| |
Олны танил эрхмүүдийн ХӨГЖИЛТЭЙ түүхээс
Амьдралын энэ замд хүүхэд нас шиг хөгжилтэй цагаахан үе гэж юусан билээ. Агуу ихийн мөрөөдөлд автчихаад ёстой л дүүлэн нисдэг шүү дээ. За тэгээд хүүхэд насанд тохиолдсон хөгтэй явдлыг өдгөө хаа нэгэнтээ сөхчихөөд таатайхан инээмсэглэцгээдэг. Бид энд олны танил эрхмүүдийн тэр л хүүхэд насны хөгжилтэй дурсамжуудаас хүргэж байна.
УДЭТ-ын найруулагч, жүжигчин Пара
Төрийн соёрхолт найруулагчийн авьяас чадварыг харуулсан олон бүтээлийг үзэгчид сэтгэл хангалуун хүлээн авдаг. Найруулна, дуулна, жүжиглэнэ гээд л юм юмны захтай түүний хүүхэд нас хөдөө өнгөрсөн гэдэг. Эмээ өвөөгийн гар дээр өссөн тэрээр ардын сургуульд орох жилээ хотын иргэн болж л дээ. Төмөр замд аав ээж дээрээ ирсэн жаалхүү эрхэлнэ гэдгийг харин ч нэг үзүүлнэ. Өвөө жаахан хатуухан гараар барьдаг байсан гэх. Нэгэн удаа төмөр замд байрныхаа гадаа тэвэг угсруулан өшиглөөд хамаг ухаан санаа өнөө тэвгэндээ орох шахчихсан байж л дээ. Санамсаргүй нэг хартал томоо ногоон дээлтэй өвөө том том алхаад л ирж байна. Ахиулаад хартал өвөө нь байх нь тэр. Сандарсандаа өмнөөс нь гүйгээд очтол алгадаад авчээ. Наранбаатарын бяцхан зүрх бараг л амаараа гарах шахам сандарсан гэдэг. Гэтэл өвөө алгадаад зогссонгүй байрны хүүхдүүдийн өмнө "алган боов”-ны амтыг үзүүлэх нь тэр. Хүүхдүүд шаваад зогсчихсон өвөө нь "Ингээд тэвэг тогло” гээд л. Тэрнээс хойш хэсэгтээ л ичээд гэрээсээ гарч чадахгүй дэмий цонхоороо харж шаналаад л. Хэсэг хугацааны дараа байрны гадаа мөнгөдөж байгаа хүүхдүүдийн дунд чимээгүйхэн орж сууснаар тэр явдал чимээгүй өнгөрсөн гэнэ лээ.
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав
Тэрээр Төв аймагт төрж, тэндээ бага дунд сургуулиа дүүргэсэн юм билээ. Хүүхэд байхдаа их ичимхий хөвгүүн байсан гэдэг. Нэгэн удаа хичээл дээрээ сууж байхад нь нээм нь орж ирээд хичээл орж байгаа гэдгийг анзаарах сөхөөгүй "Хөөе Сүрэнжав зэвхий золиг тэмээний бурантаг яасан. Тэмээ бурантагаа тасдаад баруун хамар даваад явчихлаа. Араас нь яв” гээд их л уурсан хэлж л дээ. Дэмий л сандрахдаа багш руугаа хартал "яв яв” хэмээн нүдээрээ хэлэх нь тэр. Ичсэндээ ум хумгүй л ангиас гарч өнөө гайхал тэмээнүүдийн хойноос явж л дээ. Гэхдээ тэмээгээ яаж олох вэ гэхээс илүү ангидаа яаж буцаад орно доо гэсэн бодол толгойд нь эргэлдэж ичиж үхэхээ шахаж байсан даа гэж буурал найрагч одоо ч дурсан ярих дуртай юм билээ.
"Х Түц"-ийн жүжигчин Онон
Түүнийг өдгөө хүүхдийн дүрд тоглохыг харах үзэгчид дуртай. Нэг тийм эрх, тэрүүхэндээ бондгор хөөрхөн хүү болчихсон байдаг шүү дээ. Онон айлын ганц хүү гэсэн. Тухайн үеийн хөвгүүдийнхээ адилаар коньки, нохой хоёртой болохсон гэж мөрөөдөнө. Нэгэн удаа аав нь гадагшаа ажлаар яваад ирэхдээ хүүгийнхээ мөрөөдлийн конькиг авчирч л дээ. Ямар удаан мөрөөдсөн эд билээ. Үдээсээр нь хооронд нь холбож уяад мөрөн дээрээ тохоод парк орж гулгахаар мань Онон гарах нь тэр. Байрнаасаа гараад удаа ч үгүй мөсөн дээр хальтраад толгойгоо хагалж ухаан алдан бөөн хэрэг мандаж л дээ. Аав нь яагаад толгойгоо хагалсан тухай асуутал сандарсан жаалхүү хүүхдүүд миний конькиг дээрэмдэх гээд худлаа залчихсан аж. Тэгтэл байдал бүр дордож цагдаа сэргийлэхдээ хүрчээ. Ямар хүмүүс байсан гэхээр нь нүд нь бүлтэгнэж байгаад л санаанаасаа зохиогоод авч өгч. Үүнээс үүдээд нэг хэсэгтээ л байцаагдаж баларсан гэнэ лээ.
МУГТ О.Пүрэвбаатар
Монгол Улсын гавьяат та¬мирчин, Дэлхийн хошой мөн¬гөн медальт О.Пүрэв¬баатарын хүүхэд нас Яармагийн дэнжид өнгөрсөн. Тэрээр тэрсхэн өссөн ах дүү дөрвийн дундах нь. Тэднийг багад нь эмээ нь харж өнжинө. Хөвгүүд эмээдээ туслахын хажуугаар эмээгийн найз хөгшчүүлд туслах ажлыг бас гүйцэтгэнэ. Түлээ хагалж, усанд явж, нүүрс зөөх гээд л бяцхан хөвгүүдэд ажил мундахгүй. Гавьяат гурав дөрвөн настайдаа нэгэн удаа муу усны нүхний таглаан дээр гишгэж холбироод толгойгоо хагалж бүүр эмнэлэгт хүргэгдээд авч л дээ. Тэрээр дүүтэйгээ тун адилхан болохоор мэдэхгүй нэгэн бол андуурах бол юу биш. Дээр нь хоёулаа үсээ хусчихдаг байсан гэнэ. Тэгээд хоёулаа зэрэгцэж буруу харж зогсчихоод эмээгээсээ "бид хоёрын аль нь Баадай вэ” гэхээр төвөггүй л түүнийг олчихоод байж гэнэ. Эмээ хараа муутай байж яаж мэдээд байнаа гэж гайхтал өнөө толгойны гайхал сорвиор л олчихдог байжээ. Тэрээр тэшүүртэй болж уулын уруу гулгахсан гэж мөрөөднө. Гэхдээ ээж эмээгээс нэхэж үл зүрхлэнэ. Тэгээд хот орж нэг төгрөгөөр загас худалдаж аваад Яармагтаа хоёр төгрөгөөр зарж хөөрхөн наймаа эрхлэн тэшүүртэй болж байсан гэж байгаа. Хөвгүүд л болсон хойно хөгийн юм сэтгэхийг алийг тэр гэхэв. Нэгэн өвөл үргэлжийн гулгаж байх гуталтай болох гээд улыг нь хайраад мөлгөр болгоод орхиж л дээ. Хэсэгтээ сайхан санагдсан ч удалгүй өнөө мөлгөр ултай гутлаас болж амар тайвнаар томхон алхаад явж чадахаа байжээ.
Жүжигчин Чапи
Тэрээр хүүхэд байхын л их сониуч бас дээр нь шооч нөхөр байсан гэдэг. Нэгэн удаа мань Чапи тамхи татаж үзэхээр шийдэж л дээ. Нүүрсний амбаарт орж байгаад л өнөө хүсэл болоод байсан тамхиа асаагаад сорж ч амжаагүй байтал хэн нэгний хөлийн чимээ сонстох нь тэр. Буруу юм хийж байгаа хүн ямар олиг байх билээ. Сандарсандаа нүдэнд хамгийн түрүүнд харагдсан хөвөнтэй хучлаганы доогуур тамхиа хийчихээд гараад иржээ. Цааш юу болох нь тодорхой. Түймэр асч галын машин дохиогоо хангинуулан ирэхэд хэргийн эзэн айхдаа нуугдчихжээ. Дараа нь байдал намжсаныы дараа хулган хулган гэртээ ороход ээж аав нь ямар буруу үйлдэл хийсэн болохыг гар хүрэлгүй ойлгуулж чаджээ. Чапи өдгөө хүүхэд багачууад энэ дурсамжаа хаа нэг сөхөн, саваагүй явдал сайн юманд хүргэдэггүй гэдгийг юм үзэж нүд тайлсан хүний хувьд сануулдаг гэнэ.
Эх сурвалж: www.PRNEWS.mn