| |
“Нэгдүгээр ангийнхны сургалтын хөтөлбөрийг өөрчлөх шаардлагатай” гэв
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн боловсролын салбарын удирдлагуудтай өчигдөр уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал, засвар үйлчилгээ, хичээлийн жилийн бэлтгэл хангах, сахилга хариуцлагыг сайжруулах болон хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг сануулсан юм. Мөн зуны амралт эхэлж буйтай холбогдуулан сургуулийн орчинд хүүхэд аливаа эрсдэлд өртөх, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал, сургуулийн ойролцоо хийж буй засвар үйлчилгээтэй холбогдуулан ухсан нүх, тогтоол усанд хүүхэд унаж бэртэхээс сэргийлж хамгаалах бүс, анхааруулга тэмдэг тэмдэглэгээ тавих, энэ талаар эцэг, эх, асран хамгаалагч болон оршин суугчдад мэдээлэл хүргэх, сургуулийн жижүүр зуны амралтын хугацаанд нэмэлт гэрээ байгуулж, сахилга хариуцлагыг өндөржүүлэхийг үүрэгдэв. Мөн автобусны үйлчилгээтэй сургууль хүүхдийн автобусны стандарт, шаардлагыг хангах, засвар үйлчилгээ хийх, улсын үзлэгт ирэх наймдугаар сарын 1-8-ны өдөр хамруулахыг даалгалаа. Түүнчлэн сургуулийн жижүүр ажил хүлээлцэх бүртээ орчны аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг тэмдэглэн хөтөлж хүлээлцэх, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, засвар үйлчилгээг хийх, одоо ашиглаж буй камерт хянагдах боломжгүй талбай, ногоон байгууламжийг хоёр цагт тутамд эргэхийг сануулсан юм. Боловсролын салбарын сахилга, хариуцлагын тогтолцооны талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Осол гарсан хөлбөмбөгийн талбайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг захирал хариуцна. Мөн аж ахуйн хариуцсан ажилтан, жижүүрийн оролцоо байх ёстой. Жижүүр хөлбөмбөгийн талбайд хүүхэд тоглуулж болохгүй, эвдэрсэн гэдгийг жижүүрийн дэвтэртээ тэмдэглэсэн бол хүүхэд амь насаа алдахгүй байх боломжтой байсан. Үүнээс гадна эцэг, эх мөн хариуцлагатай байх ёстой. Гэхдээ энэ нь асуудлыг боловсролын байгууллагаас холдуулж байгаа асуудал биш юм. Учир нь, хүүхэд, эцэг эх, багш гэсэн гуравласан холбоо байснаар хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаараа сургалтын системд бид хүнлэг арга барилыг оруулахгүй бол болохгүй нь. Хичээлээ заасан л бол болсон гэдэг хандлагаар хандах явдал газар авсан байна. Мөн хүмүүс өөрийнх нь хүүхэд биш л бол тухайн асуудал хамаагүй гэдэг үзлээсээ салах цаг нь болсон” гэв. Түүнчлэн БСШУСЯ-наас гаргасан шийдвэр, үүрэг, чиглэлийг нийслэлийн Боловсролын газар хэрэгжүүлэхгүй байгааг мэдэгдэж, удаа дараа ийм асуудал гарч буй учраас хариуцлага тооцуулахад онцгойлон анхаарахаа мэдэгдлээ.
МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭХ НАСЫГ ЭРГЭЖ ХАРАХ ШААРДЛАГАТАЙ
Ерөнхий боловсролын сургуульд зургаан настай хүүхдүүдийг элсүүлэх нь хэр зөв шийдэл болох талаар салбарын сайд төдийгүй олон нийт хөндөж байна. Манай улс арав гаруй жилийн өмнөөс зургаан настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлэх болсон. Зургаан настай хүүхдийн онцлогт тааруулж хичээл заах багш нарыг бэлтгэх, боловсролын агуулгыг өөрчлөх зэрэг төсөв хөрөнгө, хугацаа шаардсан нэлээд ажлыг хийсэн ч энэ нь эргээд нийгэмд багагүй асуудал дагуулж байна. Ялангуяа малчдын хувьд зургаан настай хүүхдээ сургуульд оруулах нь хүндхэн асуудал болоод байна. Тухайлбал, аав нь малаа маллаж, ээж нь хүүхдээ дагаад сум барааддаг дүр зураг бий болсон. Энэ нь гэр бүл салах шалтгаан ч болдог байна. Иймд малчдын хүүхдүүдийн сургуульд элсэх насыг зайлшгүй эргэж харах шаардлага тулгарсныг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тодотгож байна. Энэ талаар тэрбээр "Зургаан настай хүүхдүүдэд зориулсан боловсролын систем монголчуудын амьдралаас хол тасархай байгааг амьдрал харууллаа. Тиймээс өөрчлөх шаардлагатай. Малчдын хүүхдүүдийн хувьд, хэрэглээ, цаг үе, үйл явдлын онцлогт тохируулж буюу Цагаан cap, мал төллөлтийг харгалзан сургалтын хөтөлбөрөө гаргах хэрэгтэй. Харин нийслэлийн сурагчдыг утаа ихтэй үеэр амраах гэх мэт зөв зохицуулалт хийхийг цаг үе нэхэж байна” гэв.
СУУРИН ГАЗРЫН ХҮҮХДҮҮД ЗУРГААН НАСТАЙ СУРГУУЛЬД ОРОХОД ХҮНДРЭЛ ГАРДАГГҮЙ
Ерөнхий боловсролын сургуульд зургаан настнуудыг элсүүлж буй талаар сургуулийн захирал ямар бодолтой байгааг энэ үеэр тодрууллаа. Тухайлбал, нийслэлийн 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээ "Суурин газрын хувьд хүүхдүүдийг зургаан настай сургуульд оруулахад хүндрэл гардаггүй. Тэд хоёр настайгаасаа эхлэн цэцэрлэгт явж, сургуульд ороход бүрэн бэлтгэгддэг. Тийм учраас эцэг эх нь ч цааргалдаггүй. Харин орон нутгийн хувьд хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Ялангуяа малчдын хувьд олон бэрхшээл бий. Зургаан настай хүүхдээ айлд эсвэл байранд амьдруулах уу гэх мэт багагүй асуудал үүсдэг. Тиймээс энэ нөхцөл байдлыг нь харгалзаж ялгаатай зохицуулалт хийх нь зүйтэй болов уу” гэлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд үүнтэй санал нэг байлаа. Гэхдээ зургаан настай хүүхдүүдийн сэтгэл зүй, насанд нь тохирсон сургалт явуулах хэрэгтэйг 111 дүгээр сургуулийн захирал Ц.Бямбадоо хэллээ. Тэрбээр одоо хэрэгжүүлж буй цөм хөтөлбөрийн талаар ярилаа. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь сурагчдад зааж буй хичээлийн тоог нэмэгдүүлэхдээ биш хүүхэд бие даан сурах нөхцөлийг нь бүрдүүлэхэд чиглэж байгаа аж. Ингэснээр хүүхэд цаашид их, дээд сургуульд боловсрол эзэмшихэд суурь мэдлэг нь болох юм байна.