|
Видео

Шинэ мэдээ

Б.Булган л бүгдийг “МЭДНЭ”

 

Б.Булган л бүгдийг “МЭДНЭ”

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын гурван иргэн анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял сонсоод буй. Харин яллагдсан хүмүүсийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, тэднийг хэрэг хийгээгүй байхад нь гүтгэж байна хэмээгээд байгаа юм.

 

УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хяналтын прокурор Ц.Өлзийжаргал "Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар аллага гарсны дараах гэрчүүдийн мэдүүлсэн ам зурагтай адилхан байсан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэв.

 

Харин хэрэг гарах үед яллагдагч Т.Чимгээ 25, Ц.Амгаланбаатар 16 настай, Б.Содномдаржаа 23 настай байсан гэдэг. Дөнгөж л нас биед хүрч явсан залуучууд ямар зорилгоор С.Зориг агсны амийг хөнөөсөн байх вэ?

 

Шүүхээс тэднийг "Шунахайн сэдэлтэйгээр, захиалгаар аллага үйлдсэн” гэж яллаад буй. Одоо Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид хамтран С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан этгээдийг илрүүлэхээр ажиллаж байна.

 

С.Зоригийн хэргийн шүүх хурлыг улсын нууц хэмээн хаалттай явуулсан.

Түүгээр ч барахгүй хэргийн гол гэрч болох С.Зориг агсантай зургаан жил хамтран амьдарсан Б.Булганыг шүүх хуралд оролцуулсангүй. Гэрчийн мэдүүлэггүйгээр хэрэг шийдвэрлэсэн тохиолдол Монголд анх удаа гарч буй нь энэ юм. 18 жилийн турш таван засаг дамжсан энэ хэргийг шийдэгдсэн гэж үзвэл шударга бус болно. Магадгүй "Улс төрд орж байгаа бол "Эрдэнэт”-ийн хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг хоёроор хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй биш бололтой.

 

Учир нь энэ хэргээс үүдэж 10 гаруй хүн учир битүүлгээр амиа алдсан байдаг.

 

Магадгүй хэвлэл мэдээллээр гарсанчлан хэргийг баллах зорилгоор улстөрчдийн даалгаврыг өвөртлөн эрхэм дарга нар цагдаа шүүх, прокурорын байгууллагуудад томилогддог байсан ч байж мэднэ. 18 жил илрээгүй хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн алуурчдаа олж, ял оноосон нь бас л сонин. Хэн нэгэн хүн энэ хэргийг хурдхан шиг хаахыг хүсэв үү? Тийм бол тэр нь хэн байж болох вэ?

С.Зоригийн хэргийн захиалагчийн тухай ярихаар "Эрдэнэт” үйлдвэрийн дарга, агсан Ш.Отгонбилэг, түүний хоёр бие хамгаалагчийн нэр ёс юм шиг дагадаг. Тухайн үед шинэ Ерөнхий сайдад С.Зоригийг томилохоор ярилцаж байсан бөгөөд хэрэг гардгийн маргааш энэ асуудлаар УИХ хуралдах байжээ. Монгол Улсын Ерөнхий сайд болдогийнхоо дөнгөж өмнөхөн бусдын гарт амиа алдсан нь энэ хэргийг жирийн нэг хүүхдүүд хийчих хэрэг биш гэдэг нь тодоос тод харагдана. Гэвч шүүх нэгэнт шийдвэрээ гаргасан. Тэд хэргийг НОТЛОГДСОН гэж үзэж ял шийтгэл ОНОГДУУЛСАН.

 

Хэрэв захиалагч нь Ш.Отгонбилэг юм бол түүнийг амиа алдсаны дараагаар хэргийг хэн нуун дарагдуулж байсан байж болох вэ?

Хэргийн гол гэрч Б.Булган өдийг хүртэл чимээгүй байсаар. Түүнийг  жил тойрон хорьж, Улсын баатар Э.Бат-Үүлийг сэжигтнээр бус яллагдагчаар татсан ч хэрэгсэхгүй болгосон ойлгомжгүй зүйл энэ хэргийн гол зангилаа ч байж мэднэ.

 

Б.Булган л бүгдийг мэднэ

Б.Булганыг хоригдож байх явцад нэр бүхий УИХ-ын гишүүд санаа тавин асарч байсан гэдэг. Тиймдээ ч тэрбээр батлан даалтаар суллагдсаныхаа дараагаар төрийн ордноор ороод гарчээ. Тухайн үед Б.Булган "Гэмт этгээдүүд эрэгтэй эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан. Эрдэнэтийн төлөө та нарыг бүгдийг чинь ална, Одоо Бат-Үүлийг ална” гэсэн хэмээн мэдүүлж байжээ.

Түүнийг 1999 оны гуравдугаар сард цагдан хориод 14 хоногийн дараа хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байна.

 

Б.Булганыг саатуулах үед түүнийг өмгөөлөгчөөс нь өөр хүнтэй уулзуулаагүй бөгөөд байцаалтын үед тэрбээр юу ч яриагүй аж. Мөн шинэчилсэн мөрдөн байцаалтын үед Б.Булган ихэд сандарч, айж балмагдан цочролд орсон талаар хэвлэлүүд мэдээлж байжээ.

 

Харин түүний өмгөөлөгч байсан Н.Энхбат энэхүү мэдээллийг няцааж, түүнийг маш тайван, тэвчээртэйгээр байцаалтыг дуусгасан хэмээсэн байна. Тодруулбал, өмгөөлөгч А.Энхбаяр "Өдрийн сонин”-ны 1999 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа "Би Булганд итгэж байна. Түүний буруугүй гэдгийг нотолно. Б.Булган ч үүнд итгэлтэй байгаа. Б.Булганыг ганцааранг нь нэг өрөөнд хориогүй. Дөрвөн хүнтэй камерт хорьж, бусдын адил байцаалт авсан” хэмээн ярьжээ.

 

Харин хэргийн газрын цорын ганц гэрч гэгддэг Б.Булганы мэдүүлэг анхныхаасаа зөрж, ам зургийг худал гаргаж өгсөн нь хэргийг будлиантуулсан хэмээн тухайн үеийн зарим хэвлэлүүд мэдээлж байжээ.

 

Түүнчлэн Б.Булганыг саатуулах үед түүний хувцасны халаас дахь номны завсарт талийгаачийн нэгэн зураг хавчуулаастай байсан нь цагдаагийнхны анхаарлыг татсан гэдэг.

 

Энэ хэргийг хэзээ ч илрэхгүй хэмээн нэг үе цуурсан. Учир нь хэргийн газарт 70 гаруй хүн ороод гарчээ. Түүгээрч зогсохгүй Б.Булган хүмүүс ирнэ хэмээн үүднийхээ дрожийг хуулчихсан, обойгоо цэвэрлээд, энд тэнд үсэрсэн цусны толбыг угаачихсан байсан гэдэг.

Энэ тухай прокурор Д.Даваадорж "Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон.  Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр байсан юм билээ. Хэргийн эд мөрийн чухал баримт байж болох энэхүү хивсэнцрийн талаар элдэв янзын мэдээлэл байдаг” гэсэн байна.

 

Тухайн үед 40 шүргэж явсан эмэгтэй хэргийн газрыг нотлох баримт гэж үзээд нэг ч гар хүрч болдоггүй гэдгийг мэдэх л учиртай. Тэгээд ч эр нөхөр нь бусдын гарт амиа алдчихаад байхад хүмүүс ирнэ гээд гэрээ цэвэрлэж байсан гэхээр нэг л үнэмшилгүй. Мөн хамгийн гол нь хэрэгтнүүд С.Зориг агсныг 18 удаа хэрцгийгээр хутгалж хөнөөчихөөд Б.Булганы хоёр хурууг нь хүлээд угаалгын өрөөнд түгжсэн гэхээр нэг л санаанд багтмааргүй.

 

Яах гэж гэрч үлдээв?

Мөн өдий болтол Б.Булганыг хэн хамгаалж, арыг нь даасаар ирэв. Гол гэрчээ шүүх хуралд оролцуулалгүй хэрэгтнүүдэд ял оноосон Монголын шүүх ямар учраас Б.Булганыг хамгаалаад байна вэ гэдэг үүрд оньсого хэвээр үлдэх вий.

 

 

 

www.zindaa.mn 

Б.Энх-Уянга



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler