| |
Ц.НЯМДОРЖ ВЭЙСЕЛ АКЧАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЮУ ХЭЛЭВ…
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж долдугаар сарын 27-нд болсон Эмпати сургуулиудын захирал Вэйсел Акчайтай холбоотой хэргийн талаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрээр хэлэхдээ "Өглөө хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсны дараа цагдаа нар прокурорт танилцуулж байж, хойноос нь шалгасан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн үйл явц явдал болсон. Энэ цаг хугацааны мөчлөг дотор болоод өнгөрсөн үйл явдал.
Нарийвчилсан шалгалтыг цагдаагийнхан хийж, прокурор хянаж байгаа. Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Хүн хулгайлахыг завдсан энэхүү хэрэгт Монголын тагнуулын байгууллага оролцсон гэх Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн мэдээллийг би яаж мэдэхэв.
Өнөөдөр Туркийн элчин сайд хэвлэл мэдээллийг хэрэгслүүдэд мэдээлэл өгсөн байсан. Турк улсын Гадаад хэргийн яамны сайдын мэдээлэлд Монгол Улсын хууль зүйн сайд тайлбар хэлдэггүй. Тэр улс тухайн иргэнээ юу гэж үзэх, ямар дүгнэлт хийх нь тэдний асуудал. Монголын нутаг дэвсгэрт болсон үйл явдлыг цагдаа шалгаж, прокурор хянаж байгаа. Цаашаа хэрхэн үргэлжлэх нь цэвэр Монголын дотоод асуудал” гэлээ.