|
Видео

Шинэ мэдээ

Б.Гарамгайбаатарын ГАРАМГАЙ АЖИЛЛАГААНУУД

 

Түүнийг Хөгжлийн банкнаас эрх мэдлээ ашиглан их хэмжээний мөнгө хүүгийнхээ нэр дээрх компанид гаргаж өгсөн хэмээн АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

 

 

УИХ-ын гишүүн, гишүүн асан гээд бүгд л адилхан. Гишүүн байх хугацаандаа ямар нэг аргаар, яаж ийж байгаад хувийн бизнесээ өргөтгөх, хөл дээр нь баттай зогсоогоод авах, эрх мэдэл, танилын хүрээгээ ашиглан гэр бүл, ах дүүсийнхээ нэр дээрх компанид томоохон тендерүүдийг түүж өгөх, улсын төсөв, элдэв санхүүжилт, бондын хөрөнгөнөөс ахиухан биш юмаа гэхэд байж болох хэмжээгээр хүртэхийг хүсэж, хүссэндээ хүрдэг болсон нь ч нууц биш. Гишүүн асан Б.Гарамгайбаатар тэдний л нэг. УИХ-д ганцхан удаа сонгогдохдоо өөрийн үүсгэн байгуулсан, гишүүн болоод хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн компанид их хэмжээний төсөвтэй тендер авч өгч чадсан сүйхээ нь түүнийг АТГ -т хэд хэдэн удаа шалгуулж, өдгөө яллагдагчаар татагдахад хүргээд байгаа. Тэрбээр уг хэргээс болж АТГ-т өдөр бүр бүртгүүлж, шаардлагатай үед байцаалтад орж буй.

 

37.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 100 километр зам барих ажлыг 9.1 тэрбумаар нэмэхийн тулд Засгийн газар тэргүүтэй Хөгжлийн банкныхныг хэрхэн молигодож, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр зэрэг хүмүүстэй үгсэн хуйвалдаж, шаардлагатай зарим албан тушаалтныг өөрийн талд элсүүлж явсан тухайгаа эвлүүлэн "зөв”-өөр ойлгуулахыг хичээж суугаа. Гэхдээ тэрбээр өөрийгөө зөвтгөхийг оролдож, эрх мэдэл бүхий хүмүүст нөлөөлөхийг, уснаас хуурай гарахыг оролдож байгааг зарим эх сурвалж дурдаж буй юм. Тэгвэл Монголын төрд түүнтэй адил "Гарамгайбаатар” олныг төрүүлэхгүйн тулд, ийм үйлдэл гаргавал хууль, хяналтынхан илрүүлж, хариуцлага тооцож чаддагийг харуулахын тулд түүнтэй холбоотой зарим баримтыг сануулъя.

 

ТЭР "МОНРОУД” КОМПАНИА ТӨРИЙН ТЕНДЕРЭЭР "УГЖДАГ” БАЙВ УУ

Тэр УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо 11 жилийн өмнө зам, барилгын "Монроуд” компаниа үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь УИХ-ын гишүун болохоос нь өмнө түүний болоод гэр бүлийнх нь санхүүгийн гол эх үүсвэр байв. Харин 2012 онд УИХ-д сонгогдсон тэрбээр компаниа хүү Г.Тэнгистээ шилжүүлж, үйл ажиллагааг нь саарал ордноос дэмжих ажилдаа орсон гэж болно. Үүний тод жишээ нь одоо түүнийг АТГ-ын үүдэнд уяад буй Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам барих тендер. Нэмэх нь Хөгжлийн банкнаас нэмж "олсон” 9.1 тэрбум төгрөг. Мөн энэхүү тендерийг шинээр барих замын жагсаалтад 2013 онд хууль бусаар оруулсан явдал.

Баруун аймгийнхны мөрөөдөл болсон, амьжиргааны гол түшиц болох уг замыг тус компанийнхан анх 37.2 тэрбум төгрөгөөр барихаар болсон ч дөрвөн жилийн турш оромдоглосны эцэст Чингис бондын санхүүжилтээр Хөгжлийн банкнаас бүтээн байгуулалтуудыг дэмжиж байгааг далимдуулан 9.1 тэрбум төгрөг нэмж гаргуулсан билээ. Уг нэмэлт санхүүжилтийг гаргахын тулд гишүүн асан Б.Гарамгайбаатар шаардлагагай бүх лоббигоо хийснийг АТГ-ынхан энэ удаад баримттайгаар дэлгээд байгаа нь энэ. Өмнөх Засгийн үед АТГ-аас яг энэ асуудлаар түүнийг хэд хэдэн удаа шалгасан ч ямар ч но илрүүлж чадаагүй. Бүр тэрбээр "Энэ компанийг үүсгэн байгуулсан ч удирдлагыг нь өөр хүмүүст шилжүүлээд 10-аад жил болж байна. Тэд миний ямар ч оролцоогүйгээр тендерт ялсан. Надад энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна” хэмээж байв. Гэхдээ тэрбээр ийн хэвлэлд ярьж байхдаа ч тус компанид олж өгч болох дараагийн тендер, ашигтай гэрээний талаар бодож суусан бизээ. Үүний илрэл нь Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам бол Б.Гарамгайбаатарыг АТГ-т шалгуулах, буруудвал дээлээ нөмрөх ганц шалтгаан биш гэнэ. Түүнийг"Гишүүн байх хугацаандаа мөн Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа "Монроуд” компаниа тендерээр ёстой нэг угжсан даа” гэх хүмүүс ч байгаа юм.

 

Баримт сөхвөл, өнөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2013 онд шинэчлэлийн Засгийн газар төсвийн зардлыг бууруулахын тулд хөрөнгө оруулалтын зардлыг нэмэхгүй байхыг бараг мөрдлөгөө болгон хэрэгжүүлэхээр шийдээд байсан үе. Гэтэл тухайн үеийн Зам, тээврийн сайд А.Гансүх танхимынхаа баримталж байсан дээрх үндсэн чиг шугамаас гэнэт хазайж, 2014 оны төсвийн төсөлд зам, тээврийн салбарт хийх хөрөнгө оруулалтын зардлыг 99.5 тэрбум төгрөг байхаар тусгасныг үл хайхран 30 төсөл арга хэмжээнд нийт 138.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Тухайн үед зам бариулдаг, захиалдаг салбарын сайдын эл хүсэлтийг зам тавьдаг, гүйцэтгэдэг компанийн захирал асан Б.Гарамгайбаатар ч уухайн тас дэмжиж байв. Бүр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2014 оны төсвийг хэлэлцэх үед Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хурал даргалах эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, А.Гансүх сайдын дээрх хүсэлтэд багтсан 30 төслийг тус бүрээр санал хураалгахыг оролдож, гишүүд эсэргүүцэж байсныг ард түмэн мартаагүй биз ээ. Тухайн үед Байнгын хорооны гишүүд "Засгийн газар танхимын зарчмаа алдлаа. Зам, тээврийн сайд Засгийн газраас ч том эрх мэдэлтэй болсон байна, хувийн тоглолт хийлээ” гэх мэтээр шүүмжилж байв. Байнгын хорооны гишүүд нь, бүр нэг танхимд ажиллаж байгаа Сангийн сайд нь "Энэ манай Засгийн газрын байр суурь биш ээ” гээд Зам тээврийн сайдын саналыг эсэргүүцээд байхад Б.Гарамгайбаатар санал хураалгах гээд зүтгээд байсны цаана өөр эрх ашиг нуугдаж байгааг хэн хүнгүй шивэр авир гэж байв. Учир нь, Зам, тээврийн сайдын оруулж ирсэн 30 төсөл дотор авто замын 16, гүүрийн найман төсөл багтсанаас гадна зарим аймгийн нисэх буудлын нисэх, буух зурвасыг завсарлах зэрэг ажил багтжээ. Тэгвэл "Монроуд” компани зөвхөн авто зам тавьдаггүй. Авто зам барилга, засвар, төмөр бетон гүүрний угсралт, засвар, аэродромын угсралт, засвар, асфалтын бетон хольцын үйлдвэрлэл, авто болон төмөр замын зураг төсөл хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл, "Монроуд” нь Зам, тээврийн сайдын төсөвт нэмж оруулах саналтай байгаа бүтээн байгуулалтын ажлаас алийг нь ч хийх боломжтой компани гэсэн үг. Тиймээс л уг саналыг уухайн тас дэмжиж, танхимдаа доог болж суусан юм.

 

Б.Гарамгайбаатарын замын лобби үүгээр зогсохгүй. Үүнээс өмнөхөн өөрийн компанид ашигтай саналыг УИХ-д мөн л зүтгүүлж байлаа. 2013 оны төсөвт тодотгол хийхээр хэлэлцэх үеийн явдал. Төсвийн орлого их хэмжээгээр тасарсан учраас Засгийн газар нэлээд бүтээн байгуулалтын төслүүдийн хөрөнгө оруулалтыг зогсоох саналыг УИХ-д оруулсан. Энэ асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал хурааж байтал Б.Гарамгайбаатар гишүүн "Жигжид, Шаргаморьтын уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км авто замын хөрөнгө оруулалтыг хасахгүй байх” санал гаргаж байлаа. Гэвч бодит байдал дээрээ энэ замыг тавих компани нь Б.Гарамгайбаатар гишүүнийх буюу өнөөх л "Монроуд” ХХК байсан гэдэг. Дээр дурдсан Зам, тээврийн сайдын саналыг зүтгүүлээд байсны цаад шалтгаан нь гэхэд сайдын оруулж ирсэн 30 төсөл дотор Жигжид, Шаргаморьтын уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км авто замын төсөл багтсан байсан гэдэг. Энэ мэт өөр нэр дээр ч өөрийнхөөс нь өөрцгүй компаниа тендерээр таслахгүйг хичээж байсан баримт цөөнгүй хөврөхөөр байна. Гэвч ийн угжсан тендерүүдийн санхүүжилтээр тус компани байж болох хамгийн муу зам тавьж, улсын төсвийг салхинд хийсгэж байгааг Хэнтий аймгийн Дуутын даваанаас Өндөрхаан хүртэл тавьсан 55 км, Улаанбаатар Санзай зуслан руу тавьсан хоёр километр замаас харж болно. Зөвхөн эдгээр чанаргүй замд зам тээврийн хэдэн осол гарч, хэдэн арван хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг хэлэх нь зүйтэй биз ээ.

 

ГАДНЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУУЛЬ БАТЛАХАА ШАХСАН НЬ

Өөр нэг зүйлийг энд бас сануулах нь зүйтэй. Үүнээс бид ард иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавигсад, өөрийн хийгээд өрөөлийн халаасанд орогсдыг ялгаж танилгүй төрд сонгосноор сонгогчид ямар үр дүн амсахаа ойлгож болох юм. Б.Гарамгайбаатар хэсэг гишүүний хамт Газрын тухай хуулийн шинэчилсэн төсөл боловсруулж, тус хуулийн Ажлын хэсгийн ахлагч явлаа. Гэвч түүний ахалсан хуулийн шинэчилсэн төсөл гадаадын иргэдэд газар олгохыг зөвшөөрсөн, эзэмших хугацааг сунгах боломжоор хангасан эх оронч бус, байж боломжгүй заалт олонтой хэмээгдэн олны эгдүүцлийг хүргэж, жагсаал цуглаан хийхэд хүргэж байв. Тодруулбал, Газрын тухай хуулийн төслийн 15.5-д "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдана” гэж тусгажээ. Мөн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, барьцаалах эрхийг нь нээж өгөхөөр тусгасан байна. 2.3 дахь заалтад газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхэд маргаан, асуудал үүсэхэд Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр тусгасан байвал түүнийг дагаж мөрдөнө гэж. Тухайн үед уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Ямар эрүүл саруул хүн тусгаар тогтнолынхоо үндэс суурь болсон газрын тухай хуулийг олон улсын гэрээгээр шийднэ гэж явах юм бэ. Газартай холбоотой асуудал хуулиараа л бүрэн шийдэгдэх ёстой” гэж байв.

 

Хамгийн гол асуудал нь гадаадын иргэнд газар эзэмших эрх нээж өгөөд, эхний удаа 60 жилээр олгох. Улмаар 40 жилээр сунгах бололцоо бүрдүүлэхээр тус хууль оруулсан нь Б.Гарамгайбаатар тэргүүгэй хүмүүсийн бусдын лообийнд автсаныг илэрхийлж байна гэх хүн цөөнгүй байв. Гэвч уг хуулийг 2014 оны зургадугаар сарын 20-ны өдөр эргүүлэн татсан юм. Хэрвээ хэрэгжсэн бол тус хуулиар гаднын аль ч орны иргэн 100 жилээр Монголын газарт эзэн суух боломж нээгдэх байлаа. Үүнээс гадна тэрбээр "Анод” банкийг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх үед "Монроуд”, "Ар Пи Эм”, "Дээд цэг”, "Улбаа” гэх дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлсэн байдаг. Үүний долоон тэрбум гаруйг нь "Монроуд” компанийнхаа нэр дээр авсан байдаг. Харин "Ар Пи Эм” ХХК нь хоёр ч удаа зээл авсан байдаг аж. Тухайлбал, 2007 оны есдүгээр сарын 13-нд нэг тэрбум 349 саяын зээл, мөн ондоо 400 сая төгрөгийн зээл авсан байдаг аж. "Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, "Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн зээлтэй байв.Гэвч тэрээр энэхүү зээлээ төлж барагдуулалгүй байсаар "Анод” банк ч дампуурч байсан билээ.

 

Улс төрд байх ахархан хугацаандаа улсыг хамгийн багадаа 46.3 тэрбум төгрөгөөр хохироосон түүнийг энэ удаад баттай баримтаар шалгаж байгааг АТГ-ын албаны эх сурвалж онцолж буй юм. Бусдыг хууран мэхэлж, эрх мэдлээ ашиглан улсыг хохироосон хэн ч хариуцлага хүлээх ёстой. Энэ зарчмаар АТГ-ынхны авлигач, хувьдаа завшигчдыг авлах ажиллагаа улам эрчимтэй үргэлжилж, олон "Гарамгайбаатар”-т хариуцлага ногдуулах болтугай.

 

Өдгөө АТГ-аас гишүүн асан Б.Гарамгайбаатарыг дараах зүйл ангиар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 буюу энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүрлэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Түүнчлэн түүний хүү "Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа билээ.


Б.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler