| |
Н.Энхбаяр АН-аас гадна МАН-тай эвсэл байгуулах талаар ярилцана
Өчигдөр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирлээ. 10 цаг 30 минутанд Сөүл- Улаанбаатарын нислэгээр ирсэн түүнийг үүнийг МАХН-ын дэд дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн дэд сайд, МҮАН-ын ЕНБДарга Б.Цогтгэрэл, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар нарын эвсэл, нам, гэр бүлийнхэн нь угтсан юм.
Тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ:
" Эх орны минь агаар сайхан байна. Монгол нутгаа, эрэгтэй, эмэгтэй , хөгшин, залуу бүх хүн, танихгүй ч гэсэн бүх л Монголчуудаа их саналаа. Эмнэлгээсээ чөлөө аваад ирсэн болохоор ярьж байгаад буцаад явна. Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа , эвслийнхэнтэйгээ ярилцана. Намайг БНСУ-ын иргэн болох гэж байгаа гэсэн мэдээлэл их түглээ. Яаж тийм юм байхав дээ. Тэгээд Солонгосын бичсэн хэвлэлийнхэнтэй холбогдсон. Монголоос тийм мэдээлэл авсан гэж хариулж байна лээ. Манай Монголчууд л тийм буруу мэдээлэл өгсөн юм билээ." гэв.
Мөн түүнийг ирэх үеэр МАН, МАХН-тай хамтарч эвсэл байгуулна, шинэ Засгийн газар байгуулахаар болж байна, маш хүчирхэг эвсэл болно гэсэн яриаг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн twitter -тээ бичсэнээ төдөлгүй устгасан юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр Т.Бадамжунайгаар зуучлуулан,МАН-ын лидерүүдтэй уулзалт хийх аж. Энэ үеэр цаашид МАН, МАХН хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар тодорхой асуудлуудыг ярих юм байна.
Мөн Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах, 4 сайдын квотоо хадгалах асуудлаар АН-ын удирдлагуудтай уулзах нь тодорхой гэнэ.
Түүнийг Монголд байх хугацаанд өөрийнх нь оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг цацагдах аж.
Ч.Явуу