| |
Видео
Шинэ мэдээ
Хүй долоон худагт эмнэлгийн тусламжийг 24 цагаар үзүүлж байна
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, мэргэжилтнүүд баяр наадмын үеэр үндсэн дуудлагаас гадна Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.
Хүй долоон худагт гэхэд найман эмч, найман машинтайгаар уралдаанч хүүхдүүд болон иргэдэд үйлчилж байгаа юм. Энд наадамлаж буй иргэд суурин байх нь элбэг тул эмнэлгийн тусламжийг 24 цагаар үзүүлж байна.
Шөнийн ээлжинд хоёр эмч гарч буй бөгөөд иргэд яаралтай тусламж хэрэгтэй бол 103 дугаарын утсаар хандах юм.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболдоос баяр наадмын үеэр иргэд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.
- Түлэгдэлт их байдаг. Ялангуяа хуушуурын гэрт ажиллаж байгаа иргэд түлэгдэх тохиолдол их гардаг.
- Бага насны хүүхдүүд моринд өшиглүүлэх, хазуулах тохиолдол нэлээн гардаг. Морины хөлс авах нэрээр хүүхдүүдийг дагуулж очоод анхаарал сулрах үед ийм тохиолдлууд гардаг.
- Нум сум харвах, тоглоомон машин унах үедээ хатгуулах, харвуулах, унах тохиолдол гарна.
- Өдөртөө 27 градус давж халж байгаа үед даралт их, багатай хүмүүс тэр дундааөндөр настай, тогтмол эм хэрэглэдэг бол өөрсдийн таардаг эм, бэлдмэлээ авч, цагаар нь ууж байх хэрэгтэй.
- Хуурайшилт ихтэй үед харшлын шинж тэмдэг их байна. Тэр дундаа энэ үед айраг их ууснаас амьсгал боогдох тохиолдол гардаг. Харшлын шоконд орж хоолой боогдож, бачуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс бага багаар ууж, харшилж буй үгүйгээ мэдэх хэрэгтэй. Дээрх зүйлүүдийг анхаарах хэрэгтэй гэдгийг наадамчин олондоо зөвлөх байна.