![]() |
Зодуулж өссөн хүүхэд хүчирхийлэгч болдог
Жендэрт суурилсан хүчирхийллийг ойлгохын тулд эхлээд жендэрийн талаар ойлголттой болох шаардлагатай. Жендэр (Gender) гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд нь хамаатай ойлголт. Энэ нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгмийн үүргийг ялгаж ойлгохын тулд хэрэглэх болсон нэр томьёо юм.
Харин хүйс (Sex) нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн насан туршид нь үл өөрчлөгдөх биологийн ялгааг илэрхийлдэг. Жендэр нь эрэгтэй, эмэгтэй хүнд хүйсээс нь шалтгаалан нийгмээс оноосон дүр төрх, үнэлэмж, үүрэг хариуцлага, байр суурь, эрх мэдлийг илэрхийлдэг ойлголт юм. Тодруулбал, жендэр нь эрэгтэй, эсвэл эмэгтэй байхаас хамааран тухайн хүнд нийгмээс юу хийж болох, болохгүйг тулгаж, ямар байр суурь эзлэхийг тодорхойлж, ямар үүрэг хариуцлага хүлээхийг хуваарилж, энэхүү хүлээлт, шаардлагын дагуу биеэ авч явж, зан үйлээ тохируулахыг шаардаж, шахалт үзүүлдэг нийгмийн хүлээлт, итгэл үнэмшил, дүрэм, журмыг илэрхийлдэг хувьсах хэмжигдэхүүн юм.
Жендэрийн асуудал нь нийгэм, соёл бүрт харилцан адилгүй бөгөөд цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөж байдгаараа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондох түгээмэл шинжтэй, хувьсан өөрчлөгддөггүй биологийн ялгаатай холбоотой "хүйс” (sex) хэмээх нэр томьёоноос ялгаатай. Жендэр нь нийгмийн анги давхраа, нас, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, газарзүй, эдийн засаг, улс төр, соёлын орчин гэх зэрэг олон үзүүлэлттэй харилцан хамааралтай.
Эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгэмдээ болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байхыг жендэрийн тэгш байдал гэдэг. Тэгш байдлыг хангана гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст яг адилхан хандана гэсэн үг биш, харин нөхцөл байдал, боломж, бололцоог нь адил тэгш болгоход анхаарахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил гэсэн үг биш, харин тэдний эдлэх боломж бололцоо нь тэгш байхын зэрэгцээ нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурь, эрх үүрэг нь адил байна гэсэн үг. Жендэрийн тэгш бус байдал нь хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж, хүйсээс нь шалтгаалан боломж, бололцоог нь хязгаарлаж байдаг. Үүний нэг илрэл нь жендэрт суурилсан хүчирхийлэл юм.
Харамсалтай нь жендэрт суурилсан хүчирхийллийг "байдаг л нэгэн зүйл”, "сүртэй юм биш” хэмээн үл тоомсорлож, "манай уламжлал” гэж хаацайлан хамгаалж, эсвэл "хувийн асуудал” мэт үзэж хажуугаар нь чимээгүй өнгөрөх явдал түгээмэл. Асуудлыг хүчирхийллийн аргаар шийдвэрлэж болно гэж үздэг үзэл, хандлагыг хэвийн, тэр ч байтугай зөв зүйтэй үзэгдэл гэж дэмждэг буруу хандлага нийгмийн дунд байсаар байна.
Баримт 1: Улаанбаатар хотын 7 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан 400 хүүхэд, тэдний эцэг эх, залуучуудыг (11-17 насны 133 хүүхэд; тэдний эцэг эх; 18-24 насны 140 залуус) хамруулсан судалгааны дүнгээс үзвэл:
• Судалгаанд оролцсон нийт эцэг эхчүүдийн 34.7% нь бие махбодын шийтгэл, 34.2% нь сэтгэл зүйн дарамт үзүүлэх хэлбэрийг хүмүүжлийн арга болгон хэрэглэдэг байна.
• Үе тэнгийн дарамт шахалтад 18-24 насны 10 залуус тутмын 4 нь өртдөг.
• Судалгаанд хамрагдсан 11-17 насны 10 хүүхэд тутмын 1 нь бэлгийн хүчирхийлэлд ямар нэг байдлаар өртөж байсан бол 18-24 насныхны хувьд 10 залуус тутмын 2 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ.
Баримт 2: Улаанбаатар, Дархан хот болон Увс, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын дотуур байранд амьдардаг хүүхдүүдээс авсан судалгааны дүнгээс5 үзвэл:
• Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувьд дараах дарамт, хүчирхийллийг үе тэнгийнхнийхээ зүгээс амссан байна: айлган сүрдүүлэх 16.9%, зодох 12.5%, дооглох 22.9%, тохуурхах 14.3%, гадуурхах 17.9%, бүлэглэн гадуурхах 18.6%
Хүчирхийллийн улмаас олон арван хүүхэд, охид, эмэгтэйчүүд эрүүл, аюулгүй амьдрах наад захын эрхээ эдэлж чадахгүй байгааг харсаар байж бид юу ч хийхгүй байж болохгүй. "Байдаг л нэгэн зүйл”-ийг хэзээ ч байх ёсгүй, тэвчиж үл болох, яг одоо таслан зогсоох, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зүйл болгон хувиргах боломж, хүч чадал бидэнд байна. Эрчүүд, эмэгтэйчүүдийн эрх мэдлийн харьцаа тэнцвэртэй байвал хүн бүр эрүүл, сайхан амьдрах боломжтой.
Бид хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийг хүсч байгаа бол эрх мэдлээ сөргөөр ашиглахыг зөвшөөрөөд байгаа нийгмийн хэм хэмжээг өөрчлөх хэрэгтэй. Бид хүмүүсийг дарамталж хохироодог сөрөг, шударга бус хэм хэмжээг хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангадаг, хөгжүүлдэг, илүү эрүүл, эерэг, шударга хэм хэмжээгээр солих хэрэгтэй. Энэ нь эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүд, охид, хөвгүүд, гэр бүл болон нийгэм, хамт олонд ээлтэй өөрчлөлтийг авчирна. Бид хүсч буй өөрчлөлтөө үлгэрлэн харуулж байж л бусдад өөрчлөгдөх сэдэл төрүүлнэ.
Иймээс бид өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх, дотны харилцаан дахь эрх мэдлийн тэгш бус байдлаа өөрчлөх зүрх, зориг гаргах хэрэгтэй. Хэвшил болсон бодол санаа, зан үйлээ өөр өнцгөөс харан шинжилж, дахин үнэлж, хуучин асуудлуудад шинэлэг хариулт хайх шаардлага бидэнд тулгарч байна. Бид цөм жендэрт суурилсан хүчирхийлэл нь байж болшгүй, тэвчишгүй үзэгдэл хэмээн боддог, тэгш эрхийг илүү хангасан, илүү эрүүл, аюулгүй, аз жаргалтай харилцааг төлөвшүүлэхийн төлөө жижиг ч болтугай алхам хийдэг болох шаардлагатай.
