| |
СОШИАЛД ДАВАЛГАА ҮҮСГЭСЭН “ЗАМ ЧӨЛӨӨЛ” ҮР ДҮНГЭЭ ӨГӨВ ҮҮ?
Монголын сошиалчид идэвхтэй. Тэд нийгэмд өрнөж буй хөндүүр асуудлыг барьж санаа оноогоо уралдуулж чаддаг. Ийм анхаарал татсан асуудлын нэг нь нийслэлчүүдийн, явган зорчигчдын замыг хаан барьсан дэлгүүр, ресторан, аж ахуйн нэгжүүдийн хашаа, хайс байв.
Иргэдийн санал, хүсэлтийг нийслэл ч анхаарч хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй баригдсан, иргэдийн замыг хаасан олон хашаа, хаалт, шат довыг иргэдтэй нэгдэн буулгаж, зам чөлөөлж эхэлсэн нь сайшаалтай.
Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан "нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд өнгөрсөн өвөл нийслэлийн зургаан дүүрэгт явган хүний орц гарцыг нээх боломжтой байршлуудын судалгаа, зураг, ажлын хэсгийн уулзалтуудыг удаа дараа хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ ажил нь иргэдийн талархалыг хүлээж сошиал давалгаа болтлоо дэмжлэг авсан нь энэ. Өнөөдрийг хүртэл эрчимжсэн энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгажээ.
Хороололын иргэдийн хүнсний хэрэглээг хангадаг энэ захын хажуугаар машин битгий хэл явган хүн ч алхах алга дарам газар олддоггүй байлаа. Мөн Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан дөрвөн чингэлэгийг буулган зам талбайг чөлөөлөв. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороо, V дугаар сургуулийн баруун талын олон жил болсон гражуудыг нурааж үзэгдэх орчныг гаргаад байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд өмчилсөн газраа хэтрүүлэн хашаа хатгасан айлууд ч шаардлагыг хүлээн авч хашаагаа татан явган хүний зам гаргаж өглөө.
Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын эзэмшил газрынхаа хэмжээнээс зөвшөөрөлгүй хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бий. Нийслэлчүүдийнхээ шаардлагыг аж ахуй нэгжүүд хүлээн авч, явган хүний зам таглаж барьсан довжоогоо буулгаж эхэлсэн нь үгүйсгэх аргагүй сайшаамаар. Бидний мэдэх X дугаар хороолол дахь ХААН банкны салбар явган хүний зам таглаж барьсан хэсгээ буулгасан бол "Metro mall” их дэлгүүр явган хүний зам таглаж барьсан шатаа саяхнаас чөлөөлсөн наад захын жишээ байна.
Нийтийн
эрх ашгийг хүндэтгэж, зам чөлөөлсөн аж ахуй нэгжид иргэд талархалтай
хандаж байгаа ч асуудал бүрэн цэгцрээгүй байна. Нийслэлийн удирдлагууд
өдөр бүр зам чөлөөлсөн байршлуудыг шалгаж, шаардах хуудас хүргүүлсэн
газруудтай холбогдож, зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудтай
зөвшилцөлд хүрэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлж байгаа мэдээ сошиал
ертөнцөд сайн тархажээ.
Зам чөлөөлөх арга хэмжээний хүрээнд 2017 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхийн тулд ажил хийгдэх газруудыг чөлөөлөх ажил мөн эрчимтэйгээр явагдаж байна. Хамгийн их хүн ам төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүтэлх 3.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нөлөөлөлд орсон зөвшөөрөлгүй сунгасан хашаа, контейнер, дугуй засвар, ТҮЦ зэргийг чөлөөлжээ.
Мөн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын нөлөөлөлд орсон аж ахуй нэгж, иргэний газар чөлөөлөх ажил, Улаанбаатар Хөшигийн хөндийн Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км авто замд 108 аж ахуй нэгж өртснөөс 77 нэгж талбарыг чөлөөлсөн байна.
Нэмж
хэлэхэд оршин суугаа байр, явган хүний орц гарыг хаан босгосон,
иргэдийн цаг заваас хулгайлдаг, нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн
хашаа, хайс барьсан албан байгууллагын тухай мэдээллийг нийслэл
тасралтгүй авч байгаа юм байна. Ийш хандан, иргэний үүргээ хэрэгжүүлж,
өнгө өнгөөр алаглуулан эмх замбараагүй барьсан хашаа хайсаас салах
боломж нийслэлийн иргэн танд байгааг дахин сануулах нь зөв байх.