| |
Видео
Шинэ мэдээ
Б.Түвшин: Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөгжлийн боломж их бий
Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийн байдал ямар байна вэ? Үүгээр ярилцлагаа эхлэе?
Сэргээгдэх эрчим хүчний тухай ярихаас өмнө өнөөдөр бид яагаад энэ сэдвээр ярих болсныг том зургаар нь харъя. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтөн өөрөө маш их эрчим хүчний хэрэглээ шаардсан хөгжлийн замналруу орсон. Үүнийг дагаад дэлхийн цаг уурын байдал эрчимтэй өөрчлөгдөж эхэллээ. 19, 20-р зуун аж үйлдвэржсэн хөгжлийн зуун байсан бол одоо 21-р зуун зөвхөн хөгжил, дэвшлээс гадна аливаа хөгжлийн байгаль, экологид үзүүлж буй хор нөлөөг багасгахад чиглэсэн эрэл хайгуулын эрин зуун байх болвуу. Үүнтэй холбоотой сэргээгдэх эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд улам анхаарлын төвд орж, хөгжиж байна. Дэлхийн томоохон эрчим хүчний компаниуд бизнес загвараа өөрчилж, сэргээгдэх эрчим хүчний салбарт өндөр ач холбогдол өгч эхлэхээс гадна, банк санхүүгийн байгууллагуудын хувьд энэ төрлийн төслүүдийг санхүүжүүлэх боломж улам нэмэгдэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний чадал нэмэгдэхийн хэрээр олон орон эрчим хүчний салбартаа шинэчлэлүүдийг хийж байна. Хуучин үр ашиг багатай эх үүсвэрүүдээ хаах, айл өрхүүд өөрсдөө дээвэр дээрээ нарны эрчим хүч үйлдвэрлэж илүүдлээ системд нийлүүлэх, баттерей, усан цэнэгт зэрэг хураагуурын шийдлүүд нэвтрүүлэх гэх мэт.
Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хувьд арвин их нөөцтэй орон. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн судалгаанаас харвал манай нар болон салхины эрчим хүчний нөөц гэхэд л Хятад улсын нийт хэрэглээг хангах боломжтой гэдэг. Гэхдээ энэ зөвхөн нөөцийн хувьд ашиглавал ямар боломжтой гэдгийг илтгэж байна. Харин нөгөө талаар манай улсын эрчим хүчний салбар өөрөө их онцлогтой юм. 1000 гаруй МВт-ын суурилагдсан чадалтай, түүний 90 гаруй хувийг нүүрсээр ажиллах цахилгаан станцууд бүрдүүлэх буюу үндсэн ачааллыг ТЭЦ-4 авч явдаг. Манай орон өвөлдөө их хүйтэн учраас дулаан энергийг нүүрсэн цахилгаан станцаар үйлдвэрлэх буюу түүнийг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах боломжгүй юм.
2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш уг салбарын байдал эрчимтэй идэвхижиж ирсэн. Энэ салбарт өнөөдөр багагүй сорилт бэрхшээлүүд бий ч том утгаар нь үзвэл бид сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийн дөнгөж гараан дээр явж байна л гэж үзэж байна.
Сэргээгдэх эрчим хүчний салбарын сорилт бэрхшээлүүдийн талаар тодорхой дурдахгүй юу. Тухайлбал одоогийн Эрчим хүчний сайд төслүүдийг гацааж байна гэсэн яриа гадуур байдаг?
Бэрхшээлийн хувьд нэгдүгээрт сэргээгдэх эрчим хүчний өөрийн онцлогтой холбоотой, хоёрдугаарт манай бодлого, хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудлууд байна гэж харж байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд, ялангуяа манайд хөгжиж буй нар болон салхины эх үүсвэрүүдийн үйлдвэрлэл өөрөө тогтворгүй юм. Байгалийн салхи тогтмол байх боломжгүй, нарыг халхлах үүлийг зогсоох боломжгүй гэх мэт. Тиймээс системийн үндсэн ачаалал сэргээгдэх эрчим хүчин дээр дангаараа ажиллах боломж бага юм. Нөгөө талаар манайд маш олон нар, салхины төслүүдийн тусгай зөвшөөрлүүд олгогдсон тухай яригддаг шүү дээ. Цаасан дээр байгаа төслүүд бүгд хэрэгжих боломжгүй, хэрэв тийм олноороо хэрэгжээд явбал нийт системээ татаад унагах юм болох бизээ.
Хууль нь батлагдаж, хувийн хэвшлийнхэн ажиллах боломж нээгдсэнтэй холбоотой маш олон хувь хүмүүс, компаниуд энэ салбарт орсон байдаг. Аль ч хувь хүн, бизнесийн байгууллагууд бизнес хийх, ашиг олох, бүтээн байгуулах боломжийн төлөө байдаг болохоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд бизнесийн төлөө явж буй нь зөв асуудал. Харин энэ өрсөлдөөн нь нийт улс орны хөгжлийн хувьд, эрчим хүчний системийн горим ажиллагаа талаас хэрхэн зохистой байхыг зохицуулах нь төрийн үүрэг шүү дээ. Тиймээс одоогийн Эрчим хүчний сайд асуудлыг гацааж байна гэхээс илүүтэй үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх, зүй зохистой байдалд оруулахын төлөө ажиллаж байна гэж харж байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтаа бодитой шийдвэрлэж, тооцоо судалгаагаа нарийн хийж, сайтар бэлтгэгдсэн тодорхой төслүүд цаашид хэрэгжих боломжтой болвуу гэж харж байна.
Манай улс сэргээгдэх эрчим хүчний салбарын асуудлууд байгаа ч хөгжлийн хувьд дөнгөж гараан дээр байна гэсэн. Энэ талаар тайлбарлавал?
Нэгдүгээрт, ерөнхийдөө хүн ам, хотжилт, үйлдвэржилтийн өсөлтийг дагаад ирээдүйд хэрэглээ өсөн нэмэгдэх тул үүнийг дагаад сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт мөн өсөх бизээ.
Хоёрдугаарт, энэ салбарт технологи, шийдлийн хувьд шинэ боломжууд нэмэгдэж гарч ирэх юм. Дээр дурдсанчлан нар ба салхины эх үүсвэр дангаар ажиллахад цахилгаан үйлдвэрлэлийн хувьд тогтворгүй байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хураагуурын шийдлийг оруулах шаардлагатай юм. Нар ба салхин цахилгаан станцууд баттерей хураагуурыг тухай бүр нэвтрүүлсэнээр цахилгаан үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тогтворжуулахаас гадна өдрийн энергийг оройн оргил ачаалалд нөөцлөн хэрэглэх, ингэснээр импортын эрчим хүчний хэрэглээ тодорхой хэмжээнд буурах, мөн шөнийн илүүдэлтэй үед салхин энергийг мөн хуримтлуулж өглөөний хэрэглээнд нөөцлөн хэрэглэх зэрэг ач холбогдол, давуу талуудтай юм. Одоогоор баттерей хураагуур үнэ өртгийн хувьд өндөр байгаа тул эдийн засгийн эргэлтэнд бодитоор орж хэрэглэгдэх нь бага байна. Миний хамтран ажиллаж буй Акуо Энержи компанийн хувьд сүүлийн 6 жилийн хугацаанд 30 МВт нар болон 30 МВт.ц баттерейг хослуулан ажиллуулж буй бодит туршлагатай компани юм.
Гуравдугаарт, эрчим хүчний экспорт ирээдүйн маш том боломж, үүд хаалгыг нээх бизээ. Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээнд Монголын говийн нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглах "Азийн супер сүлжээ” төсөл хэдэн жилийн өмнө зүгээр төсөөлөл байсан бол одоо тодорхой цаасан дээр судалгаа хийгдэж, ажил явагдаж буй ирээдүйд бодитой биелэгдэх боломжтой төсөл гэж ойлгож байгаа. Ингээд нэгтгээд харвал бидэнд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн боломж улам нэмэгдэх болвуу.
Та энэ салбарт хэрхэн орж ажиллах болсон талаар сонирхуулахгүй юу?
Би 2015 онд Парист сурж байгаад Францын томоохон компаниудын удирдлагууд цуглаж хуралддаг нэгэн хуралд явж очсон юм. Манайхаар бол Эдийн засгийн форумтай төстэй юм уу даа. Очихдоо уулзаж болох хүмүүсийн нэрсийг цаасан дээр тодруулж бичээд очсон. Өмнө уул уурхай, эрчим хүчний чиглэлээр ажиллаж байсан болохоор тэр чиглэлүүдээр хүмүүстэй уулзахаар төлөвлөсөн байсан. Түүн дотор эрчим хүчний хувьд Акуо Энержи гээд компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга нь байсан. Түүний илтгэл дуусахаар нь явж очоод уулзаж, дараа түүний ажил дээр тухтай уулзахаар тохирч билээ. Тэгээд л ажил дээр нь уулзалт хийгээд Монголд хамтран ажиллахаар тохирсон юм. Монголд тодорхой үр ашигтай, асуудал шийдсэн сайн төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж итгэж ажиллаж л байна.
Монголд эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ажиллах боломж цаашид ямар дүр зурагтай байна вэ?
Ер нь бол дан сэргээгдэх эрчим хүч гэлгүй бүхэлдээ Монгол улсын эрчим хүчний салбарт хөгжлийн нэгэн шинэ залгаас хийгдэх цаг үед ирээд байгаа юм. Одоогийн бидний амьдралын өдөр тутмын дулаан цахилгааныг хангаж буй ДЦС-ууд маань өнгөрсөн зууны дунд үеэс 80-аад он хүртэл хугацаанд баригдсан станцууд. Станцуудын насжилт, үр ашиг, ажиллагаа зэргийг бодвол ойрын жилүүдэд дараагийн шинэ эрчим хүчний эх үүсвэрүүд баригдах гарцаагүй цаг үе ирж буй юм. Манай улс социалист системийн үед буюу гадаад харилцаа, санхүүжилтийн хувьд ЗХУ-аас хамааралтай үед одоогийн ДЦС-ууд баригдсан. Харин өнөөдөр шинэ баригдах станцууд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүх нийгэм, эдийн засгийн тогтолцооны хувьд өөр цаг үед хийгдэх шаардлагатай болж байна. Учир нь томоохон хөрөнгө шаардах дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломж бага юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд төрийн зүгээс бодлого, чиглэл нь тодорхой байх, мөн тогтвортой байх асуудал хамгийн чухал гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд, аль ч оронд агуулгаараа Парламент их ярьж бага хийдэг бол Засгийн газар бага ярьж ихийг хийдэг бүтэц байдаг. Одоогийн Засгийн газар, Эрчим хүчний сайд салбарын том төслүүдийг бодитой эхлүүлж хэрэгжүүлэхэд зоримог шийдвэрүүдийг гаргаж, мөн сэргээгдэх эрчим хүчний хувьд цаашид урт хугацаанд зохистой хөгжих суурь нөхцлийг бүрдүүлсэн бодлого хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж байна.