|
Видео

Шинэ мэдээ

Д. Жаргалсайхан: Манай улс Африкийн араас орох уу, Азийн бар улс болох уу гэдэг хоёр гарц байна

Д. Жаргалсайхан: Манай улс Африкийн араас орох уу, Азийн бар улс болох уу гэдэг хоёр гарц байна

Сүүлийн үед бизнес эрхлэгчид хүндхэн байна. Төр хувийн хэвшлийн өмчийг хууль бусаар булаан авч, бизнесийн дархлааг булингартуулж байна гэхэд хилэсдэхгүй болов уу. Бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, гаргалгаа, тулгамдаж буй асуудлаар Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин, хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогын талаар Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал , Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д. Жаргалсайхантай ярилцлаа.

-Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

-Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 27 жил болж байгаа энэ хугацаанд манай улсын эдийн засаг 20 дахин тэлж, ардчилсан нийгмийн харилцааны хууль эрх зүй,бизнес, эдийн засгийн шинэ суурь үндэс тавигдан бэхжих чиг хандлагатай байна.

Хэдийгээр эдийн засаг томорч, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдхүүн социализмын он жилүүдээс нэмэгдсэн байгаа ч уул уурхай, мал аж ахуй, худалдаа үйлчилгээн дээр тулгуурласан нам технологийн, бүтээмж багатай эдийн засгийн загварчлал амь бөхтэй оршсоор байна.

Монгол улсын УИХ, Засгийн газраас улс орныхоо эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх чиглэлээр олон бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд батлан гаргасан хэдий ч энэхүү хөгжлийн жанжин шугамаа баримтлан, улс орноо аж үйлдвэржүүлэх хууль эрх зүй, бизнесийн орчныг цогцоор нь хийж чадаагүйн улмаас өр үйлдвэрлэгч, импортоос хэт хамааралтай эдийн засгийн маш хэврэг тогтолцоотой болоод байна.

Олон улсын судалгааны байгууллагуудын зүгээс Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлын индексийг тодорхойлсон байдаг.  Энэ дүгнэлтээс харахад Монгол улсын  хөгжилАфрик загвар луу шилжин орсон нь тодорхой харагдаж байна лээ.

Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ үед ард түмний итгэл найдвар хүлээж, төрийн эрх мэдлийг барьж байгаа МАН-ын зүгээс хөгжлийн алсын хараатай, өндөр технологийн аж үйлдвэржилтийн цогц хууль эрх зүй, бизнесийн орчныг яаралтай бүрдүүлж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

-Манайх жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлнэ гэж сүүлийн 27 жил ярьж байна. Гэхдээ үр дүн нь хангалтгүй юм шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

 -Улс орноо мал аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгох зорилт тавьж, нийгэм эдийн засгийн хөгжлийг таван жилээр төлөвлөн, салбар хоорондын уялдаа, харилцааг шинжлэх ухааны тооцоо судалгаан дээр үндэслэн цогцоор нь хөгжүүлэхээр зүтгэж байсан бидний аав ээж, ахмад үеийнхний хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн үр дүнд Монгол улсад суурь болон хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын 360 гаруй үйлдвэр завод ажиллаж, нийгмийн хөгжлийг манлайлагч 110,0 мянган ажилчин анги улс орныхоо бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан.

Шинэ нийгмийн босгон дээр хувийн өмчит шилжүүлсэн үйлдвэр заводуудтай тогтвортой ажиллах хамгаалалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадаагүй, мөн дотоодын борлуулалтын зах зээлийг гадаадын компаниудад хувьчлан өгсний үр дүнд Монгол улсын аж үйлдвэрийн салбар нуран унаж, үйлдвэр, технологийн хөгжил хүй нэгдлийн үе рүүгээ ухран орсон.

Монгол улсын дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангаж, цаашид экспортын чиг баримжаатай хөгжих байсан том үйлдвэр заводуудаа сэтгэлийн хөөрлөөр устган, дампууруулж, оронд нь нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлтгүй, зах зээлийн эрэлт багтаамжийн судалгаа, тооцоогүй олон жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх гэж оролдож байгаа нь манай улсын эдийн засаг дампуурлын нэг шалтгаан болж байна.


 -Жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр дээр зээл олгодог.  Үр дүнгээ өгч яаддаг боло вуу?

-Төрөөс жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогын зээл, тусламжийг үзүүлсэн хэдий ч дотоодын борлуулалтын зах зээлийг хамгаалах хууль эрх зүй, бизнесийн орчныг бүрдүүлж өгөөгүйн улмаас гаальтай машинаар орж ирдэг Хятад улсын бараа бүтээгдхүүнд зах зээлээ булаалган, өсөж дэмжих боломжгүй, өр зээлэндээ баригдсан баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нар барайгаад сууж байгаад харамсдаг.

-Монгол улсын эдийн засгийн уналтыг зогсоож, үйлдвэрлэлийн эдийн засгийн загварчлалыг бий болгохын тулд ямар гарц байна вэ?

-Азийн бар болтлоо хөгжсөн улс орнуудаас бэлэн бүтээгдхүүн импортлож, иргэдээ экспортлохоос илүүтэй тухайн улс орнуудын хөгжлийн туршлага, аж үйлдвэржилтийн хуулиудыг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлогт нийцүүлэн нутагшуулах замаар үйлдвэрлэлийн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Хувийн хэвшил дээр тулгуурласан ардчилсан зах зээлийн нийгмийн харилцааг хөгжүүлэх зорилго дор төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ойлголцлолыг шинэ түвшинд гаргаж, төр нь гадаадын үйлдвэрлэгчидтэй нийлж дотоодын зах зээлийн эрэлтийг булаан авах, хувийн хэвшлийхний бизнесийг дампууруулах, дарамтлах, оролцох зэрэг коммунист арга барилаасаа салах естой.

Жишээлбэл: Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркыг 1000 автобусаар шинэчлэх дотоодын зах зээлийн 1,0 тэрбум америк долларын эрэлт, хэрэгцээ гарч ирээд байгаа энэ алтан боломжийг ашиглан Монгол улсад машин байгууламжийн цоо шинэ салбар хөгжүүлж 2000-3000 шууд болон дамнасан ажлын байр бий болгох боломжоо үгүйсгэн Солонгос улсын автобусны үйлдвэрлэл, Солонгос хүний ажлын байрыг дэмжсэн борлуулалт, зээлийн худалдан авалт хийх талаар яригдаж байгаа нь улс орны хөгжлийн язгуур эрх ашиг, Монгол хүний ажилтай, орлоготой эх орондоо амьдрах Үндсэн хуулийн эрх, эрх чөлөөг боогдуулж байна.

Монгол төрөөс  үйлдвэржилтийн талаар гарсан  бодлогын 8 баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүдээ үгүйсгэн, ард түмнийхээ ажлыг байрыг хулгайлсан, эх орноосоо урвагч  төрийн түшээ, түшмэд гарч ирэхгүй байх гэдэгт итгээд сууж байна.

Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талын 49%-н хувьцааг эх орондоо авч ирсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн хууль эрх зүй, бизнесийн орчныг сайжруулан,эдийн засгийн үр ашгыг нэмэгдүүлж, шахааны бизнесийг таслан зогсоох чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгохын оронд төрийн төмөр нүүр харуулж байгаа нь хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн салбарыг айдас хүйтэст автахад хүргэж байна.

Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн төвлөрүүлж байгаа татварын мөнгөөр үндэсний үйлдвэрлэл дэмжих эх оронч худалдан авалтын тогтолцоо бүрдүүлэхийн оронд манай дарга нар тендер зарлачихаад мөнгөө хармаалаад Хятад, Солонгос хүний ажлын байрыг дэмжихээр гадаад руу зугтаад байна гэсэн яриа олон түмний дунд түгээмэл байна.

Монголчууд бид энэ мэт сэтгэлгээний буруу хандлага, үйлдвэржилтийн гажуудсан хууль эрх зүй, бизнесийн тогтолцоогоо өөрчилж чадвал улс орныхоо өр ширийг дарж, өсөж хөгжих эхлэлээ тавих юм.

-Ярилцсанд баярлалаа. Таны цааашдын ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler