|
Видео

Шинэ мэдээ

Баяртай зэрэгцсэн банкны дараалал

Б.МЯГМАРЖАВ

УИХ-аас энэ оны төсвийг батлахдаа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь баталсан. Ингэснээр 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө 50-250 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон юм. Үүний дагуу Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Насны хишиг олгох тухай журам баталсан. Уг журамд заасны дагуу Насны хишгээ авах ахмадуудын хүсэлтийг хорооны нийгмийн халам­жийн ажилтнаар дамжуу­лан авч эхэлсэн. Гэсэн ч ОУВС халамж, үргүй зардлаа танах талаар сануулсан учир Насны хишигийг өгөхөө болилоо гэсэн мэдээлэл тараад байсан. Тэгвэл Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газраас албан ёсоор мэдээлэл хийлээ. Одоогоор тус газраас 118 мянган ахмад настанд Насны хишиг олгох нэрс гаргажээ. Үүнээс 114 мянган ахмад бүртгүүлж, нэрээ баталгаажуулснаар бан­кинд очин мөнгөө авах эрх үүсчээ. Харин үлдсэн дөрвөн мянган ахмад хараахан бүртгүүлж амжаагүй байна. Бүртгэлд хамрагдаж чадаагүй ахмадуудад мөнгийг нөхөж олгох юм. Одоогоор бүртгэлд хамрагдаагүй байгаа 4000 ахмад зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө бүртгүүлсэн тохиолдолд энэ ондоо багтааж, түүнээс хойш бүртгүүлбэл 2018 онд насны хишгээ авах боломжтой гэнэ. Дараагийн насны хишгийг Үндэсний их баяр наадмын өмнө буюу долдугаар сарын  1-ээс өмнө олгохоор төлөвлөж байгаа аж. 
Насны хишигийн мөн­гийг Хөдөлмөр халамж үйлчил­гээний газраас арилжааны гурван банкинд шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Гэвч настнуудын хишиг олгохгүй байна гэх гомдол нэлээд гарсан юм. Учир нь Насны хишиг авах ахмадуудын нэрийг банкууд руу илгээх ажилд нэлээд хугацаа зарцуулсан байна. Тодруулбал, Монгол Улс даяар ганцхан сервер ашигладаг тул ачаалал үүсчээ. Харин энэ сарын 21-ний өдрийн үдээс хойш гэхэд ихэнх банкууд Насны хишигийг олгож эхэлсэн байна. Ахмадууд бүртгэлд хамрагдахын тулд харьяа сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хан­да­на. Хүсэлт өгсөн хүний иргэний үнэмлэхийг сум, хорооны нийгмийн халамжийн мэргэ­жилтэн хуулбарлан, тухайн хүний мэдээллийг цахим өргөдөл, маягтын дагуу бөглөж, анхан шатны баримт бүрдүүлнэ. Ингэснээр тухайн аймаг, дүүргийн Насны хишиг авах хүмүүсийн нэрсийн жагсаалт үүсдэг байна. Үүнийг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт явуулснаар санхүүжилт нь орно.

Мөн өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргах боломжтой ажээ. 65-69 настай ахмад настан 50, 70-79 настай ахмад настан 80, 80-89 настай ахмад настан 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн тэтгэмж авах юм. Насны хишгийг 2017 онд улсын хэмжээнд 114.424 мянган ахмад настанд олгох бөгөөд тэднийг насаар нь авч үзвэл 65-69 настай 43089, 70-79 настай 57624 хүн байгаа бол 80-89 настай 18700, 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад байгаа гэнэ. Өнөөдрөөс /өчигдөр/ "Капитал” болон "Төрийн банк”-ны салбараар  Насны хишигийг олгож эхэлжээ. 2017 онд төсөвт 20.5 тэрбум төгрөгийг Насны хишигийн зардалд зориулан тусгажээ. Мөн банкууд одонтой эхчүүдийн мөнгийг олгож эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор банкууд хөл хөдөлгөөнд дарагдаж эхэлжээ. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны "Капитал” банкны салбараар орж, насны хишигээ авахаар дугаарлаж зогсч байгаа зарим өндөр настантай уулзсан юм. С.Ханддулам гуай ярихдаа ”Эмээ нь энэ жил 85 насыг зооглож байна. Найман хүүхэд төрүүлж өсгөж улсад 60 гаруй жил ажиллалаа. Үр хүүхдээ сайн хүжүүжилтэй хүн болгож төлөвшүүлснийх сайхан л амьдарч байна. Төрөөс Цагаан сарын баярыг тохиолдуулан хишиг хүртээж байгаад баярлаж байна. Одоо үр хүүхэд, улс орныхоо төлөө миний хийж чадах зүйл гэж алга. Эрхиэ эргүүлж мэддэг хэдэн мааниа уншаад явж байна даа” хэмээн ярилаа. Мөн тэрээр ахмадуудад хандсан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах талаар учирлаж байлаа. Хэдийгээр ахмадууд банкны оочерт хэдэн цагаар дугаарлаж, насны хишигээ авч байгаа ч төрийн минь буян, хишиг хэмээн талархан хүлээн авч буй нь илт. Харин настангуудаа дагуулж яваа хүүхэд, ач, зээ нар нь  хэдэн төгрөг өгөх гэж ингэж бөөн оочер дугаар болгож буйд дургүй байгаагаа илэрхийлж байсан. Мөн тэтгэвэр авдаг банкнынх нь тэтгэврийн дансанд оруулж болоогүй юм уу хэмээн бухимдах нь ч  байсан. Ахмадууд хоёрдугаар хорооны болон, зургадугаар сарын 25-наас хойш банкинд очиж, мөнгөө бэлнээр авах боломжтой. Хэрэв бэлнээр авахгүй гэж хүсэлт гаргавал цахим карт үнэгүй олгож байгаа аж. Мөн дээрх гурван банкинд данстай бол түүгээрээ дамжуулан авч болох юм байна. Насны хишигээ авахаар дугаарлан зогч байгаа ахмадуудын дунд гэрээсээ сандал авч ирээд суугаад хүлээж байгаа настан ч харагдсан. Ахмад бүр хажуудаа ач, зээ, хүү гээд нэг хүн дагуулж ирсэн байлаа. Ойрд уулзаагүй ахмадууд ч уулзаж хөөрөлдөж байгаа харагдсан. Ингээд Сүхбаатар дүүргийн ахмад настан Х.Гончигдоржтой уулзахад тэрээр Насны хишигийг улс орондоо үр бүтээлтэй олон жил ажиллаж хөдөлмөрлөснийг минь үнэлж олгож байна гэж ойлгосон. Бид залуу насандаа ажиллаж, хөдөлмөрлөж улс орондоо ихийг бүтээсэн хүмүүс. Өвөө нь 15 насандаа хотод орж ирж номын сангийн харуул хийж дараа нь барилгачин болж энэ салбартаа 60 гаруй жил ажилласан. Миний бүтээн байгуулалтад нь оролцсон олон барилгад өнөөдөр үр хүүдээ тойруулан аз жаргалтай амьдарч байгаа сайхан амьдарч байна” хэмээн ярилаа. 

Хэдийгээр банкууд цахим орчин хөгжиж цааснаас татгалзаж, цахим банк руу хэмээн уриалж байгаа ч өнөөг хүртэл оочер дараалалд дарагдсан хэвээр байна. 
Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler