|
Видео

Шинэ мэдээ

Дэд сайдуудыг цомхотгож гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо ТАХАР-ыг авч үлдэж байсныг сануулав!

Тахарын албыг татан буулгах тухай сэдэв улстөрийн хүрээнд анх яригдахтай зэрэгцэн нийгэмд эсэргүүцэх хандлага их байсан. Гэсэн ч татан буугдсан. Гэрч, хохирогчийг хамгаалалтад авах тухай асуудал тулгамдсан сэдэв хэвээрээ үргэлжилж байна. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа  санаачилсан Тахарын албыг татан буулгах асуудал Ч.Сайханбилэг засаг удирдаж байх үед яригдаж эхэлсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Засгийн газрын  бүтцийг өөрчилж Тахарын албыг сэргээхийг УИХГ-ээс хичээнгүйлэн хүсье! Айлд шөнөөр дайрч орж гэрч барьж хорьдог харгислалын эсрэг нэгдэнэ үү!” хэмээн жиргэсэн бол Х.Тэмүүжин "АН төсөв хүрэлцэхгүй хүндрэл үүсэхэд дэд сайдуудыг цомхотгож гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо ТАХАР-ыг авч үлдэж байв!” хэмээн дэмжин жиргэжээ.

За харин хуульч М.Ичинноров "Хүчингийн хэргийн хохирогч бага насны охиныг ерөөсөө хамгаалалтанд авахгүй байна. Тахарын албыг татан буулгаад цагдаад өгсөнөөс хойш нэг ч хүн хамгаалуулж чадсангүй. Яаж ажиллаад байгаа газар вэ????!!!!! Гэр бүлийн хүрээний хэрэг учраас дарамт айдас ихтэй байгаа. Хамгаалалтандаа аваач ээ! Би өөрөө Тахарын албаны Гэрч хохирогчийг хамгаалах газрын дарга байсан. Тахарын алба маш сайн шуурхай мундаг ажилладаг байсан юм шүү!!!! ингэж хүйтэн цэвдэг хүрэн бөөртэй ханддаггүй юм. Гомдолтой байна шүү. Хөдөөний /Хөвсгөл/ бага насандаа гэр бүлийн хүрээний /тодорхой бичихгүй, нууцлал/ хүчингийн хэргийн байнгын золиос болж байсан. Одоо 18 нас хүрсэн. Би мөрдөн байцаагч, хүүхдийн ажилтнуудтай холбож, яаж туслахыг зөвлөж зуучилсан. Одоо ЦЕГ-н дэргэдэх гэрч хохирогч хамгаалах хэлтэс ажлаа хий. Өөрсдөө энэ хохирогчдыг олоод туслаарай! Та нарт хандахад гараа ч хөдөлгөөгүй хариуг манай вебсайтаас аваарай гэчихээд сууж байгаа шүү” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Тэгвэл судлаач О.Мөнхсайхан Тахарын албыг татан буулгах тухай асуудал яригдаж байх үед  medee.mn сайтад  ярилцлага өгөхдөө юу гэж байсныг эргэн сануулъя. Тэрбээр "Тахарын албыг яагаад байгуулсан бэ гэдэг шалтгааныг нь бид харах хэрэгтэй байгаа юм. Тахарын албаны үндсэн гол чиг үүрэг нь гэрч хохирогчийг хамгаалах, шүүгч шүүгчийн аюулгүй байдлыг хангах юм. Мөн хуульд заасан бусад чиг үүрэгтэй. Хамгийн гол нь гэрч хохирогчийг хамгаалах. Тахарын алба байгуулагдахаас өмнө гэрч хохирогч, шүүгч шүүгчийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалах цогц тогтолцоо бүрэн бүрэлдээгүй байсан гэж хэлж болно. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хууль батлагдаад шинэ бүтэц бий болсон. Нэгдүгээрт, тахарын албаны хамгийн гол үүрэг нь гэрч хохирогчийг хамгаалах юм. Гэрч гэж хэн бэ гэхээр тухайн гэмт хэргийг илчилж байгаа, тухайн хэрэгт оролцоогүй тэр этгээдийг хэлээд байгаа юм. Гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн шүүх шийдвэрээ гаргадаг. Хэдийгээр гэрч үнэнийг мэдүүлэх үүрэгтэй гэдэг утгаараа шүүхэд очиж мэдүүлэг өгдөг боловч мэдүүлэг өгсний дараа тухайн гэрчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байх үед гэрчийг дарамтлах айлгах, мэдүүлгийг нь өөрчлүүлэх гэж шахдаг явдлууд ил болон далд хэлбэрээр гарч байсан байгаа юм. Мөн хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байсан. Нөгөө талаас шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад учир дутагдалтай зүйлүүд гарч байсан. Шүүгчийн бие махбод, амь насанд халддаг, доромжилдог зүйлүүд гарч байсан. Жишээлбэл, 2008 онд долдугаар сарын 1-ний өдрийн хэргийн дараа шүүгчийн биед халдаж байсан. 2012 онд бас долдугаар сарын 1-ний өдрийн хэргийн цагдаагийн хурандаа нарын шүүх хурлын үеэр шүүх танхимд шүүгчийн биед халдаж байсан тохиолдлууд гарч байсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Тахарын албаны тухай хууль батлан гаргасан.

Шүүхийн байгууллага руу шилжүүлнэ гэж өнгөрсөн хавар яригдаж байгаад чимээгүй болсон. Одоо үндсэн чиг үүргийг нь цагдаа рүү шилжүүлнэ гэж яригдаж байна. Гол маргаж байгаа зүйл нь бие даасан тахарын алба гэж байх ёстой юу, эсвэл тухайн албаны чиг үүргийг цагдаагийн байгууллага хийх ёстой юу гэсэн бодлогын зөрүү л гараад байна. Өмнө нь тахарын алба гэж байхгүй байх үед асуудлууд байсан. Үүнийг хэд хэдэн зүйлээр хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, энэ эрх мэдлүүдийг хуваарилж өгөх шаардлага байдаг. Ялангуяа ганцхан хууль тогтоох, шүүх эрх мэдэл биш ерөнхийдөө өөр өөр чиг үүргүүдийг өөр өөр субъектүүд дээр хэрэгжүүлвэл тэр нь илүү үр дүнтэй байдаг. Хэрвээ бүх чиг үүрэг, эрх мэдлийг төвлөрүүлчихвэл тэр эрх мэдлийг урвуулан ашиглах байдал үүсдэг.  Цагдаагийн байгууллага бол нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл Тахарын албаны чиг үүргүүдийг нэмээд өгөхөөр эрх мэдлийн төвлөрөл бий болдог. Энэнээс сэргийлж тухайлсан Тахарын алба байгуулсан болов уу гэж бодож байна. Тусгайлсан гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ийм алба байснаар мэргэшсэн албан хаагчидтай болж байна, соёл бий болж байна, энэ чиг үүргээрээ мэргэшиж байна. Ингээд ирэхээр үндсэн чиг үүргүүд илүү сайн хэрэгжинэ.

Цагдаагийн байгууллагад шилжүүлэх юм бол энэ үр нөлөө буурна гэж ойлгож болно. Яагаад гэвэл Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тоо хүн амынхаа тоотой харьцуулаад үзэхэд тийм хүрэлцээтэй биш гэсэн судалгаа байдаг. Тийм учраас энэхүү ажил цалгардах магадлалтай. Үр дүн муутай гэсэн ганцхан жишээ авахад дээр дурьдсан долдугаар сарын 1-ний цагдаагийн хурандаа нарын хэргийг 2012 оны гуравдугаар сард шийдвэрлэж байсан юм. Тухайн хэргийг шүүсэн шүүгчийг албан газраасаа гарч яваж байхад нь хэл амаар доромжилж, биед нь халдаж байсан. Цагдаагийн дарга нарын асуудлыг шийдэж байсан учраас цагдаа нар шүүгчийг хамгаалаагүй гэсэн байр сууринаас тухайн үед хэвлэлүүдээр мэдээллэж байсан. Тэгэхээр Цагдаагийн байгууллагад шилжсэнээр эргээд цагдаагийн алба хаагчид ч юм уу, эрх мэдэлтэй хүмүүсийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдлээ гэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох магадлал бий” хэмээн хэлсэн байдаг.

Тэгвэл өдгөө үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг харахад гэрч хохирогчийн асуудал хөсөр хаягдаад байна.  ЦЕГ-ын дэргэдэх Гэрч хохирогч хамгаалах хэлтэс ажлаа дөмөгхөн хийхгүй байгааг нь хуульчид хэлж буй юм.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler