|
Видео

Шинэ мэдээ

АН-ынхан сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгааг ирцийн мэдээлэл илтгэж байна

АН-ынхан сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгааг ирцийн мэдээлэл илтгэж байна

УИХ-ын ээлжит чуулган завсарласан энэ өдрүүдэд тэднийг "хичээлдээ" хэрхэн ханддагийг та бид харж болохоор байна. УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүн мөрийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ тухайн тойргийн иргэдэд танилцуулснаар иргэд түүнийг нь үнэлж, дүгнэн сонгуулиа өгдөг. Ингэснээр саналаа өгдөг олон нийтийн зүгээс мөрийн хөтөлбөрөөр нь дамжуулж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд шийдвэр гаргах төвшинд очиж, оролц, ажил хэрэг болго гэдэг даалгавар өгөөд тухайн хүнийг УИХ-д илгээдэг. Тиймээс УИХ-ын чуулганыг хичээл хэмээгээд тухайн гишүүний мөрийн хөтөлбөрийг гэрийн даалгавар гэвэл энэ хүн хэр сурагч вэ гэдгийг бид эхний ээлжид ирцээс нь харж болно. Хэдийгээр эцсийн үр дүн чухал ч гэлээ явцын дунд хичээлдээ хэрхэн суусан, ажилдаа хэрхэн гар бие оролцсон бэ гэдэг түүнээс ч чухал. Өөрөөр хэлбэл, УИХ-аас ямар хууль тогтоомж гаргах гэж байгаа, тэр нь иргэд олон нийтийн эрх ашгийг хангаж чадах эсэхийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцолгүйгээр учрыг нь олж, хужрыг нь тунгаах боломжгүй. Ингэж аливаа хуулийн хэлэлцүүлэгт оролцоогүй гишүүн сонгогдсон тойргийнх нь гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүн хүний эхний үүрэг бол Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаандаа идэвхтэй оролцох явдал. Нэгдсэн чуулган явж байх хугацаанд тойргийнх нь гишүүн хэрхэн сууж байгааг хараад байх боломжтой ч нийт чуулганы хэчнээн хувьд нь сууж байгааг харьцуулж мэдэх боломжгүй. Тиймээс ээлжит чуулган завсарпасан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд чуулгандаа хэрхэн суудгийг хамтдаа харцгаая. "УИХ-ын хаврын чуулганд их хурлын гишүүд ажилдаа хариуцлагатай хандсан" гэж УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг хаахдаа онцлон тэмдэглэсэн. Учир нь гишүүдийн хурал таслалтын цаг өмнөх парламентын үеүүдтэй харьцуулбал харьцангуй бага байсан юм. Хаврын чуулганы хугацаанд нийтдээ 27 удаагийн нэгдсэн хуралдаан болсон байна. Нэгдсэн хуралдаанд шалтгаангүйгээр гурваас дээш тасалсан гишүүн тав байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 10 удаа тасалсан бол Н.Номтойбаяр зургаа, Л.Оюун-Эрдэнэ тав, Ж.Энхбаяр дерөв, С.Жавхлан гурван удаа тасалсан байх юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд хоцорсон гишүүн цөөнгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Батболд 13 удаа хоцорсон бол Ж.Мөнхбат 12, Ж.Эрдэнэбат 10, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Д.Мурат, А.Сүхбат, Н.Учрал нарын гишүүн есөн удаа хоцорсон үзүүлэлт гарчээ.
 
М.ЭНХБОЛДЫН ТАНХИМЫН "ОНЦ СУРЛАГАТАН"-ААР Ё.БААТАРБИЛЭГ ГИШҮҮН ТОДРОВ
 
Тэгвэл УИХ-ын хуралдаанд нэг ч таслалт, хоцролтгүй буюу 100 хувийн ирцтэй суусан гишүүнээр Ё.Баатарбилэг тодорч байна. Тодруулбал, энэ парламентад ирцээрээ тэргүүлж, сонгосон олныхоо бахдалыг төрүүлж байгаа гурван гишүүн байна. Мэдээж нэгдүгээрт, Архангай аймгаас сонгогдсон, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг. Тэрбээр чуулганы 27 хуралдааны бүгдэд нь суужээ. Үүгээр ч барахгүй тэрбээр нэг ч удаа чөлөө аваагүй бөгөөд гадаад дотоод томилолтод ч яваагүй байна. Мөн нэг ч удаа хоцроогүй нь түүнийг "онц сурлагатан"-аар тодруулж байна. Энэ нь М.Энхболдын парламентын үед хуралдаа 100 хувийн ирцтэй суусан анхны тохиолдол болон бүртгэгдэж байна. Харин түүний араас О.Батнасан гишүүн нэрлэгдэж байна. Түүний хувьд чуулганы хуралдаандаа бүгдэд нь суусан бөгөөд таслалтгүй, томилолтод ч яваагүй байна. Харин Ё.Баатарбилэг гишүүнээс нэг үзүүлэлтээр ард нь байгаа нь чуулганы хуралдаанд дөрвөн удаа хоцорсон байна. Чуулганы нэгдсэн хуралдаандаа 100 хувийн ирцтэй суусан дараагийн гишүүн нь Б.Ундармаа. Тэрбээр мөн л ялгаагүй томилолтод огт яваагүй, таслалтгүй, чөлөөгүй боловч долоон удаа хуралдаанаас хоцорчээ. Тэдний араас 27 хуралдааны 26-д сууж, ирцээрээ удаалсан долоон гишүүн байна. Тэд бүгдээрээ МАН-ын гишүүд байгаа юм. Энэ үзүүлэлт нь АН-ынхан энэ удаад сөрөг хүчний үүргээ хэрхэн биелүүлж буйг илтгэсэн нэг үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл, аль ч парламентад сөрөг хүчин маш чухал үүрэгтэй байдаг. Байх ч учиртай. Ямар ч сайн эрх баригчид байсан ч сөрөг хүчний үүрэг хэзээд чухал байдаг. Учир нь тэнд хяналтын механизм дээд зэргээр ажиллаж байх учиртай. Гэтэл энэ парламент дахь сөрөг хүчин буюу АН-ын бүлгээс хуралдаандаа бүрэн суудаг ганц ч гишүүн алга. Энэ нь мэдээж тэдний бядыг бүрнээ илтгэх үзүүлэлт юм.
 
Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН ЧУУЛГАНДАА СУУДАГГҮЙ ГИШҮҮДИЙГ "ӨНГӨЛСӨӨР" БАЙНА
 
Одоо харин хоцролт, таслалтаараа бусдыгаа тэргүүлсэн гишүүдийн мэдээллийг хүргэе. Нийт чуулганы  хуралдааны босгыг давж чадаагүй 20 гишүүн байна. Эдгээр 20 гишүүний ихэнх нь 17-18 удаа л чуулганы хуралдаанд оролцжээ. Чуулганы 27 хуралдааны 17-д нь УИХ-ын гишүүн С.Батболд, С.Бямбацогт, Н.Номтойбаяр,
Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар оролцсон бол Я.Содбаатар, З.Нарантуяа нарын гишүүд 27 хуралдааны 16-т нь, Б.Энх-Амгалан гишүүн 15 удаа л чуулганы хуралдаанд оролцжээ. Б.Энх-Амгалан гишүүний хувьд хаврын чуулганы хугацаанд хамгийн олон удаа гадаад томилолтоор ажилласан байна. Тодруулбал, ихэнх гишүүн 2-3 удаа л гадаад томилолтоор ажилласан бол Б.Энх-Амгалан гишүүн найман удаа гадаад томилолтоор хаврын чуулганы хугацаанд ажилласан байна. Мөн тэрбээр дөрвөн удаа чөлөө авчээ. Хэдийгээр үзүүлэлт тааруу байгаа ч эдгээр гишүүн чуулгандаа суудаггүй гишүүдийг өнгөлж "чадаагүй" юм. Тодруулбал, хэзээнээс чуулган таслалтаараа алдаршсан Б.Наранхүү гишүүн энэ удаад ч "амжилтаа" хадгалж үлдсэн. Хэдийгээр бид энэ талаар яриад өнгөрдөг ч энэ бол инээдэм бус ханиадам. Учир нь Дундговийнхныг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүн нь хуралдаандаа суухгүй, үндсэн ажлаа хийхгүй болохоор Дундговийнхныг төрд төлөөлөх хүн байхгүй байгаатай адил байна. Б.Наранхүү гишүүний чуулганы хуралдаандаа суудаггүй, тасалдаг, иргэд сонгогчдынхоо итгэлийг үл ойшоодог байдал нь наанадаж Дундговийн ард түмнийг үл тоосон, цаанадаж Монгол төрийн нэр хүндийг уландаа гишгэсэн үйлдэл яалт ч үгүй мөн. Таслал хоцролтоороо үнэмлэхүй, тод манлай "аварга" хэдий болтол энэ чигээрээ явахыг таахад бэрх. Түүний хувьд чуулганы нийт 27 хуралдааны 10-т нь л оролцсон бөгөөд 17 удаа чуулгандаа суугаагүй байх юм. Ингэхдээ мэдээж ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганаа тасалсан байна. Түүгээр ч барахгүй суусан 10 хуралдааныхаа гуравт нь хоцорсон. Ингэж суухдаа тэрбээр ганц ч удаа үг хэлж, асуулт асуугаагүй. Зөвхөн санал л өгсөн байх юм. Энэ тохиолдолд түүнийг ажил хийсэн гэж үнэлэх ямар ч боломжгүй юм. Эцсийн дүндээ төрийн түшээ, үлгэр жишээ байх учиртай хүн төрийн ажпыг, түмний итгэлийг хэрхэн хөсөрдүүлж, халтуурдаж болдгийг биечлэн харуулж байна гэхээс өөр дүгнэлт хийх боломжгүй байгаа нь харамсалтай. Мэдээллийн төгсгөлд сонирхуулахад, өнгөрсөн хаврын чуулганд хамгийн их үг хэлсэн гишүүнээр Б.Бат-Эрдэнэ 25 удаа үг хэлэхдээ 103 минут зарцуулснаар тодорчээ. Тэгвэл М.Билэгт гишүүн 79 минут үг хэлснээрээ удаалсан байна. Харин хамгийн их асуулт асуусан гишүүнийг тэрбээр мөн тэргүүлжээ.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler