|
Видео

Шинэ мэдээ

"Цоожтой хаалга"-ны цаадах аюул

Таван настай хүүхэд ойтой, дөрөвтэй хоёр дүүтэйгээ шатаж амиа алдсан мэдээ хүн бүрийн зүрхийг зүслээ. Мэдээг уншсан хүмүүсийн сэтгэл өдөржингөө хямарч явсан байх. Албаны эх сурвалжуудын ярьж байгаагаар том нь дүү нараа тэврээд буланд суусан чигтээ амиа алдсан гэх. Ийм аймшигтай мэдээг сонссон хүн бүрийн сэтгэл эмтэрч, зүрх зүсэгдэж байна. Гэхдээ хэн нэгнийг буруутгаж, хүний мууг үзэж, нас барсан хүүхдүүдийн ясыг өндөлзүүлэх гэсэнгүй. Энэ их уй гашуу, харууслаас эцэг эхчүүддээ сэрэмжлүүлэг хүргэж, "Цоожтой хаалга"-ны цаана хүүхдүүд ахиж битгий эндээсэй гэсэндээ бичиж сууна.

Хүүхдүүд амиа алдсан тоо баримтаас дурдвал, дийлэнх нь халуунд тогоонд түлэгдэж, эцэг эх нь гэртээ цоожилж явсанаас галд өртөх, цонхноос унах, зам тээврийн осолд өртөх тохиолдлууд эзэлж байна.

Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Баянхонгор аймаг Баянхонгор сумын 3-р багт суух 1 настай эрэгтэй Д гэртээ халуун усанд түлэгдэж нас барсан, өнгөрсөн наймдугаар сард Булган аймаг Баяннуур сумын харьяат 8 сартай эмэгтэй Н нь гэртээ халуун тогоотой мах татаж асган, цээж, бүсэлхий хэсгээр түлэгдсэн, өнгөрсөн тавдугаар сард 2 настай эрэгтэй Ү нь халуун тогоотой хоолонд унаж түлэгдэн нас барсан гээд золгүй тохиолдлууд олон гарчээ. 

Хэдийгээр цагдаагийн байгууллагаас хүүхэд жорлонгийн нүхэнд унаж амиа алдлаа, машины ард зогсож байхад нь хараагүйн улмаас дайрч амь насанд нь хүрлээ, гэртээ эзгүй орхисноос тагтнаас унаж амиа алдлаа гэх сэрэмжлүүлгийг тухай бүрт нь хүргэдэг ч бага насны хүүхэд амиа алдах хэрэг буурахгүй байгаа нь туйлын харамсалтай.

Он гарсаар улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдсэнээс гал түймэрт 50 хүн амь насаа алдсан, амиа алдсан 50 хүний 16 нь бага насны хүүхэд байсан гэх зүрх эмтэрмээр тоо баримт байгаа юм

Өнгөрсөн оны тавдугаар сард Хөвсгөл аймагт нэг айлын гурван хүүхэд, тодруулбал 2-10 насны  өнгөрсөн есдүгээр сард Өмнөговь аймагт нэг айлын 1-3 насны хүүхдүүд гэртээ шатаж амиа алдсан гэх зүрх зүсэгдэм хэргүүдийг мартаж амжаагүй байтал дахин гурван хүүхэд шатаж амиа алдлаа. 

Галд өртөж амиа алдсан хүүхдүүд ихэвчлэн "Цоожтой хаалга"-ны цаана үлдсэнээс болж, ийнхүү өөрсдийгөө аварч чадалгүй аюулд өртөж байна. Тэртээ тэргүй үрээ алдсан эцэг эхчүүд өдийд галзуурахын наана үсээ зулгаан сууж байгаа. Тиймээс эцэг эхийн хараа хяналт сул байна гэж зэмлэхээ болъё. Сургууль цэцэрлэг хүрэлцээтэй байсан бол гэх улиг болсон үгнүүдээ мартъя. Ар гэрээ тэжээж, хэдэн төгрөг олж амжиргаагаа залгуулахын тулд л бяцхан үрсээ орхиж явсан байж таараа. Тэгэхээр нөхцөл байдал нэгэнтээ ийм байгаагаас хойш хүүхдүүддээ ядаж "цоожтой хаалга"-ны цаана үлдээхээ болъё.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж байгаа боловч үнэн хэрэгтээ аюул тулгарахад хүүхдүүд "цоожтой хаалга"-ны цаана амиа алдсаар. Хэрвээ гал гарахад, аюул тулгарахад хаалга онгорхой байсан бол дүү нараа тэврээд буланд суух биш, түлэгдээд ч болов гарч амжих байсан болов уу, яаж ийгээд гаднаас хүмүүс ороод туслах байсан болов уу гэх харуусал байна.

Ялангуяа хүйтний эрч чангарч ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байгаа энэ цагт хүүхдүүдээ "цоожтой хаалга"-ны цаана үлдээхгүй байя. Хараа хяналтаа чангатгая. Өвлийн цагт гал гарч буй шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэж байна гэж Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. Тиймээс бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй, орхихгүй байя. Орхилоо ч ядаж "цоожтой хаалга"-ны цаана бүү үлдээгээч гэж эцэг эхчүүддээ аминчлан захимаар байна. Хажуу айл, хамар хашааных нь айл өрхүүд гэртээ эзгүй үлддэг хүүхдүүдийг байн байн эргэж тойрч байгаарай гэж хэлмээр байна. 

Зовлон гэдэг хэлж ирдэггүй "Цоожтой хаалга"-ны цаадах аюулыг хэн ч тааж мэдэхгүй. Тиймээс дахин хэлье. "Цоожтой хаалга"-ны цаана бяцхан үрсээ бүү үлдээгээрэй

Б.Чимэг 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler