| |
Видео
Шинэ мэдээ
Монголчууд Азийн наадмаас гурван медаль хүртлээ
"Жакарта-2018" Азийн зуны спортын XVIII наадмаас манай тамирчнд нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын 12-т бичигдэж байна. Азийн наадмын эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, "Хангарьд" спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Монголын баг тамирчдын салхийг алтан медалиар хагаллаа. Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийн төрлөөр 11 дэх тамирчин болж буй аж. Э.Бэхбаяр аваргын төлөө Хойд Солонгосын тамирчин Кан Кум Соныг 8:2-оор илүүрхэж, алтан медаль хүртлээ. Түүний амжилтын буухиаг үргэлжлүүлж эрэгтэйчүүдийн 86 кг-д зодоглосон О.Үйтүмэн хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын баг тамирчид Азийн наадмын эхний өдөр хоёр медаль хүртсэн амжилтаар эхлүүлсэн юм. Наадмын хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд ОУХМ Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорилоо. Шилдэг наймд шалгарах эрхийн төлөө урьдчилсан шатанд Г.Нандинзаяа 626.6 оноо авч Азийн наадмын гурав дахь медалийг эх орондоо авчирлаа. Ийнхүү манай тамирчдын амжилтын буухиа үргэлжилсээр байна. Энэ удаагийн Азийн наадамд Хятад 11 алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Япон, Индонезийн тамирчид эхний гуравт багтаж байна.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин