| |
Г.Баасан: М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хорьж, шалгах ёстой гэлээ
Өчигдөрхөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзах үедээ 60 тэрбумын бичлэгийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж худал мэдээлэл өгсөн. Өнөөдрийг хүртэл цагдаа, прокурорын аль аль нь энэ хэргийн мөрдөн шалгаагүй байна. Зургадугаар сарын 9-ний өдөр Прокурорын байгууллагад дээрх бичлэгийг эвлүүлэг мөн бишийг шалгуулах хүсэлтээ өмгөөлөгч Г.Баасан гаргасан ч тодорхой бус хариу өгсөн байна. Давж заалдан хүсэлт гаргахад бичлэгийн эх хувийг өгөхийг шаардсан байна. Одоогоор прокурор шалгаж байгаа гэлээ. Мөн түүний үйлчлүүлэгч Г.Доржзодовыг сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт оруулжээ. Зургадугаар сарын 8-нд үзлэгийн хариу гарсан ч өнөөдрийг хүртэл өмгөөлөгч болон түүний үйлчлүүлэгчид өгөхгүй байгаа юм байна.
Өнөөдөр 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийлээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон 60 тэрбумын гэх 90 минутын бичлэгийн асуудлыг хууль хяналтын байгууллага МАН-ын даалгавараар шалгахгүй байна. Учир нь бичлэгт тус намын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар оролцсон бөгөөд өнөөдрийг хүртэл эвлүүлэг гэж мэлзсээр байна. Гэтэл уг бичлэгтэй холбоотой үнэн болохыг нь батлах нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, гарч байсаар байхад хэргийг зориудаар шалгахгүй байна. Бичлэгт оролцосон МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хорьж, шалгах ёстой гэж өмгөөлөгч Г.Баасан үзэж байгаагаа мэдэгдлээ.
Энэ бүхнээс харахад Монголын хууль, хүчний байгууллага МАН-ын эрх ашгийг л хамгаалагч болж намын гар хөл болсон гэдгийг харж болохоор байна. Хууль цагдаа хүүчний байгууллагын толгой ялзарсан байгааг харуулж байна гэж өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийх үедээ хэллээ.