|
Видео

Шинэ мэдээ

Хайр дагуулсан харц

Хайр дагуулсан харц

Түүний харц хамгийн сайхан. Хараад л баймаар. Харах тусам улам дурлан уусан шингэмээр. Уг нь бол тийм ч сайхан давхраатай алаг нүд биш л дээ. Гэхдээ л надад бол хамгийн сайхан нүд. Бага зэрэг бүлцэндүү ч гэсэн их зүйлийг багтаасан том харц. Тэндээс би уярал ухаарал, хайр, тэмүүлэл, тэвэр дүүрэн аз жаргал, инээмсэглэл, эрч хүч гээд сайхан бүхнийг мэдэрдэг.Түүнтэй анх учирсан өдөр тэр намайг нэг их анзаарч хараагүй.

Харин хэдэн өдрийн дараа үнэхээр над руу удаанаар ширтсэн шүү. Тэр л үед би түүнд дурлаж, насан туршдаа түүнийг хайрлахаа амласан юм. Эхэндээ тэр надаас юу хүсэж байгааг нь би ойлгодоггүй байсан. Яваандаа бага багаар би түүнийг мэдэрч эхлэсэн. Бид хоёр хавар учирсан юм л даа. Хавар намрын хувцас авна, түүнтэйгээ учирсан өдрөө тэмдэглэнэ, хааяа нэг шороо шуурна…энэ мэт асуудлыг эс тооцвол хавар ч үнэхээр сайхан улирал шүү. Түүнтэйгээ учирсан өдрийг хамаатан садан, найз нөхөд гээд аль болох олон хүмүүстэй нижгэр тэмдэглэхийг хичээдэг юм.

Жилдээ ганцхан удаа шүү дээ. Тэр анх надад "хайртай” гэж хэлэх үед би ямар их баярлаж байсныг хэн ч төсөөлөхгүй дээ. Бид хоёр тэр үед гадуур салхилж байсан юм. Би бүр чихэндээ ч итгэхгүй дахиад хэл дээ гэж зөндөө гуйсан. Мэдээж бидний хайранд олон саад тулгарч байсан. Жил ирэх тусам асуудлууд ар араасаа хөвөрсөөр. Заримдаа анхны үе маань сэтгэл амар, сайхан байж дээ гэж бодогдоно. Гэхдээ л түүнийг гэх хайр маань хэзээд мөнх юм.

Нэг удаа тэр минь над руу удаан гэгч нь ширтээд "Гуйж байна” гэхэд нь яаж ч чадаагүй зөвшөөрсөн юмдаг. Гараад явсан хойгуур нь эрхгүй их ганцаардсан гээч. Аргаа бараад сүүлдээ хувцасыг нь угаагаад, хоолыг нь бэлдээд хүлээгээд л байлаа. Түүнд уурлахаасаа илүү санаа минь их зовсон. Ирэхээр чинь чамайг болгож өгнө дөө л гэж бодож байлаа. Гэтэл өнөөх тунгалаг нүд над руу гэмшингүйгээр ширтэх үед би бүр шалдаа бууж юун уурлах манатай хурдхан шиг л хоол цайг нь дөхүүлэх юм сан гэж бодож билээ. Түүний харц тийм хүчтэй бас тийм уяхан. Энэ харцтай учраад яг одоо арван жил болж байна. Гэсэн хэдий ч түүний харц ер өөрчлөгдөөгүй. Харин ч улам ухаалаг, няхуур болж байгаа юм шиг санагддаг.

Нэг удаа тэр надад уурлаад духаараа харах үед яг л зүрх зүсэгдэж байгаа юм шиг санагдсан гээч. Өнөөх хиргүй тунгалаг харц алга болчих вий, хорвоо дээр над руу хардаг байсан хамгийн хөөрхөн харц замхарчих вий гэсэндээ хамгийн их айж билээ.Заримдаа түүнийг тайван унтаж байх үед харах их сайхан байдаг юм.

Өтгөн биш ч гэлээ урт сормуус нь үе үе хөдлөхөд эрхгүй инээчихдэг юм. Сормуусны будгаараа будчихвал муухан хүүхнээс царайлаг харагдах байх даа, эмэгтэй байсан бол ямар байх бол гэхчилэн түүнтэй холбоотой янз бүрийн зүйл ургуулан бодно. Ерөөс түүнтэй учирсан цагаас хойш л миний амьдралд түүнийг бодоогүй хором мөч бүхэн гэж үгүй. Гэтэл тэр залуу надад ямархан хайртайг би үл мэднэ. Мэдээж би хайртай гэдэгт нь эргэлздэггүй л дээ. Гэхдээ багахан айдас байдаг юм. Нас дээр гарах үед намайг орхиод явчихвал би яана аа гэж...

Гэсэн хэдий ч тэр минь л аз жаргалтай байвал би хамаагүй ээ. Мэдээж өөрт нь үнэхээр хайртай сайн бүсгүй учирвал би яаж татгалзаж чадах билээ. Харин ч тэр бүсгүйнх нь хүндлэлийг хүлээхийн төлөө би хичээх болно. Түүний минь харцыг л жаргалтай, сэтгэлийг нь тайван байлгаж чадах бүсгүйд бол...

Үе үе "албан ажил”-аасаа оройтож ирэх үед нь үглэхгүй юм шүү гэж бодсон хэдий ч тэвчихгүй түүнийг уурлуулчихна. Энэ үед тэр өрөөнийхөө хаалгыг чанга гэгч нь саваад хэдэн цагаар ч хамаагүй суучихна. Шалтгаан нь найзуудтайгаа цагийг өнгөрөөсөн юм байх. Гэхдээ хэдхэн цагийн дараа өвөрт минь аль хэдийн ороод ирчихсэн эрхэлж гарна. Ийм болохоор л би түүнд дэндүү хайртай байдаг юм. Өөрийг нь сонсоход тэр их дуртай. Оройтож ирэх үед нь юу ч асуугаагүй байхад өөрөө л хамаг тайлангаа тавиад байдаг юм. Ямартай ч шалтаг нь шалтгаан болж чадахаар зүйл байдаг.

Түүнийг би илүү мундаг болно гэдэгт үргэлж итгэдэг. Яагаад гэвэл тэр хайраар өлгийдүүлж өссөн болохоор. Намайг айлгаж, баярлуулж, уйлуулж, жаргалтай болгодог тэр л тунгалаг харцтай "залуу” баярын бялуун дээрх 11 лааг үлээх гэж байна. Хүслээ бодож байгаа хүүгийн харц мөрөөдлөөр дүүрэн байна. Ээж нь чамдаа хайртай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler