| |
Ухралт
Уг нь Төрийн эрхийг барина гэдэг түүгээр тоглоно гэсэн үг биш. Гэтэл намууд сонгуульд илүү суудал авч, засгийн жолоог атгуутаа л төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүн үүрэг ролийг дураараа өөрчилдөг болов. Муухай дээр улцан гэгчээр Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд улам бүр муудаж, сүүлдээ олон улсад дампуурлаа зарлаж буй энэ цаг үед иймэрхүү өөрчлөлт хийгээд үнэхээр хэмнэж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл, төсвийн хэмнэлт нэрээр төрийн захиргааны бие даасан чиг үүрэг бүхий байгууллагуудыг нэгтгэдэг нь мөнгө хэмнэхээсээ, муу үр дагавар ихтэйг мэргэжлийнхэн, судлаачид хэлдэг боллоо. Хүмүүс санаж байгаа бол 2012 оноос хойш Тахарын албыг байгуулаад, 2016 оны сонгуулийн дараа татан буулгалаа. Мөн 2013 онд Боомтын нэгдсэн захиргааны газар байгуулаад, түүнийгээ жилийн дараа ГЕГ- т нэгтгэсэн. Бас ГЕГ-ыг ТЕГ-тай нэгтгэснийг сая МАН засгийн эрх аваад салгалаа. Түүнчлэн үүний нэг нь Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар хоёрыг нэгтгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар юм. Уг нь Оюуны өмчийн газар нь иргэн, хуулийн этгээдийн оюуны үйлээр бүтсэн шинэ бүтээлийг бүртгэх, түүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэн, хуулийн этгээдийг бүртгэх хэмээх бие даасан чиг үүрэгтэй юм. Гэтэл энэ хоёрыг УИХ-ын 2016 оны долдугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолоор нэгтгэжээ. Шуудхан хэлэхэд, ингэж хоёр том тогтолцоот чиг үүрэгтэй байгууллагыг нэгтгэснээр хоёр байгууллагын зорилго, үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг нь алдагдахад хүрч байгаа юм.
Тодруулбал, Оюуны өмчийн газрыг татан буулгаж, чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсэн явдал нь ухралт болжээ. Үндсэндээ ямар ч судалгаагүй гаргасан шийдвэр болсон хэрэг.
Монгол Улс 1979 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ДОӨБ /Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага/-ын гишүүн орон болсон. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцэд 1985 онд нэгдэн орсон.
Энэхүү конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу Монгол Улс Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхэлсэн тусгай албатай байх үүрэг хүлээсэн байдаг. Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт хамаардаг. Түүнчлэн 1990 онд Үндэсний хөгжлийн газар байгуулагдаж, түүний харьяа "Патент, барааны тэмдгийн газар” хэмээх бие даасан байгууллага анх байгуулагдсан нь Монгол Улс Парисын конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх том алхам болжээ.
Энэ нь шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ардчилал, зах зээлийн харилцааг хөгжүүлэх үйл явцын хүрээнд оюуны өмчийн бие даасан төрийн захиргааны байгууллагын тогтолцоог төлөвшүүлж бүрдүүлж чадсан том амжилт болсон гэдэг.
Өнөөгийн байдлаар дэлхий дахинд оюуны өмчийн байгууллагыг бүртгэлийн чиг үүрэг гэхээс илүү инновацийн үйл ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих үндсэн байгууллага гэж тодорхойлж буй. Тэгээд ч ОХУ, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд оюуны өмчийн асуудлыг иж бүрэн хамарсан Засгийн газрын бие даасан байгууллагыг "Энэ зууны хөгжил дэвшлийн үндэс нь инноваци, оюуны бүтээлийн үйлдвэрлэл юм” гэсэн үзэл баримтлалд суурилан байгуулж байна.
Үүнээс гадна дэлхий дээр оюуны өмчийн салбарт хоёр систем байдаг. Үүнд:
1. Мөн чанарын шүүлтийн бус систем. Энэ нь мэдүүлэг хүлээн авч, зөвхөн бүрдлийг хянаж, бүртгэж авдаг.
2. Мөн чанарын шүүлтийн систем. Энэ нь мэдүүлэг хүлээн авч, бүрдлийг хянан мөн чанарын шүүлт хийж /шинэлэгийг тогтоох/, эрхийн хамгаалалт олгох эсэх тал дээр дүгнэлт гаргаж шийдвэрлэдэг.
Мөн чанарын шүүлтийн систем нь эрхийн хамгаалалт олгодоггүй зөвхөн хадгалдаг, харин хамгаалалт биш юм. Олон улсад мөн чанарын шүүлтийн системийн бус орнууд маш цөөхөн үлдсэн /үүнд буурай хөгжилтэй ба Африкийн цөөн тооны жижиг улсууд/ бөгөөд эдгээр нь хүний нөөц болон эрх зүйн орчноо бүрдүүлэх замаар мөн чанарын шүүлтийн систем рүү шат дараалалтай шилжиж байна.
Монгол Улс мөн чанарын системтэй улс бөгөөд Эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа нь Патентийн тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль болон Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр болох "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай” Парисын конвенц, Патентийн хамтын ажиллагааны гэрээ, барааны тэмдгийн Мадридын хэлэлцээр, Мадридын хэлэлцээрийн протокол, бүтээгдэхүүний загварын Гаагийн хэлэлцээр, барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ зэргээр зохицуулагддаг. Патентийн хамтын ажиллагааны гэрээ, барааны тэмдгийн Мадридын хэлэлцээр, Мадридын хэлэлцээрийн протокол, бүтээгдэхүүний загварын Гаагийн хэлэлцээрийн дагуу Монгол Улс нь нэр заагдсан буюу хүлээн авагч байгууллага болдог. Бүртгэлийн системтэй болсноор дурдсан гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй болно. Үүнээс гадна "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр”-ийн 12 дугаар бүлэг бүхэлдээ Оюуны өмчид хамаарч байгаа бөгөөд уг бүлэг нь 19 зүйлтэй. 12 дугаар бүлгийн 12.1 дүгээр зүйлд "Талууд энэ бүлэг болон хоёр Талын нэгдэн орсон оюуны өмчид хамаарах олон улсын хэлэлцээрийн дагуу оюуны өмчийн зохистой, үр дүнтэй болон үл ялгаварласан хамгаалалт олгож, оюуны өмчийн эрхийг зөрчихийн эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл бид ийнхүү Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үүргээ шууд болон шууд бусаар зөрчиж, хамтын зорилгоо биелүүлэх нөхцөл боломжоо энэ мэтчилэн хаасаар байх уу.
Монгол Улсад 1965 оноос шинэ бүтээлд, 1969 оноос барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийж эхэлсэн. 2016 оны байдлаар Монгол Улсад нийт 4500 шинэ бүтээл, 2629 ашигтай загвар, 6597 бүтээгдэхүүний загвар, 57856 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийгдсэн байна. Нийт шинэ бүтээлийн 62 хувь, барааны тэмдгийн 88 хувь, бүтээгдэхүүний загварын 63хувь нь үндэсний хууль тогтоомж болон гадаад орнуудын хувь хүн, хуулийн этгээдийн нэр дээр эрхийн хамгаалалт хийгдсэн байдаг.
Манай улсын оюуны өмчийн тогтолцоо нь оюуны бүтээлийн баталгаажилт, өмчлөлийн статусыг тодорхойлох, оюуны бүтээлийн бүхий л төрөл зүйлийн хувьд өмчлөгч, эзэмшигч нарын эрхийг хамгаалах оюуны өмчийн талаарх олон улсын болон үндэсний нэгдсэн мэдээллийн орчинд хамаарах боломжийг бүрдүүлсэн тогтолцоо болж чадсан юм.
Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болсноор Монгол Улс бүртгэлийн системтэй болсон гэсэн ойлголтыг олон улсад өгөв. Үүний тод илрэл нь 2016 оны есдүгээр сараас олон улсын мэдүүлгийн тоо эрс буурсан байна. Мадридын хэлэлцээр, Мадридын хэлэлцээрийн Протокол болон Гаагийн хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нэр зааж ирүүлсэн барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авч, эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улс ДОӨБ-аас үйлчилгээний хөлсийг швейцарь франкаар авдаг. 2015 онд нийт 422503 шв.франк улсын төсөвт орсон байна. Зөвхөн бүртгэлийн байгууллага болсноор энэ орлого байхгүй болж байгаа юм.
Мөн хамгаалах бус зөвхөн бүртгэл хийх нь ДХБ-ын Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр буюуTRIPS-ын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайлбал хуурамч бараа, бүтээгдэхүүн буюу оюуны өмчийн хулгайтай тэмцэх, таслан зогсоох чиг үүрэг хэрэгжихгүй болно.
Ийнхүү Оюуны өмчийн зохистой эрх зүйн орчин бий болгохгүй, оюуны өмчийн зөрчилтэй эрс тэмцэхгүй үлбэгэр байх тохиолдолд Special 301Report-д Монгол Улс орох улмаар ДХБ-ын хар жагсаалтад орох магадлал өндөр болоод байгаа юм.
Эцэст нь, Төрийн төсвийг хэмнэх нэрийдлээр захиргааны хэдэн байгууллагаа ийнхүү судалгаа, шинжилгээний үндэсгүйгээр нэгтгэх нь хожим үүсэх сөрөг олон үр дагаврыг авчирна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагч нь дотогшоо чиглэсэн буюу бүртгэгчтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Харин Оюуны өмчийн байцаагч нь гадагшаа чиглэсэн буюу оюуны өмчийн эрх эзэмшигчийн гаргасан гомдлын дагуу эрх зөрчсөн хэрэгт хяналт хийж шийдвэрлэдэг. Өнөөдөр ОӨУБЕГ-ын хяналтын газар энэхүү хоёр төрлөөр хяналт хийж байгаа боловч уялдаа холбоо байхгүй, мэргэшсэн байцаагч дутмагаас Оюуны өмчийн хяналтын ажил зогсонги байдалд байгаа ажээ.
Энэ мэтээр Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйд хүрч, хөгжил дорой орны тоонд орж ухарсаар л байх уу...
З.СҮХ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин