|
Видео

Шинэ мэдээ

Д.Ганзориг: Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь олон өвчнөөс сэргийлэх дархлаа болж өгдөг

Д.Ганзориг: Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь олон өвчнөөс сэргийлэх дархлаа болж өгдөг

 "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр ЭМЯ, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, МХЕГ-аас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн сүүн тэжээл импортлогч нартай уулзалт зохион байгуулж сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, чанар, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг ач холбогдол, хууль эрхзүйн талаар танилцуулаа. Энэ үеэр бид ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Ганзоригтой уулзаж зарим зүйлийг тодруулав.
 
-Манай улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг яагаад хуульчилж өгөв. Ийм эрхзүй гарах үндэслэл юунд байв? 
 
-Энд юуны өмнө хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбоглыг дурдах хэрэгтэй. Хүүхдийг, ялангуяа амьдралын эхний 6 сарын хугацаанд эхийн сүүгээр дагнан хөхүүлж хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд маш чухал үзүүлэлт болдог. Учир нь эхийн сүүний найрлагад хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх, тос, дархлааны фактор, даавар болон ферментүүдийг агуулж, харшил, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, юугаар ч орлуулшгүй төгс хүнс гэдэг нь шинжлэх ухаанаар хэдийнэ батлаж нотолсон зүйл. Хүүхдийн уушигны хатгалгаагаар өвчлөх эрсдлийг 23, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулдаг. Эрүүл мэндийн эдгээр үзүүлэлт манай улсад 2010 онд 66 хувьтай байсан бол 2013 онд 47 хувь болж буурсан. Дэлхий нийтээр энэ үзүүлэлтийг 50 хувиас дээш гарах зорилт тавин улс орнууд чармайж байхад манайд ийнхүү 10-20 хувиар буурсан. Энэ нь эхийн сүүг орлох тэжээл бүхий бүтээгдэхүүнийг ихээр оруулж хэрэглэх болсонтой шууд холбоотой. Жишээ хэлэхэ ийм төрлийн бүтээгдэхүүн 2013 онд 395 тонн байсан бол 2014 онд 765 тонн болтлоо өссөн. Хэрэглээтэй холбоотойгоор хүүхэд, эхчүүд халдварт өвчин тусах нь нэмэгдсэн. Энэ бүх байдал "Балчир хүүхдийн хүнсний тухай” гэсэн хууль гарахад хүргэсэн юм.
 
 
-Хуульд юу юу тусгасан бэ. Энэ хууль хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл бас гарч байна. Яагаад хэрэгжихгүй байна вэ?
 
-Хуулиар нэгд, хүүхдийг эхийн сүүгээр хооллуулах нь эмч сувилагч нарын үндсэн ажил гэдэг үүднээс эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг үүрэгжүүлж өгсөн юм. Ийм шаардлага бий болсон нь хүүхэд төрөхөөс аваад эхчүүдтэй хамгийн эхлээд харилцдаг нь эх баригчаас аваад эмч сувилагч нар. Гэтэл манайд яаж байна гэхээр эхийн хөх хагарлаа, сүү орохгүй байна гэхээр эхчүүд, ээжүүд хамгийн эхлээд мөн л эмч сувилагч нар хандаж тэдэнтэй харьцдаг. Гэтэл тэд зөвлөгөө өгөхийн оронд эхийн сүү орлох сүү, тэжээлийн нэр хэлж, тэрийг нь бүр бичиж өгдөг нь нууц биш юм. Тиймээс бид эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтныг энэ талаар үүрэг хүлээх эрхзүйг хуулинд суулгаж өгсөн. Хууль зөрчсөн хүнд ажлаас халах хүртэл хариуцлага хүлээлгэж энд бүх шатанд хяналт тавиан ажиллаж байна. Зөрчил гарсан нөхцөлд шууд мэдээлэх үүрэг хүлээж байгаа.
 
 
Нөгөө талаар хуулинд үүнтэй зэрэгцэн орж ирж байгаа эхийн сүүг орлох сүүн тэжээл бүхий бүтээгдэхүүнд хаяг шошгоос эхлээд сав баглаа, боодолд хугацаа, найрлага, зар сурталчилгаанд хүртэл тавих шаардлагыг өндөрсгөн чангатган хуульд тусгаж өгсөн. Хууль манайд хэрэгжихгүй байгаа нь үнэн. Яагаад гэхээр манайд сүүн тэжээлийг арилжааны шугмаар их оруулж ирж байгаа учир компани, ААН-үүд борлуулалтаа алдахгүйн үүднээс хуулиас гадуур далд болон ил зар сурталчилгаа хийх, эрүүл мэндийн ажилтнуудтай хуйвалдах зэргээр янз бүрийн арга хэрэглэж байна. Үүнд манай яамнаас журам гаргаж бүх шатны эмнэлэг, МХЕГ-аас хяналт тавин ажиллаж байна. Хууль зөрчиж буй этгээдийг 50 сая төгрөгөөр хүртэл торгох ёстой атал ингэж чадахгүй байгаа учир бид бүр нарийвчилсан заалтуудтай журмуудыг детальчлан гарахад хүрч байна. Энэ бүхнийг танилцуулах зорилгоор өнөөдөр импортогч нартай уулзалт семинарыг зохион байгуулж байна.  
 
-Эцэг, эхчүүдтэй холбоотой заалт хуульд тусгасан уу. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
 
-Хүүхдүүдээ эхийн сүүгээр дагнан хоолло гэж хэлмээр байна. Хүүхэд эхийн сүүгээрээ дамжуулан дархлаа олж авдаг. Ингэхгүй бол өнөөдөр сүрье, улаан бурханаас аваад янз бүрийн халдварт өвчинд өртөх эрсдэл их өндөр болж байна. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжиж, IQ чансаа 3-4 оноогоор дээшилж хүүхдийн суралцах чадвар, цаашид хожмын ажил, амьдрал, амжилтанд чухал нөлөөлдөг. Монгол хүүхдүүд өнөөдөр оюун ухааны тэмцээн, шатар даам зэрэг төрлөөр дэлхийд тэргүүлж буй нь Монгол эх хүүхдээ хөхний сүүгээрээ хооллож ирснийх юм. Хүүхдээ эхийн сүүгээр хөхүүлснээр ээжүүдийн өөрсдийн эрүүл мэндэд чихрийн шижин, хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдарын өвчлөлийг бууруулах тустай юм. Үүнийг л бодож тунгаан эхчүүд хүүхдүүдээ ангир уураг сүүгээрээ хооллохыг уриалж зөвлөж байна.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler