| |
Видео
Шинэ мэдээ
Далай ламын айлчлалын хариуд хятадын эрх баригчид маргаантай газруудын нэрийг өөрчлөв
Энэтхэгтэй залгаа Гималайн хилийн бүсийн дагуух маргаантай зургаан газрын нэрийг Хятад улс өөрчиллөө. Үүнийг Далай ламын айлчлалын хариуд авч байгаа "хариу арга хэмжээ” гэж ажиглагчид үзэж байна.
Түвдийн Буддын шашны удирдагч, өдгөө 81 настай Далай лам энэ сарын эхээр Энэтхэгийн зүүн хойд нутгийн Аруначал-Прадеш мужид айлчилсан юм.
Энэ айлчлал хоёр талын харилцаанд "сөргөөр нөлөөлнө” гэж Хятадын тал мэдэгдээд, Бээжингийн ашиг сонирхлыг хүндэтгэхийг Энэтхэгт анхааруулж байсан билээ.
Зургаан газрын нэрийг өөрчилсөнтэй холбогдуулан Энэтхэгийн тал одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Энэтхэгийн Засгийн газар өмнө нь "Далайн ламын айлчлал бол цэвэр шашин номын зорилготой” гэж мэдэгдэж байсан юм. Далай лам тус мужид үүнээс өмнө хэд хэдэн удаа ирж байжээ. Тодруулбал, тэрбээр тус мужид 1983, 1997 болон 2009 онд тус бүр нэг удаа, 2003 онд хоёр удаа албан ёсоор айлчилж байв.
"Түвдийн өмнөд хэсэгт орших зургаан газрын нэрийг Засгийн газар өөрчиллөө” гэж Хятадын эх сурвалжууд мэдээлсэн байна. Тус бүс нь Хятад улсын нутаг дэвсгэрт харьяалагддаг боловч зарим хэсэг нь Энэтхэгийн мэдэлд байдаг аж.
Далай лам Аруначал-Прадеш мужид долоо хоногийн айлчлал хийснээс нэг өдрийн дараа Хятадын тал уг шийдвэрийг гаргасан байна.
Хятад улс маргаантай бүсэд орших газрын нэрсийг анх удаагаа өөрчилсөн нь энэ юм.
Энэтхэгийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч "Түвд бол Хятадын нэг хэсэг гэсэн Энэтхэгийн байр суурь өөрчлөгдөөгүй” гэж мэдэгдсэнээс хэдхэн өдрийн дараа дээрх шийдвэртэй холбоотой мэдээлэл гарлаа.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ