| |
Эрх баригчдыг өмгөөлөх санаархал хийгээд мэдэх эрхийн үнэ цэнэ
Хэвлэлийн эрх чөлөөг боомилж, олон түмний мэдэх эрхэнд халдах гэсэн эрх баригчдын оролдлого өнгөрсөн долоо хоногт нийгмийг цочроов. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын санаачлагаар нэр бүхий гишүүд дэмжиж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын шүүмжлэх, хардах эрхийг боож 10-100 сая төгрөгөөр торгох санал гаргав. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцэж телевизүүд цагийн турш эфирээ хааж, үндэсний өдөр тутмын сонинууд тэргүүн нүүрээ "харлуулсан” юм.
Зөрчлийн хуулийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гаргасан өндөр дүнтэй торгуулийн саналыг нэр бүхий таван гишүүн дэмжсэнээр 10-100 сая төгрөгөөр торгох санал чуулганы нэгдсэн хуралдааны босгыг давсан. Гэсэн ч хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдийн мэдэх эрхийг хамгаалахын төлөө нэгдэж тэмцсэнээр санаачлагч саналаа татаж, чуулганы хуралдаан цаашлаад дараагийн хэлэлцүүлэгт шилжиж батлагдахаас сэргийлж чадлаа. Үйл явдлын мөрөөр цөөнгүй мэдээлэл дуулдсаны дотор МАН-ын удирдах зөвлөл шөнө оройгоор яаралтай хуралдаж хэвлэлийнхний эсэргүүцэлтэй тулгарсан саналаа буцааж татахыг Ц.Гарамжав гишүүнд зөвлөж, банга хүртээсэн гэх сураг байна.
Энэ талаар Ерөнхийлөгч пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал яригдаж байна. Амлалтаа хэрэгжүүлээгүйн төлөө төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг юм байгаа юу, байхгүй. Эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлагатай болох ёстой. Ёс зүйгүй авирласны хариуцлагаа хүлээх ёстой.
Иргэдийн нүд чих болсон хэвлэл мэдээллийг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүй. Өөр олон боломж байхад хамгийн бүдүүлэг аргаар торгоно гэж шийтгэх нь буруу. Торгууль нэмлээ гэж нэлээн шуугилаа. Тэгээд гаргасан саналаа татаж авлаа гээд үндсэн санал нь үлдэж байна. Тиймээс үндсэн саналаа ч татаж авах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнуудын гомдол гаргах эрхийг нь ч гэсэн хаах хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө л биеэ зөв авч явж, үгээ цэгнэх хэрэгтэй. Тийм байхад нийгмийн зүгээс гарч буй шүүмжлэл нь та нарт хэрэгтэй. Хэвлэлийн эрхийг боох байдал гарч болохгүй. Энэ заалтыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Монголын тэр дундаа сэтгүүлзүйн түүхэнд байгаагүй хараар тэмдэглэн үлдэх үйл явдлыг энэ парламентын үед гаргалаа. Энэ үйлдлийг хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцсэн нь зөв. Ард түмний үнэнийг мэдэх эрх ашгийн талд зогслоо гэж харж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон нийт цочирлоо. Ийм байдалд хүргэснийхээ төлөө улстөрчид уучлал гуйх ёстой. Монгол төрийн, парламентын нэр хүндийг сэвтүүллээ. Сэтгүүлчдийг, хэвлэл мэдээллийн байгууллагыг торгохоос өөрөөр асуудлыг шийдвэрлэх олон арга бий. Сэтгүүлч алдаа гаргасан тохиолдолд уучлал гуйж залруулдаг ёс зүйн зөвлөлтэй болсон. Хариуцлага хүлээхгүй гэж яриагүй. Гүтгэлэг гэж байгаагийн цаана улстөрчдийн өөрийгөө хаацайлах гэсэн зүйл л бий. Үүгээр хэвлэл мэдээллийг мохоох, ард түмний үнэнийг мэдэх эрхийг боож байна. Ганцхан байнгын хороон дээр яригдсан зүйлээс болж бүх гишүүд хэвлэлийн эрх чөлөөний эсрэг байгаа мэт ойлгогдлоо. Санаачлагч саналаа татсан ч маш том сэв, гомдол үлдлээ” гэдгийг тодотгов.
Зөрчлийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд тайлбарлахдаа "Хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналууд орж ирсэн. Гэвч УИХ-ын зарим гишүүн зарчмын зөрүүтэй саналын хажуугаар хулгайгаар хажуугийн санал оруулж ирж дэмжигдсэн харамсалтай үйлдэл болсон” гэв. Ийнхүү эрх баригчдыг, улс төрийн өндөр албан тушаалтныг хаацайлах оролдлогын өндөр дүнтэй торгууль буцсан ч 2-10 сая төгрөгийн торгууль хуулийн төсөлд хэвээр үлдлээ.
Зөрчлийн хуулийн төслийг АН-ын бүлэг хүчтэй эсэргүүцэж буй. Тэд хуульд хүний эрхийг дордуулсан, тухайлбал, залилах, танхайрах зэрэг 11 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оноож байгааг эсэргүүцэж байгаа юм.
Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт бас нэг үйл явдал олны анхаарлыг татсан нь АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилогчдын сунгаа байв. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нийт гишүүдийн саналаар тодруулахаа мэдэгдээд буй тус намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Р.Амаржаргал, Х.Баттулга, нийтлэлч Баабар, "Буян”-гийн Б.Жаргалсайхан нарын нэрийг ярьж эхэлжээ.
С.УЯНГА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин