| |
Б.Булган гэрчийн мэдүүлэг өгөх үү?
С.Зоригийг хөнөөсөн хэргийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал эхлэх үед өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах, гэрчүүд оролцуулах хүсэлт гаргаснаар ийн хойшилсон.
Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун нар оролцох товыг шүүхээс гаргаад буй.
Монгол Улсын Ерөнхий сайд болох гэж байсан нэртэй улстөрчийн аминд хүрсэн хэрэг 18 жилийн дараа шүүхийн шатанд шилжихдээ ахуйн сэдэлтэй болж хувирсан нь олон нийтийг гайхшруулаад байна. Улс төрийн захиалгат гэж олон улстөрч үеийн үед шоу хийж, хууль хяналтынхан ч тухайн цаг үед ийм мэдэгдлийг хийж байсан.
Үүнээс гадна нөхрийнхөө үхлийг харсан цорын ганц хүн болох Б.Булган өнөөдөр хэн болж таарав гэдэг асуудал бүрхэг болоод байна. Өнгөрсөн 18 жилийн турш хэргийг хэн үйлдсэн, хэн захиалсан тухай асуудал зөвхөн С.Зориг агсны ар гэрийнхэнд бус Монгол түмний анхаарлын төвд байсан. Хэргийн тухайд анхнаас нь маш нууцын зэрэглэлд хамруулсан эрүүл ухаантай хэнбугайд ч Б.Булган гэрч гэдэг нь ойлгомжтой хэрэг байв. Гэтэл өнгөрсөн жилээс хуулийнхан Б.Булганыг яллагдагчаар татан жил орчим хорьсон. Хэрэг шүүхэд шилжихээс хоёр сарын өмнө хуулийнхан Б.Булганыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаснаа мэдэгдсэн.
Гэтэл өнөөдөр хэргийн шүүгдэгчид, хохирогчид шүүхийн танхимд цуглахад Б.Булган алга байна. Зарим эх сурвалж Б.Булганыг яллагдагчаар татсан учир хэргийн гэрч биш гэцгээж байна. Харин хуульчид нэгэнт анхнаасаа Б.Булган гэрчээр татагдсан. Түүнээс хойш сэжигтэн, яллагдагчаар татагдаж болох ч нэгэнт л анх гэрчээр татагдсан бол гэрч гэсэн үг хэмээн тайлбарлаж байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаар өмгөөлөгчид гэрчүүд оролцуулах хүсэлт гаргасан гэж байгаа. Гэрчээр Б.Булганыг дуудсан эсэхийг өнөөдөр шүүхийнхэн болон өмгөөлөгчид нууцалж байна.
Ерөөс 18 жилийн өмнө бараг нүднийх нь өмнө нөхрийнх нь амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүхэд Б.Булган гэрчээр оролцох зүй ёсны хэрэг байх ёстой. Гэтэл Б.Булган "сураггүй” байгаа нь хэргийн үнэн мөн, эзэн холбогдогчдыг тогтоох ажиллагаа замхрах вий гэх хардлага төрж байна.
Б.ЗАЯА