| |
Видео
Шинэ мэдээ
М.Коэн: Хоёр эмэгтэйд мөнгө өгч, асуудлыг зохицуул гэж Д.Трамп заавар өгсөн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэны хэргийг шүүх хурал өчигдөр Нью-Йорк хотын холбооны шүүхэд болжээ.
Холбооны шүүхээс түүнийг найман зүйл ангиар буруутгагдаад байгаа бөгөөд тэрбээр гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Эдгээр хэргүүдийн нэг болох Д.Трамптай асуудалтай байсан хоёр эмэгтэйн амыг таглахын тулд тэдэнд хууль бусаар мөнгө өгсөн гэдгээ тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрбээр энэ хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө, уг хоёр эмэгтэйд мөнгө өгч, асуудлыг зохицуул хэмээн Д.Трамп сонгуулийн үеэр надад заавар өгсөн гэж хэлжээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэл хийхдээ, Майкл Коэны бизнесийн хэлэлцээрүүдийг шалгана гэж дурдаж байсан билээ.
Майкл Коэн нь Д.Трампын бизнес болон гэр бүлийн асуудлыг сайн мэддэг бөгөөд тэрбээр сүүлд ярилцлага өгөхдөө, сонгуулийн кампанит ажилд нь оролцож байсан албаны хүмүүс орос хуульчтай харилцаа холбоотой байсныг Д.Трамп өмнө нь мэдэж байсан гэж хэлжээ.
Үүний зэрэгцээ тэрбээр, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцох хүсэлтэй байснаа илэрхийлжээ.
Түүний өгсөн мэдүүлэг 11 дүгээр сард болох завсрын сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трампт хүнд цохилт болж магадгүй гэж АНУ-ын хэвлэл мэдээллүүд үзэж байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг