| |
Өсвөр насны хүүхэдтэй аав,ээжүүдэд: Амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим”-наас сэрэмжил
ОХУ-ын иргэн, 21 настай Филипп Будейкин саяхан энэ сарын 11-нд "Цэнхэр халим” хэмээх тоглоомыг санаачлан эхлүүлж, өсвөр насны 16 охины амийг хорлуулсан хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг ахалсан Антон Брейдо "Филипп болон түүний хамтрагч нар 2013 оноос хойш энэ тоглоомыг эхлүүлж, эцэстээ ямар үр дүнд хүрэхийг нь сайн мэдэж байсан. Ингээд өнгөрсөн хугацаанд аргаа улам нарийсгаж, хэнийг байгаа болгох гэдгийг хүртэл нухацтай шийддэг байж.
Эхлээд энэ залуус Vk сүлжээнд аймшгийн бичлэг оруулдаг группүүд нээж, тэнд орж, сонирхож байгаа хүүхдүүдийг судалж, тэдний дундаас байгаа онилдог байсан байна. Сэтгэл зүйгээр нь тоглож, эцэстээ амиа егүүтгэхэд нь хүргэж болох тийм хүүхдүүд тэдний бай болж байж” гэжээ.
Уг тоглоомын зорилго нь тоглогчийг амиа хорлоход хүргэх эцсийн зорилготой.
Өнөөдрийн байдлаар ОХУ-д энэ тоглоомоос болж 100 гаруй өсвөр насныхан амиа хорлосон байж магадгүй гэнэ.
Юм бүхнийг сонирхож байдаг өсвөр насныханд далд утга бүхий нэртэй тоглоом нууцлагдмал сонин санагдана. Гэвч үнэндээ тийм ч их сонирхоод байх зүйлгүй, түүнийг тоглож цагаа үрэх шаардлагагүй гэдгийг нь эхлээд мэдээлэх хэрэгтэй.
Нэгэнт тоглоомын гол зорилго амиа хорлоход хүргэдэг гэдгийг ч эхлээд тайлбарладаг байна. Мэдээж өсвөр насныхан "Би юу гэж тэгэх вэ дээ” хэмээх ч сониуч зандаа хөтлөгдөн уг тоглоомонд татагдан ордог аж.
Харин тоглоомыг удирдан явуулж буй компьютерын цаана суух этгээд хүүхдүүдийн Facebook дэх хувийн мэдээллийг нь тоглоомоороо дамжуулан авчсаар эрхэндээ оруулж, эцсийн зорилгоо биелүүлэх тактикаа боловсруулдаг ажээ.
"Цэнхэр халим”-ын тоглогч болсон бол өдөр бүр аймшгийн бичлэг үзэх, гар дээрээ хутгаар сийчих, бэлэн боллоо хэмээн өөрийн нийгмийн сүлжээнд бичих, өөрийгөө гэмтээх, уруулаа зүсэх, өглөө бүр 4:20 цагт сэрэх, өөртэйгөө адил тоглогчтой харилцах, удирдагч этгээдийн явуулсан хөгжмийг сонсох, даалгаврыг гүйцэтгэсэн гэдгээ батлах зураг, бичлэг явуулах гэх мэт даалгавруудыг гүйцэтгэх хэрэгтэй ажээ.
Ингэж явсаар 29 дэх өдрөө "Би халим” хэмээх тангараг өргөж, 30-49 дэх өдрүүдэд дээр дурдсан бүх зүйлсийг тогтмол хийж, эцэст нь буюу 50 дахь өдөр хаа нэгтээгээс үсэрч амиа егүүтгэснээр тоглоомын ялагч болдог байна.
Цэнхэр халим гэж нэрлэсэн шалтгаан нь халим, хүн хоёр л амиа хорлодогийн учир тэр гэнэ.
Энэ тоглоомонд орсон, амиа хорлосон гэх монгол хүүхэд бүртгэгдээгүй байгаа гэнэ. Гэхдээ л ЦЕГ-аас сэрэмжлүүлэг гаргаад байна.
Г.Гариг