|
Видео

Шинэ мэдээ

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар улсад 200 гаруй тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар улсад 200 гаруй тэрбумын хохирол учруулсан байж болзошгүйХөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон тус банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд бүх захирлуудад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.Тэднийг 200 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээлэл бий.  

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг авлига, албан тушаалаа ашигласан гэх үндэслэлээр өнгөрсөн сарын сүүлээр сэжигтнээр татан саатуулсан. 

Мөн Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоогоор  нийт 14 хоног Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461-р ангид хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй юм.

Харин тэдний өмгөөлөгч нар батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгөх хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Прокурорын газарт хандан тавьсан байна. Учир нь Б.Гарамгайбаатар хоригдож буй хугацаандаа хорих шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байгаа аж. Эл хүсэлтийг өнөөдөр шийднэ. 

Эх сурвалжийн мэдээллээр Б.Гарамгайбаатарыг Н.Батбаяраар дамжуулан хүүгийнхээ компани болох "Монроуд” компани руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. 
Тодруулбал, тэрбээр Засгийн Газрын 124-р тогтоолыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа батлуулж, уг тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөгийг хүү Г.Тэнгисийн зам барилгын "Монроуд” компани руу өгөх шийдвэр гаргаж байжээ.

Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяртай холбоотой компанийн данс руу "Монроуд” компанийн мөнгө орсон байж болзошгүй баримт ч бий аж.
Түүнчлэн Н.Батбаярыг Засгийн Газрын тогтоол гаргуулалгүй УИХ-аар огт батлуулалгүй, дур мэдэн Хөгжлийн банкаар дамжуулан олон тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн, Яармаг дахь орон сууцны хорооллын зураг төсөл зэрэг гурван ч асуудлаар давхар шалгаж байгаа гэнэ.

Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүдтэй холбоотой гэж үзэж байгаа бололтой.

Одоогийн байдлаар яг ямар хэргүүдтэй холбоотой гэж үзэж байгаа тухай нарийн мэдээлэл байхгүй ч тэднийг "Төслийн нэгж” нэртэй төсвийн хөрөнгийг үргүй зарцуулагч нарт их хэмжээний санхүүгийн дэмжлэгийг тодорхой дүрэм, журмуудыг зөрчин олгосон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Т.Хэрлэн
zuv.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler