| |
М.Жаргалмаа: Эхийн сүүгээ удаан хөхсөн хүүхдийн оюуны чадвар илүү сайн байдаг
Жил бүрийн наймдугаар сарын 1-нээс 7-ны хооронд "Хүүхдийг эхийн сүүгээр хооллох 7 хоног"-ийг тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөртэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эрүүл мэндийн Нийгмийн ажилтан М.Жаргалмаатай ярилцлаа.
-Сайн байна уу? Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс "Хүүхдийг эхийн сүүгээр хооллох 7 хоног"-ийг тохиолдуулан олон нийтэд чиглэсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
Олон нийтэд түшиглэсэн нярай бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг Баянзүрх дүүргийн Соёлын Ордонд "Эхийн сүү-Амьдралын үндэс” уриатайгаар энэ сарын 10-нд 13.00 цагаас зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.
Өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, зөвлөгөө уралдаан тэмцээнүүд явагдана. Мөн ӨЭМТөвүүд болон салбар амбулаториудаар сургалт сурталчилгаа хийгдэж байна.
-Хөхөөр хооллолтын ач холбогдлын талаар ярьж эхлэхээс өмнө төрөхөөсөө өмнө хөхөө бэлтгэх, ангир уургийг аль болох эрт амлуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байх?
Тийм шүү. Шинэхэн ээжүүд маань хүүхдээ төрүүлээд л энэ асуудлыг анхаарч эхэлдэг хэнэггүй хандлагаасаа болж ангир уургаа амлуулж чадахгүй байх, буруу амлуулах, хүүхдээ зөв хөхүүлээгүйгээс болж хөхний толгой хагарах, уургаа зангируулах, чинэсэн хөхөө суллаж чадаагүйгээс хөхний буглаа үүсэх гэх мэт маш олон асуудлуудтай тулгарах эрсдэлтэй байдаг. Үүнээс сэргийлэх гол арга бол хөхөөр хооллолтын талаар эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлж төрөхөөсөө өмнө хөхөө бэлтгэх юм. Ингэхдээ:
- Жирэмсний 7 сартайгаас эхлэн хөхний толгойг халуун хүйтэн усаар шүрших
- Хөхний 4 талаас зөөлөн татах, 3 хуруугаараа товч нөсөөтэй хэсгийг эргүүлэх
- Хөхний толгой гарсан даруулга зүүж ил гаргаж, цамцны дотор тал, ширүүн юмаар үрж дасгах
- Хөхний толгой гараагүй бол өтгөн хар цай юмуу буцалсан усаар норгож хөхний нөсөөт хэсгийг дарж иллэг хийн хөхний толгойгоо имрэх байдлаар нааш нь татан гаргаж ирнэ.
- Хөхөө зөөлөн илж массаж хийх. Энэ нь сүүний булчирхайнуудыг суллаж, тайвшруулахаас гадна сүү үйлдвэрлэгдэхэд их нөлөөтэй. Иллэг хийхдээ хөхийг тойрог байдлаар хөхний толгой руу аажмаар чиглэсэн байдлаар илнэ. Үүний дараа хөхний толгойноос гадагш чиглэсэн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх
- Шигдсэн хөхний толгойг гаргаж ирэх болон хөхөнд иллэг хийхийг төрөлт ойртсон үед буюу 14 хоногийн өмнөөс хийж эхэлвэл тохиромжтой байдаг. Мөн зориулалтын хөхний толгой гаргагчийг ашиглаж болох бөгөөд харин хөхний саалтуураар орлуулж болохгүй зэрэг зүйлсийг анхаарах хэрэгтэй.
-Эхийн сүүний ач холбогдолын талаар мэдээлэл өгөөч. Ямар тохиолдолд нэмэлт тэжээл өгөх нь шаардлагатай болдог вэ?
Ангир уураг бол хүүхдийн анхны дархлаат вакцин болж халдвараас хамгаална, нүдний эмгэгээс сэргийлнэ, туулгах үйлчилгээ үзүүлж биед байгаа зунгагыг хурдан гадагшлуулж шарлалтаас сэргийлдэг. Түүнчлэн эхийн сүү нь хүүхдийн бодисын солилцоог хэвийн байлгаж, төрөл бүрийн халдвараас сэргийлэх, эрүү нүүр, бие махбодийн хэвийн өсөлт хөгжлийг дэмжих зэрэг маш олон сайн талуудтай зөвхөн өөрийн хүүхдэдээ зориулагдсан юугаар ч орлуулшгүй найрлагатай байдаг гэдгийг хэлмээр байна. Тиймээс эхчүүд маань хүүхдээ нэмэгдэл сүүнд оруулах гэж яаралгүй хөхөндөө сүү оруулах бүхий л аргуудыг туршиж үзэх хэрэгтэй шүү. Эмчийн зөвлөсний дагуу нэмэлт тэжээлийг хэрэглэнэ.
-Тэгвэл сүү багатай ээжүүд маань хөхөндөө сүү оруулах ямар аргуудыг хэрэглэж болох вэ? Зөвлөгөө өгөөч?
Сайн унтаж амрах, олон төрлийн хоол идэх, ус сайн уух, сэтгэл санаагаар өөдрөг байх, тайван байх, эх өөрөө хөхөндөө иллэг хийх гэх мэт энгийн аргууд байдаг. Мөн хүүхдээ зөв хөхүүлэх, хүүхэд хөхөө сайн хөхөх нь сүү сайн ороход нөлөөлдөг, хөхүүлэх үедээ өөр бусад зүйлс рүү анхаарахгүй хүүхдийнхээ нүд рүү харан инээмсэглэн, хөхүүлэх нь эх үрийн аль алинд нь тайван, тухтай байдлыг үүсгэн, сүүний гарцыг нэмэгдүүлдэг. Эсрэгээрээ хүүхдээ хөхүүлэх үедээ утсаар ярих, ухаалаг утсаар тоглох, цахим мэдээлэл унших, телевиз үзэх зэрэг нь эх үрийн тайван байдлыг алдагдуулж, хүүхэд хангалттай илчлэг, шим тэжээлээ авч чадахгүй цаашлаад сүүний гарцыг бууруулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Хүүхдийг 6 сар хүртэл нь хөхүүлэхэд хангалттай, тэрнээс цааш эхийн сүү нь ашигтай найрлагаа алддаг гэж ярьдаг. Энэ нь зөв үү? Эсвэл хүүхдийг том болтол хөхүүлэх хэрэгтэй юу?
Хөхөөр хооллох нь хүүхдэд насан туршийн ашиг тустай байдаг. Нярай болон багадаа хөхөөр хооллодог байсан өсвөр насныхан болон насанд хүрэгчид нь илүүдэл жин болон таргалалтанд өртөх, чихрийн шижин хэв шинж 2-оор өвдөх эрсдэл бага. Мөн өвчлөх нь бага байхаас гадна оюуны чадвар илүү сайн байдаг нь судалгаагаар батлагдсан байдаг. Эхийн сүү нь цаг үргэлж, хэзээ ч бэлэн, байнга цэвэр, тэжээллэг чанар болон температур нь хамгийн тохиромжтой, мөн эдийн засгийн хувьд зарлагагүй ганц хоол гэж хэлж болно. ДЭМБ-ийн зөвлөж байгаагаар хүүхдийг дөнгөж төрснөөс нь хойш 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох, хөхөөр хооллолтыг хоол тэжээлийнх нь хажуугаар 2 нас түүнээс цааш үргэлжлүүлэх хэрэгтэй.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.