| |
Сэржмядаг охины алга болсон хэрэгтэй холбоотой хоёр сэжигтнийг баривчилаагүй гэв
2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд суманд амьдарч байсан найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явахаар гараад одоог хүртэл сураггүй алга болсон билээ.
Охин алга болсноос хойш хэдийнэ таван сар гаруй хугацаа өнгөрсөн байгаа ч түүнийг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Тэгвэл түүний алга болсон хэрэгтэй холбоотой байж болзошгүй хоёр сэжигтнийг илрүүлэн саатуулсан гэх мэдээлэл тараад байгаа.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Мөрдөн байцаах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажлыг байнга хийж байгаа. Ажлын хэсгээс тодруулахад хоёр хүн баривчилж хорьсон гэх мэдээллийг ор үндэсгүй мэдээлэл гэж хэлсэн. Хэргийн шалгалтын ажиллагаа тасралгүй үргэлжилсээр байгаа” гэв.
Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12.30 цагийн үед ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусч байсан учраас авч чадаагүй аж. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байжээ. Охиныг алга болсныг ар гэр нь мэдсэн даруйдаа орон нутгийнхаа цагдаад өргөдөл гаргаж, тухайн өдрийн 18.00 цагаас хойш 200 гаруй хүн, цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлсэн самналт хийсэн боловч олоогүй юм. Охин Замын-Үүд сумын хоёрдугаар бөгөөд сургуулийн 3а ангид суралцдаг байсан тухайн өдөр сургууль дээрээ огт очоогүй байдаг юм. Охиныг хамгийн сүүлд гэрээсээ гараад сургууль руугаа явж байхыг хөрш айлынх нь хүүхэд харсан байдаг аж.
Dorgio.mn