|
Видео

Шинэ мэдээ

Х.Бадамсүрэн 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулжээ

Х.Бадамсүрэн 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулжээ

 

"Түүнийг ингэж тансаглуулахын оронд зургаан өрхийг орон сууцтай болгох байв”

Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очингуутаа 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авсан Х.Бадамсүрэнгийн тансаглал үүгээр дуусахгүй нь. Тэрээр Эрдэнэтэд амьдрах байрандаа зориулж 180 сая төгрөгөөр тансаг тавилгууд авсан байна.

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, "Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан. Зайлуул, өмнөх дарга нар шигээ хангамж эдлэх ёстой гээд хүний эрх яриад заргалдаад явсан ч болохоор, арай дэндүү хасаж танасан” гэж хэвлэлийн хурлын үеэр ярьж байсан бичлэг нь бий. Түүнд сард 24,5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг л үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн гэж байв.

Тэгвэл байранд нь 24 саяар засвар хийлгэсэн баримт өмнө ил болж байсан. Харин байраа тохижуулахад 180 саяар тансаг тавилгууд худалдан авсан мэдээллийг нууцалж байлаа.

Х.Бадамсүрэн ажлаа авснаас сарын дараа энэхүү өөрийн тансаглалд зориулсан 180 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсгээ зуржээ. Гэрээний хавсралт тавилгын жагсаалтад жирийн иргэдийн санаанд багтамгүй дүн бий.

Тухайлбал, MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25,5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээ, 8,1 саяын коммодоор хослуулан нойрсох тав тухыг нь хангасан аж.

Мөн 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, холигчоо хүртэл авахуулахад 2,8 сая зарцуулж, MELODIA брэндийн 8 сандалтай ширээг 16 саяар авчээ.

Түүнчлэн DONATELLO брэндийн буйдан 21,5 сая төгрөгөөр, MELODIA брэндийн зочны өрөөний иж бүрдэл 20 саяар, жижиг ширээ 3,2 саяар тус тус авч зочны өрөөг тохижуулсан байна.

Х.Бадамсүрэнгийн байр гурван унтлагын өрөөтэй аж. Нөгөө хоёр өрөөнд нь тус бүр 10 саяын унтлагын иж бүрдэл, ажлын өрөөг нь 8,6 саяын тавилгаар "тоногложээ”.

Ийнхүү Х.Бадамсүрэн захирлын тансаг тавилгаар тохижуулсан байр нийтдээ 200 сая хол давсан өртөгтэйгээр "босчээ”. Насаараа үйлдвэрт ажилласан зургаан эрийн гэр бүлд орон сууц авч өгөх хэмжээний мөнгө ийнхүү Х.Бадамсүрэнгийн үзэгний үзүүрээр хувийн тансаглалд нь зориулагдав.

"Эрдэнэт”-ийг төр 100 хувь мэдэлдээ авсан гол шалтгаан энэ. Хувийн хэвшлийн хяналтыг хууль бусаар түлхэн гаргасан төрийн нударганы нөгөө талд дарга захирлуудын тансаглал, хувьдаа завших их шунал бий. Мэдээж Х.Бадамсүрэнг тойрсон орлогч захирлууд, зөвлөх, туслахуудад энэ хэмжээний хангамж шийдэгдэх нь тодорхой.

Хяналт тавих ёстой ТӨБЗГ-ын дарга нь Эрдэнэтийн намын дарга байсан, тэндээ хувийн компанитай, дэд дарга нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн цэсэнд Х.Бадамсүрэн гарын үсэг зурна. Мөн Дотоод аудит нь захирлын шууд мэдэлд харъяалагдахаар бүтцийг өөрчилж өгсөн.

Ингэж төрийн мөнгийг хяналтгүй урсгах боломжоо нээж авдаг аж. Богино зайн улстөрөөр ард түмнээс хулгайлах цоорхой гаргадаг үлгэр жишээ энэ. Одоо төрд зуун хувь авах шийдвэр гаргасан, Х.Бадамсүрэнг томилсон бүх гишүүд төрийн мөнгөөр тансаглах ээлжээ хүлээн, "шахаагаа” хийхээр шүлсээ үсчүүлэн зүтгэж буй. Тэд "ард түмний өмч” гэх нэрийн дор булааж авсан эрх мэдлээрээ дамжуулж хувьдаа завших нүх сүвээ эрэлхийлж суугаа. Шударга ёс дийлж, шүүхээр үнэн ялах цаг ойрхон гэдгийг мэддэг учраас, бага хугацаанд ихийг авахын төлөө үүнээс ч увайгүй үйлдлүүд цаашид олон гарна. Харамсалтай нь хяналт тавьж, зогсоох хүчин алга.

 Э.БАТ

Эх сурвалж: www.shuud.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler