![]() |
Видео
Шинэ мэдээ
МАШИН АЧИЛТЫН КОМПАНИУДААС НӨАТ-ЫН БАРИМТ АВДАГ БОЛЪЁ
Түм түжигнэж, бум бужигнасан нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачдаг журам үйлчлээд багагүй хугацааг үдэж байна. Харин энэхүү ажлыг хувийн компаниуд гүйцэтгэж байгаа нь иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Учир нь ачилтын компаниуд иргэдийн машиныг ачиж, явчихаад багагүй зардал, чирэгдэл учруулдаг байна.
Тухайлбал иргэд ачуулсан машиныхаа араас такси барих, эсвэл түрийвчээ машиндаа үлдээчихсэн бол ах дүү амраг саднаа дуудаж унааны мөнгө авах гэж хугацаа алдсаар өдрийн талыг барах жишээтэй. Мөн ямар компани ачиж явсаныг тодруулахаар тусгай дугаарт залгах гэх мэт маш олон асуудалтай нүүр тулдаг байна. Ингэж сая нэг юм ачуулсан машинаа авах боломжтой болно. Ингэхдээ иргэд 60000 төгрөг тушаадаг билээ.
Гэвч энэхүү ачилтын мөнгө хаашаа, хэний халаасанд ордог нь тун эргэлзээтэй байна. Машин ачилтын компаниудын нэг машинаас орж байгаа 60 мянган төгрөгийн хэдийг нь улсад тушаадаг эсэхийг албаныхнаас асуусан ч тодорхой хариулт өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Уг нь Нийслэлийн төсвөөс өнгөрсөн онуудад 12 тэрбум төгрөгөөр ачигч машинуудыг анх авч байсан аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ачилтын компаниуд иргэдээс авсан торгуулийн мөнгөө 100 хувь өөрсдөө авдаг төдийгүй улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй талаар хэлж байсан юм.
Дашрамд дуулгахад, машин ачих ажлыг хувийн хэвшлийн зургаан компани гүйцэтгэж байна. Тодруулбал, "Очух”, "BMML”, "Ачит сэлэнгэ”, "Авто гранд мастер” зэрэг компани гүйцэтгэдэг байна. Эдгээр компани бүгд хувийн хэвшлийнх бөгөөд уг компаниуд хоногт 90 орчим, ачаалал ихтэй үед 150 гаруй машин ачдаг байна.
Тэгвэл дээр дурдсанчлан нэгэнт улсад татвар төлдөггүй, дээрх компаниуд орлогоо өөрсдөө авдаг бол адаглаад НӨАТ-ын баримт өгдөг болох ёстой хэмээн иргэд үзэж байна. Машин ачилтын компаниуд хагас дутуу тамга дарсан болоод орлогын баримт өгөхөөс өөр зүйл өгдөггүй байна. Уг нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх ААН-үүд НӨАТ-ын тухай хуулийг дагаж мөрдөх учиртай. Гэвч иргэдээс өдөр бүр хэдэн зуун мянгаар нь мөнгө авч байгаа ачилтын компаниуд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Иймд холбогдох албаныхан энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй болов уу.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn
