|
Видео

Шинэ мэдээ

Хоосон байснаас дээр юм даа

Хоосон байснаас дээр юм дааТун удахгүй монгол түмний их баяр цагаан сар болох гээд л ёстой нэг түм түжигнэж, бум бужигнаж байна аа. Эдийн засаг хямарч, элгээрээ хэвтсэн ч ирэх жилийнхээ өнгийг сайн сайхан гаргачих гэж хичээсэн хүмүүс энд тэндэхийн зах, дэлгүүрийг хөл гишгэх зайгүй дүүргэжээ. Энэ хүмүүсийн дийлэнх нь залуу зандан насандаа улсдаа хүчээ өргөж, хөдөлмөрлөж яваад тэтгэвэртээ гарсан ахмадууд байгаа юм. Овоохон мөнгө төгрөгтэй айлын хөгшчүүд ч яах вэ.

Цагаан сар, баяр ёслолоор юунд ч санаа зовдоггүй байх. Гэтэл өнөөх дундчууд, түүнээс доошхи амьдралтай хүмүүсийн аав ээж бас л хүнээс дутахгүй цагаан сараа хийчих санаатай, тэтгэврийн хэдээ бөөнөөр нь зээлж, банкинд өр тавиад л явж байна.

Зарим нь "Бурхны оронд одсон ханийнхаа тэтгэврийг авч байсан бол...” хэмээн халаглаж суугаатай нь ч таарлаа. Угтаа бол өнгөрсөн парламентын үед Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдах шахаж, хөгшчүүд ч залуу цагтаа улсад хөдөлмөрлөж байгаад тэтгэвэрт гараад бурхан болсон ханийнхаа улсад төлсөн мөнгийг эргүүлэн авах нь хэмээн битүүхэн горьдож суусан нь үнэн.

Ахмадууд залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй, эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Тэгвэл тэрхүү Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан.

Гэтэл бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа гээч нь дуусч, дахиад өөр хүмүүс гарч ирчихээд өнөө муу горьдлогыг нь тас цохичихсонтой ялгаагүй зүйл хийж орхисон. Тэр нь "Насны хишиг” гээч. Тодруулбал, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настнуудад үзүүлэх халамж, нийгмийн үйлчилгээг сайжруулах хүрээнд эдийн засгийн тооцоо, судалгаан дээр үндэслэн нэн тэргүүнд 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмжийг олгоно хэмээн тусгасан. Энэ хүрээнд ирэх оны төсөвт 20.5 тэрбум төгрөгийг суулгаж, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 78718 ахмадад "Насны хишиг” хүртээхээр болсон.

Бүр тодруулбал, 65-69 настай ахмадуудад 50, 70-79 настай ахмадуудад 80, 80-89 настай ахмадуудад 150,  90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг жилд хоёр удаа буюу цагаан сар, наадмаар олгох юм билээ. Ингэхдээ нас заасан нь учиртай гээд байгаа. Үүнийгээ монголчуудын дундаж наслалт 2009 оноос хойш өссөн гэж тайлбарлаж буй. Гэвч үнэндээ монгол эрэгтэйн дундаж наслалт дөнгөж 67, эмэгтэйчүүд 72 байгаа.

Дундаж наслалт ийм бага байхад насны хишиг 65-аас эхэлнэ гэдэг амьдралаас хол тасархай болчихоод байгаа юм. Бүр зарим нэг хүн Үндсэн хууль зөрчлөө гэж цэцэд хандаад ч тусыг эс олсон. Тэд манай төр засгийн шийдвэр гаргадаг хүмүүс өөрсдөө дутагддаггүй, гачигддаггүй, өглөө босоод талхгүй бол яана аа, цэцэрлэгийн хоолны мөнгө нэхвэл яана гэсэн зовлонг амсаж үзээгүй, амьдралаас тасархай улсууд. Ийм хүмүүс төр барихаар зовлон туулж байгаа ард түмнийхээ зовлонг огт ойлгохгүй байна гэж хэлээд ч нэмэр болоогүй.

Ямар ч л байсан, Засгийн газрын шийдвэр ингээд гарчихсан юм хойно одоо юу ч гэж гоншигоноод нэмэргүй. Яах вэ, 65, 75-тай хөгшчүүд 50 мянгаараа жаал зугаа юм авах л байх. Ядаж л тавгийн идээнийхээ хэвийн боовыг авчихад хүрэх байх л даа. Харин 80-аас дээш насныхан ууцны мөнгөө аргалах байх. Тэгээд ч улс хөрөнгө мөнгөтөй болоод, нүүрсээ гайгүй борлуулаад эхэлбэл улирал бүр өгөхөөр ярьж байгаа юм гэсэн. Оргүй ч гэсэн охинтой гэдэг шиг хоосон байснаас л дээр юм даа, нээрээ.

mminfo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler