|
Видео

Шинэ мэдээ

Я.Долгоржав: Энэ компанийн ажилд улстөр оролцохгүй л бол урагшлан дэвжинэ

Я.Долгоржав: Энэ компанийн ажилд улстөр оролцохгүй л бол урагшлан дэвжинэ

 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн үе үеийн гүйцэтгэх захирлууд дунд содон нэгэн эрхэм бий. Тэр бол Ядамын Долгоржав. Доктор, профессор жинхэнэ  эрдэм номын хүн. Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж, улсаа гадаадад төлөөлөн элчин сайдаар сууж байсан энэ хүний зам мөр туж эрдэм ном, эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан байдаг. Төрийн бодлого тодорхойлолцож явсан хүн хэрхэн "Эрдэнэс Монголын” бодлогыг тодорхойлж байсан бол...        

 

Та "Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар богино хугацаанд ажиллаж, шалтгаан нь юу байв

 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар би ердөө жил хүрэхгүй хугацаанд ажилласан хүн. Яг нарийн яривал, тус компанийн гүйцэтгэх захирлаар намайг томилсон ТУЗ-ын тогтоол 2012 оны 1-р сарын 05-ны өдөр, чөлөөлөх тогтоол нь 2012 оны 11-р сарын 19-ны өдөр гарсан байдаг.

Намайг Куба Улсад элчин сайдаар ажиллаж байгаад буцаж ирэх үед ”Эрдэнэс Монгол”  ХХК болон түүний охин компани болох "Эрдэнэс Таван толгой”  ХК-ийн  удирдлагыг салгах асуудал яригдаж байж.Энэ үед тус хоёр компанийн  аль алины нь гүйцэтгэх удирдлагыг Б.Энэбиш захирал хариуцаж байсан хэрэг.Тэгээд л засгийн газар,Төрийн өмчийн хорооны зохих түвшинд ярьж ерөнхий санал, чиг гараад ТУЗ-ийн шийдвэрээр намайг тэнд ажиллуулахаар болсон юм. Чөлөөлөгдсөний тухайд бол, тэр үед  Компанийн  засаглал  манай төрийн өмчийн компаниудын хэмжээнд төдийлөн төлөвшөөгүй, улс төрийн нөлөө ихтэй, сонгуульд ялсан нам нь удирдлагыг томилоход оролцдог байсны дагуу л чөлөөлөгдсөн.

 Та ажил аваад ямар зарчим  баримтлав, өнгөрсөн түүхийг харж байхад захирлуудын бодлогын  залгамж халаа сайн байжээ  

Намайг ажил авах үед уул уурхай, ашигт малтмалын салбарын хүрээнд  бодлого, хууль эрх зүйн орчин харьцангуй  тодорхой болчихсон, хэрэгжилт нь зүгширч, үр дүн нь эдийн засгийн бодит өсөлтөөрөө илэрхийлэгдчихсэн, олон түмэн, тэр үеийн Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газарт  ам сайтай байлаа. Манай компани ч ард түмэндээ эх орныхоо байгалийн баялгийг хүртээлтэй байлгах, хөгжил дэвшилд нэмэр болох талаар чармайлттай ажиллаж байж. Ганцхан жишээ  дурьдахад, 2011-2012 онд "Эрдэнэс Монгол”  ХХК ,”Эрдэнэс ТТ” ХК  Хүний хөгжил санд 418 тэрбум төгрөг  шилжүүлсэн байдаг. Нүүрс  борлуулалтын урьдчилгаа мөнгөнөөс бүрдсэн энэ нөөцөөс л иргэн бүртээ хишиг, хувь олгох болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд бэлэн мөнгө хэлбэрээр хишиг, хувь хүртээх боломж  бүрдсэн шүү дээ. Энэ үед иргэддээ олгож байсан хишиг, хувийг эдүгээ зарим улс төрч, хувь хүмүүс хэтэрхий хавтгайруулсан халамжинд хамаг мөнгөө зарлаа гэж шүүмжлэх мөртлөө өөрсдөө цөөн хэдэн хүн, компанийн эрх ашгийг хамгаалах хандлагатай  харагддаг. Миний хувьд , харин ч тэр үеийн эрх баригчид, засгийн газар, ерөнхий сайдын зүгээс ”Бид зөв хайрлаж, зөв ашиглаж, шудрага хуваарилж чадвал хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй, ашиг тусаа өгөх ийм их баялаг бүхий эх оронтой Улс шүү” гэдгийг уул уурхайг эрчимтэй ашиглаж эхлэх гараан дээр ард түмэндээ бодитоор мэдрүүлсэн, ухааруулсан улс төр-эдийн засаг, нийгэм-психологийн ач холбогдолтой чухал арга хэмжээ байж гэж санагддагаа энд хэлмээр байна.

Уламжлал, шинэчлэлийн тухайд гэвэл, тодорхой зорилго, зорилтуудтай, нэгэнт гольдролдоо орсон компанид удирдлага солигдсоноор бүх юм цоо шинэчлэгдэнэ гэж юу байхав, тэнд өмнө нь ажиллаж тодорхой хэмжээний туршлага сургамж хуримтлуулсан хүний нөөцөөс эхлээд  бүгд уламжлагдаад л явсан. Өмнөх захирал Б.Энэбиш ажил, амжилтын сайн суурь тавьсан байсан. Урд хөл хөдөлбөл, хойд хөл дагадаг, урдах ажил урагшилбал, арын ажил дөхдөг хойно доо. Тэдгээрийг  залгамжлаад цааш үргэлжлүүлээд явахад Энэбиш захиралтай мөн надтай хамтран ажилласан тэр үеийн дэд захирлууд болох  Г.Тэмүүлэн, Б.Ганхуяг болон бусад бүх хүн, залуучууд маань чармайлттай ажилласныг хэлэх байна. Тэдэндээ энэ түүхэн ойг тохиолдуулан баяр хүргэж, талархлаа илэрхийлж байна. Гэвч нийгмийн тодорхой ажил төрөл байтугай, гольдролоороо урсаж буй ”нэг голын усанд хоёр дахин орж болдоггүй” гэдэг болохоор шинэчлэх, өөрчлөх зүйл бодлого, эрх зүйн орчноосоо эхлээд л гаралгүй яахав.

Таны үед хийж хэрэгжүүлсэн ажил, төр засгийн дэмжлэг юу байв

Тэр бүхнийг энд одоо тоочиход төвөгтэй л дээ.Товчхон хэлэхэд,”Эрдэнэс Монгол”  ХХК  маань нэг үе ихээхэн бодит эрх мэдэлтэй, хэд хэдэн орд газрын ашиглалтын лиценз эзэмшигч байснаа "Эрдэнэс ТТ”, ”Эрдэнэс Оюу толгой "хэмээх охин компаниудыг өөрөөсөө төрүүлж үйл ажиллагааг нь эхлүүлж ашиглалтын лицензүүд холбогдох эрх мэдлээ тэдэнд шилжүүлж өр, зээл өөрт нь үлдсэн толгой компани гэдэг нэрийдэлтэй болж хувирснаар зүйрлэж хэлбэл, эхлээд эд хөрөнгө, эрх дархтай байснаа, тэдгээрийгээ охиддоо тараан өгөөд өөрөө гуйланчирч хоцордог Лир Вантай  \Шекспирийн\  төсөөтэй  болчихож байгаа юм л даа. Ийм  нөхцөл байдалтай тулаад ирэхээр хамгийн түрүүнд, толгой болон охин компаниудын хоорондын харилцаа, хариуцлагыг тодорхой болгох, үйл ажиллагааны дүрэм, эрхзүйн орчноо сайжруулах, өвөр  хоорондын болон өрөөл бусадтай холбогдсон өглөг авлага, өр зээл, вексель-ээ  цэгцлэх, толгой компанийн хувьд стратегийн бусад орд газруудыг  өөрийн  шүхэр дороо хамруулах зэрэг өдий төдий асуудал гарч ирсэн. Хамгийн гол нь компанийнхаа алсын харааг эрхэмлэж үйл ажиллагааг нь тогтвортой, урт хугацаатай байлгах үүднээс  Хүний хөгжлийн сангийн зорилго үйл ажиллагаатай холбох зорилт тавьсан. Засгийн газар,Төрийн өмчийн хорооны бодлого, хандлага ч энэ чигт л байсан.

 

Санасан зорьсоноо гүйцээж чадсан уу

Богино хугацаанд ажилласан гэхэд бас ч яах вэ, санасан зорьсон зүйлс бүтэмжтэй  байсан.

-Толгой компани болох "Эрдэнэс Монгол” ХХК-ийнхаа эрх зүйн орчинг сайжруулсан дүрмийн төслийг шинэчлэн боловсруулж Засгийн газраар батлуулаад авлаа. Ингэснээр, манай компани Хүний хөгжил сангийн тухай хууль, Компанийн тухай хууль, УИХ-ын холбогдох бусад тогтоолуудтай нийцүүлж үйл ажиллагаа явуулах боломжтой болоод авч байгаа хэрэг.

-Компанийн өмнө тулгамдаад байсан өөр нэг асуудал бол Төр, засгийн бодлогын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, "Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засагт нөлөөлөх хэмжээний эсхүл, жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой”, стратегийн ач холбогдол бүхий  ашигт малтмалын бусад арав гаруй  тухайлбал, "Нарийн сухайт”, "Багануур”, "Шивээ-Овоо”-ийн нүүрсний, ”Уулын баяжуулах Эрдэнэт” үйлдвэрийн зэс, молибдин, "Төмөртэйн” төмөр, ”Мардай”, Дорнод”, ”Гурван булгийн уран, ”Бүрэнхаан”-ы фосфорит, ”Асгат”-ын мөнгөний зэрэг ордыг толгой компанийн шүхэр дор оруулах явдал байлаа. Гэвч элдэв учир шалтгаанаар толгой компаниасаа илүү "том толгойлсон” эдгээр субъектийг "дуулгавартай” болгох нь амаргүй хэрэг л дээ. Харин нэлээд уулзалт, яриа хэлэлцээрийн үр дүнд Засгийн газрын тогтоолд  "Стратегийн  ач холбогдол бүхий ашигт малтмалын ордны тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн төрийн мэдлийн хувьцааг "Эрдэнэс МГЛ”  ХХК-д  эзэмшүүлэх, эдгээр ордын төрд ногдох ашгаас Монгол улсын иргэнд хишиг хувь хүртээх ажлыг Засгийн газрын 2010 оны 350-р тогтоолын дагуу зохион байгуулж хэрэгжүүлэх” талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Б.Заяабал \төрийн өмчийн хорооны дарга\, гүйцэтгэх захирал Я.Долгоржав нарт даалгасан заалт орсон нь энэ ажил овоо урагшлах алхам болсон юм.

Ер нь энэ үед хэдийгээр компанийн бодит хүчин чадал,нөөц хязгаарлагдмал хэвээр байсан ч төр, засгаас ашигт малтмалын орд газруудынхаа ашиг орлогоос ард иргэддээ ахиухан юм амсуулах, эдийн засгийн өсөлтөө хүний хөгжилд сайнаар нөлөөлүүлэх бодлогыг хатуу барьж байсан. Үүний жишээ гэвэл, Засгийн газрын 2010-12-29 –ний өдрийн 347-р тогтоолын хавсралтаар баталсан ”Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д  2012-3-28-нд  өөрчлөлт оруулж "Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд бэлэн мөнгө хэлбэрээр хишиг, хувь хүртээх тухай " бүлэг нэмсэн. Үүнтэй  холбогдуулж Хүний хөгжил  сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар хүний хөгжил санд төвлөрүүлэх урьдчилгаа төлбөр 312.5 тэрбум төгрөг, ногдол ашиг 110.0 тэрбум төгрөгийг санхүүжилтийн хэрэгцээтэй уялдуулан төвлөрүүлэхийг төрийн өмчийн хороо, "Эрдэнэс МГЛ” ХХК”, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК, ”Эрдэнэс Таван Толгой”  ХК-д даалгасан байдаг. Дээр нь бас 2012-6-25-ны өдөр Монгол Улсын иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх тухай Засгийн газрын 218-р тогтоол гарч "Эрдэнэс МГЛ” ХХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсүгэй гэсэн шийдвэр гарсан юм. Тэгээд жил бүрийн хүн амын өсөлтийг харгалзан "Эрдэнэс МГЛ” ХХК-ийн давуу эрхийн хувьцаа нэмж гаргах асуудлыг тухай бүр зохих журмын дагуу шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн хороо болон манай компанийн ТУЗ-д  үүрэг болгоод "Эрдэнэс Монгол”  ХХК-ийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг  тус компанийн  захирал болон "Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн  гүйцэтгэх захиралд үүрэг болгосон зэргийг дурьдаж болох юм.

Засгийн газраас ногдуулсан иймэрхүү үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд нөөц бололцоо хайх нь зүйн хэрэг. Гол нөөц бол, мэдээж "Таван толгой” гэтэл, Хятадын "Чалко” компанитай хийсэн хязгаар чанга гэрээний улмаас Зүүн Цанхийн хэсэгт нэмж гар хүрэх бололцоо хомс. Ингээд л Таван Толгойд хөрөнгө оруулалт хийж хамтарч ашиглах олон улсын  байгууллага тодорхойгүй, тэр тусмаа  хоорондоо хэл амаа олигтой ололцохгүй байснаас ОХУ, Япон, Солонгосын хамтарсан консорциумын үйл ажиллагаа зогсонги байдалд орчихоод байсан нөхцөлд  өөрсдийн хүчээр Баруун Цанхийн талбайд уурхайн ам нээх, хөрс хуулалтын ажлыг эхлүүлэх шаардлага гарсан юм. Энэ нь бас сонирхогч талуудын сонирхлыг сэргээх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх давхар санаа агуулж байсныг одоо нуугаад яахав.

Ийнхүү 2012-10-01-нд "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирал Б.Энэбиш, манай компанийн дэд захирал Г.Тэмүүлэн бид хэд Таван Толгойн уурхайд очиж Баруун Цанхийн хэсэг дээр хоёр дахь уурхайгаа нээсэн юмаа. Иймэрхүү  маягаар ажил  бага багаар урагшилж л байлаа.

Компанийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ

Компаний ирээдүйг одоо байгаа болон ирээдүйд ажиллах хүмүүс л тодорхойлно.Одоо тус компанид чадварлаг удирдлагын баг, хамт олон ажиллаж байгаа учраас ирээдүйг нь тун өөдрөгөөр төсөөлж байна. Энэ компанийн ажилд улстөр оролцохгүй л бол урагшлан дэвжинэ. Компанийнхаа  10 жилийн ойг тохиолдуулан  үе үеийн бүтээлч хамт олонд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler