|
Видео

Шинэ мэдээ

МАН-ын хувь заяа АН-ын гарт орох уу?

 
МАН-ын хувь заяа АН-ын гарт орох уу?УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг гартаа авсан МАН-ын хувь заяа цаашид парламентад есөн гишүүнтэй сөрөг хүчин Ардчилсан намын гарт "албан ёсоор” орж болзошгүйд хүрчээ. Парламентад 65 суудал бүхий үнэмлэхүй олонх Засгийн газраа огцруулах эсэх асуудлаа дангаар шийдчих хэмжээний "хүн, хүчний” бололцоотой ч энэ удаад Ардчилсан намтай хамтрахаар болжээ. Учир нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хуулиар УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн санал нэгдсэн тохиолдолд авч хэлэлцэх бол шаардлагад гарын үсэг зурах 19 гишүүн өөрийнх нь намаас хараахан бүрдэхгүй байгаа тул Ардчилсан намын бүлгийнхнээс тусламж авахаар тохиролцсон гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газартай тооцоо бодох шаардлагад 10+9 гэсэн харьцаагаар хоёр нам нэгдэн асуудлыг УИХ-д оруулах хувилбар.
 
Парламентад дөнгөж л бүлэг байгуулах хэмжээний суудал авсандаа саяхан гомдол тавьж байсан Ардчилсан нам дээрх тохиолдолд жинхэнэ хүчтэй сөрөг хүчин болон харагдаад зогсохгүй цаашид "шидийг олоод нисэхийг шахав” гэгчийн үлгэрээр амь орох гэж байна гэсэн үг. Энэ Засгийн газрыг унагавал эдийн засаг сүйрнэ гэх нь хэтрүүлэг ч маргашгүй ганц үнэн нь гэвэл дараагийн Засгийн газар гээч нь байгуулагдаж таарна. "Дараагийнхны” зорилгоор эхэлсэн энэ улстөрд Ардчилсан нам тусалсныхаа хариуг мөн өдийд тохиролцсон байж таарна гэвэл дараагийн засаг Ардчилсан намд өртэй болжээ гэсэн үг. Үүний ачаар Ардчилсан нам "шидийг олоод нисэхийг шахах”-даа хүрч мэднэ...
 
Ардчилсан нам эрх баригчдаар оролдох, ингэхдээ өөрсдийнхөнтэй нь хамтрах улс төрийн шийдвэр гаргасныг НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгийн асуудлаар огцруулах шаардлагад бүлгийн гишүүд нь гарын үсгээ зураад эхэлсэн явдал нотолж дөнгөх биз ээ. НИТХ-д болж буй энэ үйл явц УИХ-ын түвшинд зэргэцээ өрнөх байдлаар Ардчилсан нам эрх баригч МАН-ыг эрхэндээ оруулах эхлэлээ тавих бололтой.
 
Ерөнхий сайдыг чөлөөлөх болон Засгийн газрыг огцруулах асуудлыг 19 хүний гарын үсгээр өргөн барих ч чуулганаар шийдэхдээ тулбал 76 гишүүний саналаас үр дүн нь хамаарна. Ингэхдээ ердийн олонх буюу 38+1 гишүүн аль талд саналаа өгөхөөс хамаарна. Нэгэнт тооцоо бодоход санал нэгдсэн 19 гишүүнээс гадна дахиад тэр тооны гишүүн тэдэн рүү "урвахад” л Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ парламентын түүхнээ "анхны” гэх тодотгол зүүж үлдэнэ. Ердөө эхний жилийг элээв үү, үгүй юу засгаараа оролдож эхэлсэн тэднийг дараагийн сонгууль хүртэлх гурван жилд хэдэн ч засаг хүлээж байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэртээ 1996-2000 онд Ардчилсан хүчний өнөөх олон Засгийн газрыг тэр үеийн сөрөг хүчин-өнөөгийн эрх баригч МАН өөрсдийнх нь урвагчидтай хамтран толгой дараалан бодийг нь хөтөлсөн гэмтэй. Тэрчлэн тэр үеийн Ерөнхийлөгчийн оролцоо ч байсан. Төрийн эрх ардчиллынхны гарт байсан ч ардчиллынхан өөрсдөө сөрөг хүчнийхээ гарт утсан хүүхэлдэй шиг өнхөрч байсан. Өнөөдрийнхтэй тун төстэй энэ үйл явцыг үйлийн үр гэх үү, байх уу?!
 
Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Яагаад намын асуудалд Ардчилсан намынхан хөндлөнгөөс оролцож байгаа юм бэ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. МАН-ын эрх барьж байх үед Засгийн газрыг огцруулах асуудал ярьж, өргөн барьж байсан тохиолдол ховор гэдгийг тэрбээр мөн хэлээд "түүх” сөхсөн байна. 2007 онд М.Энхболдын Засгийн газрыг С.Баярын Засгийн газраар сольсон шалтгаан нь С.Баяр намын дарга болсонтой холбоотой. Дараа нь С.Баярын Засгийн газрыг С.Батболдын Засгийн газраар сольсон нь С.Баяр биеийн байдлаас шалтгаалж өөрийн хүслээр үүрэгт ажлаа өгч байсан. Үүнээс өөрөөр МАН-ын үед Засгийн газрыг огцруулж байсан тохиолдол байхгүй... гэжээ. Үнэн. Тэр тусмаа сөрөг хүчинтэйгээ өөрсдөө нийлж засгаа оролдсон түүх үгүй байх.
 
Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайн, муу ажиллаж байгааг нь парламентын түвшинд хараахан хэлэлцэж дүгнээгүй байна. Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн явдал нь Ерөнхий сайдыг түрүүлээд "яллачихсан” хэрэг боловч, хэдийгээр энэ нь түүний хүчий гсулруулж байгаа хэрэг боловч цаг дуусаагүй байна. Эхлээд эрх баригч намынхан төрийн жолоо юугаа атгасан чигтээ АН-ын гарт орох эсэхээ шийдэх болов уу?!
 
 
З.Боргилмаа
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler