|
Видео

Шинэ мэдээ

Шалгарсан эр

                                

                                  Шөнийн дотор 760 метр өрөмдсөнөөр дээд амжилт тогтоосон нь одоо ч эвдэгдээгүй.

Газрын хэвлийн эрдэнэсийн судлыг онож хатган шөнөжин ажилласан өрөмдөгч хөлсөө шудран ургах нарыг угтан ээлжээс буух сайхан. "Эрдэнэт” үйлдвэрийн Геологи хайгуулын ангийн цооног өрөмдөгч, бригадын дарга Жигмэдийн Энхбат энэ сайхныг гучийн тал илүү жил сэтгэл зүрхээрээ мэдэрсэн нэгэн. Тэрээр Монголын уул уурхайн хамгийн том өрмийг эзэмшин ажиллуулдаг. Өрмийн машин нь 68 тонн жинтэй, хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэтэй, хоногт 1,4 тонн түлш зарцуулдаг гэхээр ямархан нүсэр эд болох нь тодорхой. Тэр хэрээр бүтээмж өндөр. "Эрдэнэт” үйлдвэрийнхээ насыг уртасгахын төлөө хүн техник хоёр амрах чөлөөгүй ажилласаар...

Ж.Энхбат Дорнод аймгийнхаа Баянтүмэн сумын наадамд зодоглож түрүүлчихээд, 18-хан насандаа Сумын заан цол хүртэн бөхийн хорхойтнуудын хараанд өртөж явсан нь саяхан. "Аварга” биеийн тамирын дээд сургууль дүүргэсэн залуухан дасгалжуулагчийн амьдралд багшийн цалин хүрэлцэхгүйг тэр эрт ухаарсан. Австралийн уул уурхайн компани ажилтан шалгаруулж буй сургаар очиход биеийн хөгжил сайтайн хэрэг гарч тэнцжээ. Ингэж л тэр нэгэн насны мэргэжлээ олсон. Улмаар Оюутолгой хэмээх дэлхийд данстай бор уулын эрдэнэсийг ил гаргах өрөмдлөгийг гүйцэтгэж, тэнд туслахаас дадлага туршлагатай мастер болтлоо ажиллажээ. Хээрээр гэр хийж, хэдхэн хоног амрахдаа Эрдэнэтэд буй эхнэрээ тойглох нүүдлийн шувуу шиг амьдрал удаан үргэлжлүүлэхийг тэр хүсээгүй. Өндөр цалин, хангамж, дуртай ажил мэргэжлээ орхиод ханиа сонгосон. Гэтэл нэг өдөр "Эрдэнэт” үйлдвэр гидро системтэй өрөм авлаа. Тэнд нь ажиллах хүн байхгүй байна” гэсэн сургаар мань хүн яваад очиж. Тэгсэн дарга нь "Чи үнэхээр чадах уу?” гэж итгэлгүйхэн асуусан гэдэг. Өнөөх "Хөхөө гэрлэх дөхлөө” кинон дээр "...нотлох оо?, нотлоод өгье л дөө...” гээд шороо баахан бужигнуулж даргынхаа малгайг трактораар дайрдаг шиг өрмийн бригадыг нь авч очоод биеэр үзүүлээд, тоног төхөөрөмжийн хэллэгүүдийг нь англи хэл дээр зааж өгөөд яах ийхийн зуургүй ажил ундрааж. Тэгээд л дарга нь "...мэддэг юм байж хө, чаддаг юм байж хө” гээд ажилд авсан гэдэг. Жилийн дараа бригадын дарга болж 10-аад хүнийг удирдаж, бас ч үгүй хэд хэдэн гарын шавьтай болоод амжсан. Олны дунд хэл ам хийгсэд хаа газар байж л байдаг. "Энхбат ажилд ороод гурван жил болохдоо гурван шинэ өрөм эзэмшлээ...” гэх атаархлын аястай чулуудсан үгний хариуд тэр "Та нар чадвал ажиллуул” гэх ганц өгүүлбэрээр амыг нь таглахаа мэднэ. Гэхдээ тэр хамт олныхоо тухай "Халуунд халж, хүйтэнд хөрч, цас бороотойд ч нөмөрлөх бараадах юмгүй хээр хөдөө өрмийн сумаа эргүүлээд хээв нэг зогсож байдаг жинхэнэ шалгарсан эрчүүд бол геологичид” гэж хэлсэн. Тэдний ажил заримдаа төсөөлснөөс ч хүнд. Технологийн алдаа, хөрс нуралтаас болж өрмийн сум 1000 метрийн гүнд унаж шороонд булагдах нь тэдний хувьд хамгийн гунигтай осол. Тэр жил журмын нөхөд нь сумаа алдчихаад 24 цаг ноцолдоод авч дийлэхгүй Ц.Энхбатыг дууджээ. Мань хүн хоёр цаг хэртэй үзээд л гаргаад ирсэн гэдэг. Энэ бол бахархал. Алмаазан сум хэдэн саяын үнэтэй. Газрын 1000 метрийн гүнд дарагдсан сумыг труба залган холбож таамгаар зүү сүвлэх адил нарийн ажиллагаагаар гаргаж ирнэ гэдэг жинхэнэ шалгарсан эрийн л хийх ажил.

Тамирчин хүн бүр олимпийн аварга болохыг мөрөөддөгтэй адил өрөмдөгч бүр ээлжиндээ дээд амжилт үзүүлэхийг хүсдэг. Монголын өрөмдөгчдийн ур чадварын уралдааны дэд байрын шагналт, Тэргүүний геологич Ж.Энхбат өнөөдөр Монголын уул уурхайн өрөмдлөгийн рекордыг эзэмшдэг. 2011 онд "Монгол алт”корпорацид урилгаар ажиллах үеэрээ нэг шөнийн дотор 760 метр өрөмдсөнөөр дээд амжилт тогтоосон нь одоо ч эвдэгдээгүй. Тухайн үед Оюутолгойгоос найзууд нь утасдаад "МАК дээр Эрдэнэтийн өрөмдөгч ирээд авралын од болж байна гэсэн, чи юу?” гэж сураг төдийхнөөр түүнийг түвэггүй мэдсэн нь ямархан өрөмдөгч болохыг давхар гэрчилнэ. Уулын цулд баригдсан тэр газар "Эрдэнэт” үйлдвэрийнхнийг очиход 20 гаруй өрөм ажиллаж байв. Тэд ердөө найм хоног өрөмдөөд бүгдийг нь ажилгүй болгосон гэдэг. Тэгээд алтны магнатууд 20 хүн тэжээж байхаар нэг хүн тэжээе гэх зарчим барьж, рекорд тогтоосны нотолгоо болгон Эрдэнэтийн өрмийг худалдаж авсан түүх бий.

Сүүлийн үед гадны компаниуд эднийхийг захиалж ажил гүйцэтгүүлэх нь ихэсчээ. Өнгөрсөн жил гэхэд "МАК” 18000, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 14000, "Шивээ Овоо”-гийнхон 10 гаруй мянган метр өрөмдлөг хийлгэсэн байх юм. Тэрээр "Энэ жил "Эрдэнэт” үйлдвэрийнхээ гүйцээх хайгуулын ажлаар 22 мянган метр өрөмдөнө. Одоо тав хоног ажиллачихвал энэ жилийн төлөвлөгөө дуусна” гэж маадгархан ярих.

Ж.Энхбат "Эрдэнэт” үйлдвэрт ажилладгийн хэргийг бүтээж, Дорнод аймгийн хүндэт иргэн аавынхаа захиасыг биелүүлж төрсөн нутаг түүхт Халхголынхоо 90 жилийн ойгоор сумандаа угталт үдэлтийн хаалга хийж бэлэг барьсан.

Геологичдын баяр наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн хүчтэн мааньнамрын сэрүүн өдрүүдэд говийн нар угтан Эрдэнэс таван толгойд захиалгаар ажил гүйцэтгэж явна.

М.ОДГЭРЭЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler