|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

А.ЭРДЭНЭБАЯР: БАЯЛГИЙН ЭЗЭН БАЙХЫН ТУЛД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦУЦЛУУЛЖ, ШИНЭЭР ЭХЛҮҮЛЭХ ЁСТОЙ

А.ЭРДЭНЭБАЯР: БАЯЛГИЙН ЭЗЭН БАЙХЫН ТУЛД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦУЦЛУУЛЖ, ШИНЭЭР ЭХЛҮҮЛЭХ ЁСТОЙ

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны дарга, эрх зүйч А.Эрдэнэбаяртай ярилцлаа.


– Танай холбооноос Оюутолгой болон бусад ордын асуудлаар НҮБ-д хандсан. Ямар үндэслэлүүдийг дэвшүүлэв?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дэх заалт нь НҮБ-ын Ерөнхий Ассамблей-гаас 1952, 1962, 1974 онд гаргасан улс орнуудын байгалийн баялгийн тусгаар тогтнолыг хамгаалах тусгай тогтоолуудтай уялдаатай. Тухайлбал, 1952 онд "Улс орнууд байгалийн баялгаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд "Улс орнуудын байгалийн баялгийн тусгаар тогтнолын тухай” 1803-р тогтоол, 1974 онд "Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” 3201 тоот деклараци, 1974 онд "Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын 3281 дугаар харти батлагдсан байдаг. Эдгээр тогтоолын ач холбогдол нь улс орон бүрийн байгалийн баялаг нь тухайн улсын тусгаар тогтнолын салшгүй хэсэг гэж үзсэн.

Мөн төрийн өмч мөн болох, тухайн улсын Үндсэн хууль нь улс хоорондын болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс илүү хүчинтэй байх, улс орон бүр өөрийн байгалийн баялгийг бие даан захиран зарцуулах бүрэн эрхтэйг тодорхой заасан. Цаашлаад уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагч нь зөвхөн тухайн улсын төрийн зохицуулалт, эрх зүйн орчны хүрээнд үйл ажиллагаа явуулах олон улсын уул уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Гэтэл манайд бүх зүйл эсрэгээрээ хэрэгжиж байгаа тул НҮБ-д хандахаас аргагүй байдалд хүргэлээ.

-Бусад улс орнууд ээн асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа гадаадын хөрөнгө оруулагчтай "Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах бус, эхлээд орчин үеийн "Концессын гэрээ”, "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, "Ажил гүйцэтгэх гэрээ”, "Хамтарсан уулын үйлдвэр байгуулах гэрээ”-ний тухай хуулиудыг батлаад дараа нь уг хуулиудын дагуу гэрээ байгуулдаг жишиг бий. Манайд эерэг туршлагыг "Эрдэнэтийн Овоо” зэс-молибдены ордыг ашиглах талаар БНМАУ (Монгол Улс), ЗХУ (ОХУ)-ын Засгийн газрын хооронд 1973 онд байгуулсан "Хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр байгуулах тухай” хоёр талт олон улсын гэрээнээс харж болно.

Сөрөг туршлагыг 2009 онд "Оюу толгой”-н зэс-алтны ордыг ашиглах талаар нэг талаас Монгол улсын Засгийн газар, нөгөө талаас "Айвенху Майнз Инк”, "Айвенху Майнз Лимитед”, "Рио Тинто Лимитед” компаниудын хооронд 2009 онд байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ” батлан харууллаа. Ер нь бол 1973 онд дэлхий нийтийг хамарсан эрчим хүчний хямрал гарсан, үндэстэн дамнасан корпорациудын нөлөөлөл ихэссэн, газрын хэвлийн баялагийг өмчлөгч төр ба уг баялгийг ашиглагч хуулийн этгээд хоёрын хоорондох зөрчил хурцадсан зэрэг бодит шалтгаан нь олон улсын уул уурхайн эрх зүйн талаар дорвитой томоохон судалгаануудыг хийхэд хүргэсэн байдаг.Эдгээр судалгааны дүнд газрын хэвлийн баялгийг ашиглах талаар дэлхий нийтэд хоёр өөр асуудал гарч ирсэн байдаг.
Нэгдүгээрт, буурайн хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч гадаад, дотоодын хуулийн этгээд нь зөвхөн тухайн улсын төрийн зохицуулалт, эрх зүйн орчны хүрээнд үйл ажиллагаа явуулах, маргаантай асуудлыг зөвхөн тухайн улсын арбитраар шийдвэрлүүлж байх нь зүйтэй.

Хоёрдугаарт, өндөр хөгжилтэй улс орнууд байгалийн баялгийг ашиглах талаар олон улсын хэмжээнд хамтран ажиллах, үндэстэн дамнасан институтциуд байгуулах, маргаантай асуудлыг гадаадын буюу дотоодын арбитрыг сонгон шийдвэрлүүлж байх нь зүйтэй гэсэн судалгаа бий.

Тэгвэл Оюутолгойн гэрээг байгуулахад эрдэмтэн, мэргэжилтнүүд, иргэний хөдөлгөөнийхний бүхий л анхааруулга, санал зөвлөгөөг үл тоомсорлон хөнгөн хуумгай үйлдсэн эдгээр гэрээ нь анхнаасаа эрх зүйн чадамжгүй хэлцэл болчихсон. Монголчуудад ашиггүйгээр, тэгэхдээ бүр боловсролтой этгээдүүдийн боловсролгүй төвшины судалгаа байхгүй адгийн хувилбараар хийгдсэн луйврын шинж чанартай, гамшгийн улс орны тусгаар тогтнол эдийн засгийн аюулгүй байдлыг үгүй хийсэн гэрээ гэдэг нь олон түмэнд улам ойлгомжтой болохын хэрээр эрх зүйн хувьд эдгээр гэрээн дээр анхнаасаа үүссэн гацаа нь Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчсөн, эхнээсээ хууль бус тохиролцоо гэдгийг илтгэж байгаа юм.

-Та УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүн. Одоо ямар асуудлыг эргэж харах нь зүйтэй гэж үзэж байна?

-Гэрээний материалуудтай танилцаж байхад хууль тогтоомжийг зөрчсөн асуудал асар их байна. тэр дотор ноцтой зүйлүүд ч цөөнгүй. Тухайлбал, "Оюу Толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол байна. Оюу Толгойн гэрээг ямар нөхцөл,болзлын үндсэнд байгуулж болох вэ гэдгийг УИХ-аас Засгийн газарт бүр тусгайлан үүрэг болгож даалгасан энэ тогтоолын хоёр заалт (2 ба 3)-ыг зөрчиж гэрээг байгуулсан нь маш тодорхой байгаа юм. Жишээ нь, ”Эрх зүйн орчныг бүдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэсэн гуравдугаар заалтыг үл ойшоожээ. Үүний уршгаар эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй төдийгүй анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа ердөө 2-5 жилд хэлбэлзэх боломжтой байгааг мэдсээр байж шууд үгүйсгэн 30 жилээр гэрээнд хатуу тогтоож, УИХ-ын үүрэг,даалгаврыг илт гуйвуулан зөрчсөн.

Тусгаар улс орныг үгүйсгэж, олон улсын гэрээ конвецид заагдсан заалтыг зөрчсөн. Баялгийн тэгш хуваарилалтыг үгүйсгэн зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, ард иргэдэд асар их хохирол учруулахаар, гадаадын хөрөнгө оруулагч нарт ашигтай хэлцэлийг хийсэн. Иймд монгол төрийг удирдаж байсан тухайн үеийн болон одоо энэ гэрээг засч залруулахыг хүсэхгүй байгаа эрхмүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулахыг хүсч байна. Мөн "Ашигт малтмалын тухай” 2006 оны хуулийн 5.6-д "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заалтыг зөрчсөн. Харин ч эсрэгээр нь ямар ч хувьцаа арилжихгүй байхаар гэрээнд тохиролцсон явдал нь гэрээг хийгчид эрх мэдлээ хэтрүүлэн Үндсэн хууль, УИХ , Засгийн газрын тухай хуулиудын өдий төдий заалтыг зөрчсөн байгаа юм.Тэгээд үүнийгээ маш сайн гэрээ болсон, олон зуун хүнийг ажилтай болгосон гэхчлэн сурталчилж байгаа нь Монгол Улсыг асар богино хугацаанд өрийн асуудлаар гадаад улсын мэдэлд шилжүүлэх гэсэн харийн бодлого явж байна гэж хардах сэтгэгдэл төрүүлж байна.

-"Одоо тэгээд бүтээн байгуулалтыг зогсоох юм уу” гэж гэрээг хамгаалах хүмүүс ч байдаг шүү дээ?

-Маш товчоор хариулахад, Оюутолгойн ордыг ашиглахаар зохицуулагдсан төслийн хүрээнд Монгол Улс, Монголын ард түмэн есөн жилийн хугацаанд 50 их наяд төгрөгийн их өрөнд орсон. Дагалдах 21 төрлийн ховор элементийг үнэлэхгүйгээр эзэмшиж, зөөж борлуулж байгаа тул таслан зогсоож дахин үнэлгээжүүлж Монголын нийт ард түмэнд нөхөн хувь олгох ёстой. Уурхайн ордын ашиглалтын үйл явцаас хамаарч Монгол Улс, Монголын ард түмэн өрөнд орсон байдлыг тэглэж цаашид өр үүсгэхгүй байх баталгааг нэн яаралтай гаргаж, Оюу толгойн ордын 51-ээс дээш хувийг Монголын ард түмэнд өмчлүүлэх шаардлагатай.

Байгалийн гүний цэнгэг цэвэр усыг тогтмол ашигласнаар экологийн тэнцвэрт байдал алдагдаж Монгол Улсын нийт нутгаар ган ганчиг цөлжилт ихээр нэмэгдэж мал хүн амьтан хордож байгааг анхаарах ёстой.Авлигын хэрэг нь улсын нөөц баялгийн тодорхой хэсгийг бүрдүүлэхүйц их хэмжээний хөрөнгөтэй холбоотой бөгөөд энэ нь манай улсын улс төрийн тогтвортой байдал, тогтвортой хөгжилд заналхийлж байдаг зэрэг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж хэвийн явагдах эрх зүйн боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэж хариулж болох юм.

Оюутолгой ордын хөрөнгө оруулагч нар бол Монгол Улсыг маш дорд үзэж, үл тоон доромжилж буй газар. Тэнэг дарга нарыг нь худалдаж аваад. эрүүл чийрэг залуусыг боол болгож, газар нутгийн цөлмөдөг үндэстэн дамнасан олигархиудын гар хөл болсон компанийг нутгаасаа хөөн гаргах хэрэгтэй байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler