоо, жимс жимсгэний хэмжээ 4 дахин бага, харин будаа, гурил, чихэрлэгийн хэмжээ байнга их байсан хэвээр байна шүү дээ. Энэ харьцааг эрүүл, зохистой болгох асуудлаар ямар ажил хийж байгаа вэ?
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:
-2018 оны долдугаар сарын эхээр БСШУСЯ-наас нийслэлийн ЕБС-иудад орчны аюулгүй байдлын цогц үнэлгээ хийсэн. Мөн Нийслэлийн боловсролын газраас төсөв, төлөвлөгөө боловсруулж сургууль, цэцэрлэгийн, ялангуяа цэцэрлэгийн гадна орчны тоглоомыг шинэчлэх асуудлаар ажиллаж байгаа.
Мөн сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний асуудлаар гарч байсан холбогдох 207, 130 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой чипс, хийжүүлсэн ундаа гэх зэрэг зүйлсийг сургуулийн орчинд заруулахгүй байх, хоолны илчлэг, хэмжээтэй холбоотой шинэчлэгдсэн тушаал гарч, тушаалыг Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
–2016 оны хоёрдугаар сард буюу хоёр жил гаруйн өмнө Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсан. 2017 оны арваннэгдүгээр сард Иргэний танхимд болсон хэлэлцүүлэг, 2018 оны дөрөвдүгээр сард болсон хэлэлцүүлгээр дээрх хуулийн дагуу хүүхэд хамгааллын стандартыг хэзээ боловсруулах вэ гэж асууж байсан. Тухайн үед боловсруулж байгаа гэж хариулсан байна. Одоо ямар хэмжээнд байна вэ?
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:
-БСШУСЯ-наас сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогыг баталж гаргасан. Энэ хичээлийн жилийн есдүгээр сарын 1-нээс эхлэн ЕБС-ийн хүүхэд хамгааллын бодлого хэрэгжээд эхэлнэ. Дээрээс нь сургууль, цэцэрлэгийн орчны эрүүл ахуйн стандарт батлагдсан. Мөн бид одоо орчны стандартыг батлуулахаар ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Энэ ажил хэлэлцүүлэх шатандаа явж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа газруудын 76.3 хувь нь их, дунд хэмжээний эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ зөрчлийн хэдэн хувийг арилгасан бэ. 76.3 хувиас буурсан уу. Зөрчил арилгаагүй газруудад цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:
-Энэ хичээлийн жилд 439 хүүхэд харах үйлчилгээний байгууллагаар 4900 гаруй хүүхэд хүмүүжих урьдчилсан мэдээлэл бий. Энэ бүх байгууллагууд дээр хяналт тавьж байгаа. Эцсийн үр дүн гараагүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Мэргэжлийн багшаар хангагдаагүй сургууль, цэцэрлэг нийслэлд 63 байна гэсэн тоо гарч. Орон нутагт энэ талын мэдээлэл алга. Орон нутагт ямар байр, байдалтай байгаа вэ?
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:
-Энэ жил бага боловсролын бүлгийн тоо 500 орчим бүлгээр нэмэгдэх тооцоо гарсан. Энэ хэмжээнд бага ангийн багшийн эрэлт, хэрэгцээ нэлээдгүй бий. Ер, нь мэргэжлийн багшийн хангалт 98.6 хувьтай байгаа. Харин хөгжмийн багшийн эрэлт маш өндөр байгаа. МУБИС-ийн болон Соёл урлагийн сургуультай хамтран хөгжмийн багш бэлтгэж байгаа. Бусад мэргэжлийн багш нар хангалттай бий.
Бага ангийн багш бэлтгэж байгаа сургууль улсын хэмжээнд 20 гаруй байдаг. Бид чанарын асуудалд анхаарч байгаа. Багшлах эрхийн гарааны шалгалтад орсон багш нарын 50 хувь амжилтгүй, шалгалтандаа унасан тул сургуулиа төгсөөд л ажилд орох боломжгүй байдал үүсч байгаа. 2019 оны нэгдүгээр сараас Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжээд эхлэхээр багшийн хангалт харьцангуй нэмэгдэх боломжтой. Мөн өмнө нь тусгай, дунд мэргэжлээр төгссөн багш нарын хөрвөх сургалтыг сайжруулснаар багш нарын дутагдал багасна. Хөдөө, орон нутгийн түвшинд ч гэсэн бид судалгаа авсан. Бүх мэргэжлийн 971 багш шаардлагатай байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Олон нийт маш үндэслэлтэй нэг асуудал гаргаж тавьдаг. Энэ нь цэцэрлэг 17:00 цагт тардаг. Гэтэл ажил 18:00 цагт дуусдаг. Энэ хооронд эцэг, эх ажлаа нэг цаг таслах асуудал бий. Давхар замын түгжрэлээс болж хоцорлоо гэхэд цагийн 1000-3000 төгрөгийн торгууль эцэг, эхчүүдээс авч байна. Энэ асуудлыг яах вэ. Нийгэмд бодитоор тулгарч байгаа асуудал шүү.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:
-БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, боловсролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчний ажлын ачаалал, хариуцлага дээр үнэлгээ хийсэн. Үүн дотор хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа хэсэгт цалин хөлсийг нь нэмэх асуудлыг ярьж байна. Цэцэрлэгийн багш нарын ачаалалд тохирсон хөлсийг нь өгөх асуудлыг ХНХЯ-нд хүргүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
–Цэцэрлэг 17:00 цагт, та өөрөө 18:00 цагт тардаг. Өөрөө 17:00 цагт хүүхдээ авахын тулд нэг цагийн ажлаа яаж зохицуулж байна?
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:
–Би өөрөө авдаг. Илүү цагаар хүүхдээ харуулсны төлбөр гэж ажилласан багшид урамшуулал өгдөг. Яамны хэмжээнд энэ цагийн зөрөөний асуудал яригдаж байгаа. Орой ямар ч аргагүй хүүхдээ 18:00 цагаас авдаг бол илүү цагийн бүлэг ажиллуулах зэрэг асуудал яригдаж байгаа” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цааш ярихдаа энэ асуудлыг шийдэх арга зам, саналаа долоо хоногийн дотор боловсруулж илгээхийг холбогдох байгууллагуудад даалгав. Мөн энэ уулзалт нь тайлан, мэдээ унших, түүнийг шалгах биш, үүссэн асуудлыг нэгдэж нийлэн үр дүнд хүрэх асуудал гэдгийг онцоллоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Цагдаагийн Ерөнхий газраас "Хайрла, хамгаал”, "Хүүхэд хамгаалал”, "Хуулиа мэдье” зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж, үр дүнд нь хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг 30.2 хувиар буурсан гэсэн сайшаалтай үр дүн гарсан” талаар дурдаж, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр иймэрхүү бодит ажил зохион байгуулахад хамтарч ажиллана гэдгээ хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан бэлтгэл ажлын асуудлаар төрийн байгууллагын төлөөллүүдтэй дэлгэрэнгүй ярилцаж, долоо хоногийн дотор үүссэн зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авч, нэг сарын дараа дахин уулзахаар товлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтад: УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны мэргэжилтнүүд, БСШУСЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Хүний эрхийн комиссын дарга Г.Бямбадорж, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд зэрэг төрийн байгууллагын 30 гаруй хүн оролцов.