| |
П.Цагаан: Савангийн дуурьт шимтэхийн хэрээр бидний соёлын дархлаа суларч байгааг анхаарах цаг болсон
Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр. Энэ өдрийг тохиолдуулан П.Цагаан санаачилж, хэвлүүлсэн "Дархад дууны цоморлог” номын нээлтийг хийлээ. Номын нээлтэд Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, Ч.Дүүжий болон эрдэмтэн судлаачид, Дархад зоны төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Нээлтийн үеэр П.Цагаан "2016 оны Улсын Их хурлын сонгуульд Монгол Улсынхаа хоймор нь болсон Хөвсгөл аймагт нэр дэвшсэн. Хэдийгээр УИХ-д сонгогдож чадаагүй ч байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөл далайг захлан суусан зон олонтой уулзан, учрах ховор завшаан олдсонд баяртай явдаг.
Нутгийн иргэдтэй уулзаж, ярилцаж явахдаа тэр хүмүүс өвөг дээдсийн маань 700-800 жилийн соёлын өв, хэл яриа, аялгууг өдий хүртэл хадгалан тээж явааг хараад бахархаж явлаа. Тэр дундаа дархад зон олны урлаг соёл, дуу хуурын гайхамшгийг мэдэрч,илүү олон хүнд сонсгож, мэдрүүлэх юмсан гэсэн чин хүсэл төрсөн. Тиймээс Бямбын Ринчин гуай "Амьд соёлын 700 жилийн түүх” гэж тодорхойлсон Дархад зоны дууг эмхэтгэн хэвлүүлье гэж бодсон” хэмээн ном бүтээх болсон тухайгаа ярив.
Мөн "Номынхоо нээлтийг Олон улсын эх хэлний өдөр нээж байгаа маань санамсаргүй үйл явдал биш юм. Монгол одоо хүртэл олон янзын аялгуугаар ярьж байна гэдэг Монгол үндэстэн агуу том, асар уудам нутагт тархан суурьшиж байсны баталгаа, бас бахархал юм. Тиймээс хойч үедээ Монгол Улсын оршин тогтнох дархлаа болсон эх хэл, соёлоо нандигнан үлдээх үйлсэд "далайд дусал нэмэр” болох үүднээс энэхүү номыг хэвлүүлэн гаргалаа.
Сүүлийн жилүүдэд монголчууд гаднын улсын "савангийн дуурь”-т хэт шимтэж тэр хэрээр тухайн улсын соёл эрчимтэй нэвтэрч байна. Нөгөө талдаа уламжлалт соёлын өвийг тээгчдийн тоо цөөрсөөр байна. Монгол Улс бусад улсаас ондооших, омогших тэр мөн чанар гээгдэж, соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай. Хүн төрөлхтөн одоогоор 6000 орчим хэлээр ярьж байгаагийн тал нь ойрын хугацаанд устаж үгүй болохоор байна гэсэн ЮНЕСКО-гийн судалгаа бий. Бид үүнийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Монгол монголоороо үлдэх боломж бол эх хэл, соёл юм Энэ удаад дархад зоны дууг нийтийн хүртээл болголоо. Цаашдаа буриад, урианхай, хотгойд, халх монгол гээд Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа зон олны ардын болон зохиолын дууг хадгалж хамгаалж нийтийн хүртээл болгож, хойч үедээ үлдээх нь бидний үүрэг” гэлээ.
Түүнчлэн ном бүтээх санааг ажил хэрэг болгох их ажлыг гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн хүмүүс болон Шинжлэх ухааны академийн судлаачид, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн судлаачид, Дархад зоны төлөөл Ч.Дүүжий, Батбаяр, яруу найрагч Мягмардорж, зайран Гансүх, Улаан уул сумын иргэн Шишгэдмаа болон бусад хүмүүст талархал илэрхийллээ.