| |
Зайсангийн уугуул 16 иргэнд газрын гэрчилгээг нь гардууллаа
Нийслэлийн ХУД-ийн 3,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул 16 иргэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа.
Уг ажлыг судлан шийдвэрлэх ажлын хэсэг газрын давхцалгүй, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй эдгээр 16 иргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэжээ.
Тус арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол иргэдэд хандан "Богдхан Уулын Зайсангийн ам болон Арцтын аманд олон жил амьдарч байгаа иргэдийн газрын асуудал шийдэгдэхгүй олон жил явж ирсэн. Миний бие эдгээр иргэддээ газар олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг анх гаргаж байсан. Ингээд зөвшөөрөлгүй оршин сууж байсан иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд нийт 571 иргэнд 51.16 га газрыг "Бичил эко аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгоод байна.
Газар ашиглах эрхийн гэрчилгээ авч байгаа иргэд газраа байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглаж Хамгаалалтын захиргааны тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
Уг ажлыг БОАЖ-ын сайдын "Газар ашиглах эрх олгох тухай” А-143 дугаар тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлсэн билээ. Ажлын хэсэг 1966 оноос өмнө амьдарч байсан иргэдийн дунд судалгаа явуулж, уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийн эдгээр 16 иргэнд газрын гэрчилгээг нь олгохоор болсон байна гэж БОАЖЯ-ны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.